Манай судалгаа | Б.Жаргалан: “Археологи бол хүн төрөлхтөнтэй холбоотой үзэгдэл, үйл явцыг нэн эрт үеэс эхлэн тодруулах, ойлгох боломж олгодог шинжлэх ухаан юм”

Share Button

Б.Жаргалан: “Археологи бол хүн төрөлхтөнтэй холбоотой үзэгдэл, үйл явцыг нэн эрт үеэс эхлэн тодруулах, ойлгох боломж олгодог шинжлэх ухаан юм”

МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс эрхлэн бэлтгэдэг “Манай судалгаа-Бид юу судалдаг вэ?” мультимедиа нийтлэлийн баг Булган аймгийн Тэшиг сум, Хужирт баг, Тарвагатайн хөндийд МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш Б.Жаргалангийн ахалж буй археологийн малтлагын талбайг зорьсон юм. Б.Жаргалан доктор бол АНУ-ын Йелийн их сургуульд /Yale University/ докторын зэрэг хамгаалсан анхны Монгол хүн. Түүний судалгааны ажил нь Монголын археологийн салбарт шинээр хөгжиж буй “Нүүдэлчдийн сууцны археологи”.

Өнгөрөгч онд Монгол хүн бие даан археологийн малтлага хийсний 80 жилийн ой тохиожээ. МУИС-ийн ахлах багш Б.Жаргалангийн хувьд арвин түүхтэй Монголын археологийн салбарт нэгэн шинэ зам гарган түүчээлж байна.

Овог, нэр: Бүрэнтогтохын Жаргалан

Мэргэжил: Археологич, багш

Албан тушаал: МУИС-ийн ахлах багш

Заадаг хичээл: Керамик судлал, Дэлхийн эртний агуу соёл иргэншлүүд /НУС-ын мэргэжлийн суурь/, Баруун Азийн археологи, Археологийн шинжлэх ухааны түүх, Археологийн үндэс /ерөнхий суурь/, Археологийн орчин үеийн чиглэлүүд, Археологийн ба түүхийн эх сурвалж

Судалгааны чиглэл: Онолын археологи, антропологийн археологи, нүүдэлчдийн археологи, тал нутгийн археологи, сууцны археологи, чулуун байгууламжийн археологи

Судалгааны ажлын тань талаар холбогдох боломжтой цахим хаяг: jargalanb@num.edu.mn

Хамгийн анхны судалгаа

Хамгийн анхны судалгааны ажил маань оюутан байх үедээ олж илрүүлсэн нэгэн сонин олдворыг төгссөнийхөө дараагаар, ШУА-ийн Археологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болж орсны дараагаар судалгаа хийж байсан санагдаж байна. Тэр бол 2000 гаруй жилийн өмнө хамаарагдах Дундговь аймгийн Бага газрын чулуу, Хүннүгийн үеийн оршуулганаас илэрч байсан чулуун, хоёр зүүлт байдаг. Өөрийн гэсэн маш өвөрмөц хэлбэр загвартай зүүлт байсан. Нэг нь хүний гарыг салаавчилсан хэлбэрээр дүрсэлсэн, уртаараа 3 хүрэхгүй см, гэхдээ маш нарийн хийцтэй. Нөгөө нь толгой хэсэг нь хугарч унасан ч гэсэн доод бусад хэсэг нь үлдсэн, эрэгтэй, булчинлаг, шалдан хүнийг дүрсэлсэн, жижигхэн зүүлт олж байсан. Хийц загвар, дүрсэлсэн дүрслэл, өнгө, хийсэн материал нь сонирхол татаж, энэ эд зүйлс чухам хаанаас гаралтай байж болох талаар, түүнийг тодруулах судалгаа бол миний анхны судалгаа байсан гэж санаж байна. Эдгээр хоёр төрлийн эд зүйлс маань Хүннүгийн оршин тогтнож байх үед Газар дундын тэнгис орчмоор, Египет, Грек, Ромын бүс нутгуудад түгээмэл хэрэглэгдэж байсан зүүлт байсан. Салаавчилсан зүүлт гэдэг нь тухайн газар нутагтаа Чөтгөрийн нүд гэж нэрлэгдэж, жирэмсэн эмэгтэйчүүдийг төрөх үед нь золгүй явдлаас хамгаалах, зарим тохиолдолд биеэ үнэлэгчдийг аюулаас, элдэв төрлийн өвчнөөс хамгаалах бэлгэдэлтэйгээр зүүдэг байжээ. Харин нөгөө зүүлт буюу нүцгэн эрийн дүрслэл бол хэв загварын хувьд эртний Египетийн олон бурхадын нэг Бээс гэж арслан толгойтой, булчинлаг эрэгтэй нүцгэн эрээр дүрсэлдэг байсантэй маш төстэй байсан. Хийц, загвар, өнгөний хувьд Фаянс буюу Нил мөрнөөс гаргаж авч боловсруулсан шавраар хийсэн зүүлт болж таарсан.

Чухам өнөөгийн Дундговь аймгийн Бага газрын чулуу, тэр орчимд амьдарч байсан Хүннүгийн үеийн эмэгтэй хүнд эдгээр зүүлт ирэхдээ ямар ойлголт, бэлгэдэлтэй ирсэн, тухайн хүн ямар зүйлийг бэлгэдэж хэрэглэж байсныг бид шууд хэлж чадахгүй байх. Гэхдээ эдгээр олдворууд энэ газар нутгаас олдож байна гэдэг нь тухайн үед, өөрөөр хэлбэл 2000 гаруй жилийн тэртээх үед Монголын тал нутгаар амьдарч байсан нүүдэлчид маань худалдаа, арилжаа, солилцооны сүлжээнээс байнга биш гэхэд ямар нэгэн зүйл олох, магадгүй юм нийлүүлэх нөхцөл байдалтай байжээ гэдгийг археологийн эд мөрийн баримтаар тогтоосон чухал ач холбогдолтой юм.

 

Та одоо ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?

Доктор Б.Жаргалангийн Тарвагатайн хөндийд хийж буй судалгаагаар төмрийн түрүү үед хамрагдах улирлын шинж чанартай ашиглаж байсан нүүдэлчдийн сууцыг олсон байна. Уг сууц дугуй хэлбэртэй, ойролцоогоор 4м голчтой, өмнө зүг харсан үүдтэй болох нь тогтоогдсон бөгөөд газар зүйн байршил болон сууцнаас олдсон олдворуудыг анчин, түүвэрлэгч нарын судалгааны үр дүнтэй харьцуулвал мал аж ахуй эрхэлж байсан хүмүүсийнх болох нь тогтоогджээ.

 

Танай салбарын онцлог?

Хүн төрөлхтний өнгөрсөн үеийг судлах хэд хэдэн салбар шинжлэх ухаан бий. Хамгийн голлох үүрэг гүйцэтгэх нь түүхийн шинжлэх ухаан байдаг. Түүнтэй хавсарч, бусад шинжлэх ухааныг ашиглаж тухайн үеийн нөхцөл байдал, өмнөх үеийн хүн гэдгийг зөвхөн хүнээр нь судлах бус тухайн орчин, байгаль цаг уур гэх мэт зүйлүүдтэй хослуулан судлах юм бол хүмүүс хэрхэн яаж амьдарч байсан, яагаад нүүдэллэх болсон, өөр хүмүүс дайжиж ирэх болсон шалтгаан зэргийг тогтоох боломж бий. Өмнөх үеийн нийгэм, соёлыг зөвхөн танин мэдэх, тодорхойлох, нээх биш нийгэмд болж байсан үйл явцыг тайлбарлах, яагаад, хэрхэн гэх мэт асуултуудыг боловсруулан түүнд хариулах зорилгыг археологийн шинжлэх ухаан өмнөө тавьсан байдаг. Тэгэхээр археологийн шинжлэх ухааны хамгийн гол зүйл нь эд өлгийн зүйлээр дамжуулан тэдгээрийг судлах байдаг. Эд өлгийн зүйл гэдэг маань биет хэрэглэгдэхүүн буюу дурсгалт газрууд, хот хэрмүүд, оршуулга, сууц гэх мэт дурсгалуудаас гадна олдож буй яснууд, байгалийн бусад баримтууд, хөрс шороо, үр тариа будаа зэрэг зүйлсийг археологийн судлаачид бусад судлаачидтай хамтран тодруулах, хариулт боловсруулдаг. Түүхийн шинжлэх ухааныг бид сайн мэднэ. Түүх бол ихэнхдээ бичигдсэн сурвалж дээр тулгуурлан өмнөх үеийн ойлголтыг боловсруулдаг. Зарим тохиолдолд түүхийн сурвалжуудад бүх газрын, бүх ард түмний талаарх мэдээлэл байдаггүй. Харин археологи үүнийг босгох, бий болгох боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл тухайн газар нутагт очиж, энд хэн, яаж амьдарч байсан, ямар аж ахуй, нийгмийн зохион байгуулалттай байсныг тодруулах боломжтой юм. Нөгөө талаар бичигдсэн түүх гэдэг маань он цагийн хувьд зогсоно. Хэдий үеэс хүмүүс бичиг үсэг хэрэглэж, сурвалжуудыг үлдээсэн байна түүнээс эхэлнэ. Гэтэл үүний өмнөх үе яах болж байна вэ гэдэг асуулт гарч ирдэг. Үүний ганц гарц бол бичигдсэн түүхээс өмнөх үеийн ард түмнүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг зөвхөн тэдгээр хүмүүсийн үлдээсэн эд өлгийн зүйлээр тодорхойлох, тогтоох боломжтой. Иймээс археологи бол хүн төрөлхтний мэдлэгийг он цагийн хувьд урагшлуулах, ахиулах ач холбогдол, онцлогтой байдаг.

Дэлхий дахинд хийж буй археологийн судалгааг харахад археологийн судалгаа нь нэг хүний хийгээд явдаг судалгаа биш болоод олон жил болж байна. Үүний цаад учир нь археологийн шинжлэх ухаан хувьсаж өөрчлөгдөж буйтай холбоотой. Эхэн үед археологи эд өлгийн зүйл олж илрүүлэхэд илүү анхаардаг, түүний тулд нэг археологич өөрийн баг бүрэлдэхүүний хамт судалгаанд явж юм олж илрүүлэх байдлаар ажилладаг байсан бол эдүгээ археологийн судалгаа нь төрөлжсөн, нарийвчилсан болж өөрчлөгдсөн. Үүний цаана яалтчгүй олж илрүүлсэн зүйлсийг нарийвчлан шинжлэх, тэдгээр шинжилгээнд тулгуурлан үр дүн гаргах боломжтой болсонтой холбоотой. Түүний ач холбогдлыг танин мэдсэнээр өнөөдөр археологичид маань зөвхөн археологи гэдэг мэргэжлийг эзэмшсэн хүнээс гадна тухайн газарт очихдоо ямар эд өлгийн зүйл олох, судлах шаардлагатай байгаа, олдсон зүйлээ хэрхэн дээж болгох авах, дээжээ хээрийн нөхцөлд хэрхэн арчилж бэлдэх, ямар төрлийн лабораторийн шинжилгээ, нарийвчилсан шинжилгээнд явуулах зэргээс хамаарч баг бүрэлдэхүүнээ бүрдүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл эдгээр бүх зүйлсийг эзэмшээд, дадлагажаад хийгээд явах боломжгүй тул өнөөдөр археологийн судалгааны багт амьтны ясны мэргэшсэн судлаач, хөрсний бүтцийн судлаач, ургамал үр тариа, үндэсний буюу палеоботаникын судлаач, эртний цаг уурын судлаач, шавар ваар сав, эдлэлийн судлаач, төмөрлөг эд зүйлийн судлаач зэрэг олон төрлийн хүмүүс хамрагддаг болсон. Энэ бол манай салбарын бас нэгэн онцлог.

