Жендэр судлалын магистрын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ 

Share Button

Монгол Улсын Их Сургууль болон Азийн сан хамтран Монгол Улсад анх удаа Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа. Азийн сангаас энэхүү хөтөлбөрийн хүрээнд 20 суралцагчид сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг олгох, магистрын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, жендэрийн салбар дундын судалгааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Жендэр судлал нь нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын болон гэр бүлийн хүрээний асуудлыг цогцоор нь судалдаг учраас либерал арт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг үндэсний хэмжээний их сургууль (МУИС)-ийг түшиглэх нь илүү үр дүнтэй билээ.

МУИС нь 2016 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Жендэр судлалын магистрын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, индексийг батлуулсан. 2023 онд МУИС-д “Жендэр судлал салбар дундын магистрын хөтөлбөрийн анхан шатны хөтөлбөрийн хороо” байгуулагдан 10 тэнхимийн 20 багшийн бүрэлдэхүүнтэй жендэр судлалын сургалт, судалгааны баг бүрдэж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэхүү салбар дундын магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх эрдэмтэн судлаачдын бүлэг болон Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн гишүүдтэй хамтран ажиллахаар болжээ. Цаашид Монголын их, дээд сургуулиудын консерциум (МУИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС)-аар дамжуулан бусад их, дээд сургуулийн багш, судлаачидтай хамтран хэрэгжүүлэхийг зорьж байна.

Улсын хэмжээнд жендэр судлалын чиглэлээр сургалт, судалгаа эрхэлдэг эрдэмтэн багш нарын дийлэнх хувь нь МУИС-д бий. Эдүгээ МУИС-д жендэр судлалын чиглэлийн 11 хичээл зургаан мэргэжлийн хөтөлбөрт орж байна. Мөн 2018 оноос “Жендэр судлал” хичээлийг ерөнхий суурийн мэдлэг олгох багцад оруулсан ба энэ хугацаанд 1500 орчим оюутан судалжээ.

Тус салбар дундын магистрын хөтөлбөр нь Жендэрийн тэгш байдлыг хангах хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Жендэрийн үндэсний хорооноос баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” /2022-2031/-г хэрэгжүүлэхэд чиглэсэн юм. Тус магистрын хөтөлбөр хэрэгжсэнээр “Жендэр судлалыг хөгжүүлж, үндэсний болон бүс нутаг, олон улсын түвшинд танилцуулж сурталчилна” /3.4.20/, “Жендэрийн мэргэжилтэн, сургагч багш, шинжээч, үндэсний шинжээчийг салбар, орон нутагт үе шаттайгаар бэлтгэнэ” /3.2.2/ зорилт хэрэгжинэ.

Азийн сан, МУИС-ийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолд МУИС-ийн захирал доктор, профессор Д.Бадарч, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Азийн сангийн Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хөтөлбөр хариуцсан төслийн менежер А.Цолмонтуяа болон МУИС-ийн Жендэр судлалын сургалт, судалгааны багийн гишүүд оролцлоо.

Азийн сан нь Ази болон Номхон далайн бүс нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлж, боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын хөгжлийн байгууллага юм. Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар 1993 онд байгуулагдаж, нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар