МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хэлний туршилт судалгааны төв, Монголын авиа зүйн нийгэмлэг хамтран “Авиа зүй: судалгааны арга зүй, өнөөгийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр МУИС-ийн Номын санд танхим, цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Хуралд “Онолын авиа зүй”, “Зэрэгцүүлсэн авиа зүй”, “Хэрэглээний авиа зүй”-н гурван салбар хуралдаанд, дотоод, гадаадын эрдэмтдийн нийт 17 илтгэл хэлэлцүүлсний дотор МУИС, Монголын авиа зүйн нийгэмлэг, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Герман, Мексик, Монгол, Өмнөд Солонгос, Энэтхэг, Турк Франц Улсын эрдэмтэн судлаачид судалгааны сүүлийн үеийн үр дүнгээ хэлэлцүүлэв.
Энэ удаагийн хурал нь авиа зүйн чиглэлээр бие даасан олон улсын эрдэм шинжилгээний хурал Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байв. Иймд авиа зүйн судалгааг онолын авиа зүй, зэрэгцүүлсэн хэл шинжлэл, хэрэглээний хэл шинжлэл зэрэг салбар дундын хөгжүүлэхэд энэхүү хурал бодит хувь нэмрээ оруулах бөгөөд ялангуяа орчин үеийн сургалт-судалгааны шинэ чиг хандлагыг нэвтрүүлэх, сургалт, судалгаа явуулдаг дотоод гадаадын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.