Таны мэргэжил эсвэл судалгааны ажлын тань талаар нэмэлт мэдээлэл авч болох ном, сэтгүүл, кино, цахим хуудас эсвэл?

Бидний хийж байгаа судалгаа бол Монголын нүүдэлчдийн археологид бол дөнгөж эхлэлийн шатандаа явж байгаа гэж ойлгож болно. Зөвхөн энд хийгдэж байгаа биш, Монголын өнцөг булан бүрд судлаач, археологичид судалгаа хийж байгаа. Булш оршуулгын археологийг бодвол сууцны археологи эхлэл шатандаа явж байна. Тийм ч учраас яг энэ чиглэлийн ном, сурах бичиг хомс байдаг. Миний хувьд өнгөрсөн жил “Нүүдэлчид –Археологи, нийгэм аж ахуй” гэсэн ном гаргасан. Түүн дээр сууцыг хэрхэн яаж илрүүлэх аргачлал боловсруулсан тухай, ач холбогдлын талаарх ойлголтуудыг багтаасан. Мөн манай баг бүрэлдэхүүний Монгол болон Англи хэл дээр хэвлүүлсэн өгүүллүүд бий.

Complexity as Integration: Pastoral Mobility and Community Building in Ancient Mongolia

Mobile Domiciles of the Eurasian Steppe: Archaeological Evidence of Possible Dwelling Space during the Early Iron Age

Эртний нүүдэлчдийн оромж илрүүлэх малтлагын болон шинжилгээний арга зүй

Багш хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг, хэрхэн суралцдаг бол?

Багш хүнийг хоёр алхамтайгаар ажлаа хийдэг гэж боддог. Нэг нь өөрийгөө цэнэглэх. Тухайн цаг үед өөрийнх нь судалгааны чиглэлээр ямар шинэлэг зүйлс бий болж байна, тэр бүхнийг уншиж мэдэх, ойлгох, ашиглах байдлаар өөрийгөө тогтмол цэнэглэх ёстой байх гэж ойлгодог. Нөгөө талаас багш хүн хэрхэн оюутан суралцагчдад мэдлэгээ дамжуулж өгөх вэ, хэрхэн сурах, мэдэх очийг нь бадрааж, сонирхлыг нь өдөөх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Энэ хоёр зүйл зогсолтгүйгээр хөгжиж байж, багш хүний ач холбогдол биелэлээ олно. Ингэснээр өөрийн салбартаа дараа үеийн судлаачдаа төрүүлэн гаргаж, тухайн салбар нь хэрхэн өргөжин тэлж байгаагаар багшийн мөн чанарыг харж болно гэж ойлгодог.

Та оюутнууддаа юу зөвлөдөг вэ?

Өнөөдөр бид их боломжтой цаг үед амьдарч байна. Сонирхсон зүйлээ цааш нь хөгжүүлэх, тэр мэргэжлээр суралцах, ажиллах боломжтой цаг үед ажиллаж амьдарч байгаа. Өөрийгөө хөгжүүлэх, туршлагажуулах боломж их байна. Би оюутнууддаа хэрвээ чи ямар нэг зүйл сонирхож байгаа бол түүнийхээ хойноос хөөцөлдөөд үз. Өрсөлдөөд үз. Өрсөлдөөгүй байж, би чадахгүй юм байна гээд бууж өгч байгаа бол хамгийн болчимгүй асуудал гэж зөвлөдөг. Алдах зүйл байхгүй юм чинь өрсөлдөөд үз. Тэр нь гадаад дотоодын сургуульд элсэх байна уу, сонирхолыг чинь татаж байгаа зүйл байвал араас нь хөөцөлдөөд үзэх хэрэгтэй. Шалгалт байвал бэлд, эсээ бичих бол бичээд үз. Түүний үр дүнд чи хүссэн зүйлээ оролдож үзнэ, илүү их мэднэ. Магадгүй тэр чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаач ч болохыг үгүйсгэхгүй.

Та одоо хийж буй судалгааны ажлаа тоймлон хэлбэл …

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар