“Төрийн удирдлага” сурах бичгийн нээлтийг амжилттай зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Улс Төр, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Их сургууль (УТОУХНУС)-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн хамт олон “Төрийн удирдлага” сурах бичгийн нээлтийг МУИС-ийн эрдмийн танхимд 2023 оны 11 дүгээр сарын 10-нд амжилттай зохион байгууллаа.

“Төрийн удирдлага” сурах бичгийг МУИС-ийн УТОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн хамт олон бусад бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн багш нар, АНУ-ын зочин профессор John Duffy, Монгол Улсын төрийн албан хаагч нартай хамтран зохион уншигчдад толилуулж байна.

Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн анхны сурах бичиг болох 2018 онд туурвисан “Нийтийн удирдлагын үндэс” болон төрийн удирдлагын шинжлэх ухааны бусад бүтээлүүдийн цуврал хэлбэрээр “Төрийн удирдлага” сурах бичгийг бүтээсэн.

“Төрийн удирдлага” сурах бичиг төрийн алба, төрийн удирдлага, төрийн бодлого, төрийн эрх мэдэл, төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлага, орон нутгийн удирдлага, төрийн үйлчилгээ, санхүүгийн удирдлага, төр хувийн хэвшлийн түншлэл, төрийн хяналт, мэдээллийн технологийн талаар онолын үндсэн ойлголтуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй, цэгцтэй олгохоос гадна мэдлэгийг бататгах эргэцүүлэх асуултуудыг багтаасан.

Энэ бүтээлийг зохиоход нийтийн удирдлагын хөтөлбөрийн сургалт, судалгаанд мэдлэг чадвар оюуны ноу-хау, урам зориг, оюуны болон материаллаг хөрөнгө оруулалт тогтмол оруулан 2011 оноос хойш зөвлөн ажиллаж буй (GIZ) МУИС-ийн хүндэт доктор, Проф. Др. Stefan Hanselmann; 2018 оноос зөвлөхөөр тасралтгүй ажиллаж буй АНУ-н Аласкын Төрийн бодлогын их сургуулийн Профессор, МУИС-ийн хүндэт доктор, Проф. Др. John Duffy нартаа онцгой хүндэтгэл бүхий талархал илэрхийлж байна.

Тус номын ерөнхий редактор МУИС-ийн профессор Проф. Др. Н. Бурмаа болон зохиогчид номын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Төрийн Албаны Зөвлөл, МУИС-ийн удирдлага, профессорууд, бүрэлдэхүүн сургуулиудын төлөөлөл, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Дотоодын Хэргийн Их Сургууль, Хангай дээд сургууль болон МУИС-ийн төрийн/нийтийн удирдлага хөтөлбөрийн I-IV түвшний оюутнуудын төлөөлөлд номын дээжээс гардууллаа.

“Төрийн удирдлага” сурах бичиг нь төрийн удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутнууд болон энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа хийн бүтээлээ туурвидаг үзэг нэгт нөхөд, төрийн албан хаагчдад оюуны хөрөнгө оруулалт болно гэдэгт найдаж байна. Тус бүтээлтэй холбоотой санал шүүмжлэлийг эерэгээр хүлээн авахад нээлттэй буйгаа илэрхийлэн номын цагаан буян дэлгэрэх болтугай хэмээн ерөөж байна.

Монгол Улсын Их Сургууль

Улс Төр, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Их Сургууль

Нийтийн Удирдлагын Тэнхим

2023.11.10

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар