Ханнс-Зайделийн сангийн санхүүжилтээр 10 мянган хүүхдэд экологи, эрх зүйн боловсрол олголоо

Share Button

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан (ХЗС)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар 2022 оноос өсвөр үеийнхэнд экологи, хүрээлэн буй орчны эрх зүй, тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлд Экологийн боловсролын төв (ЭБТ)–тэй хамтран ажиллаж байна. ХЗС 2023 оны хоёрдугаар сарын 1-ээс 11 дүгээр сарын 30-ны хооронд “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль-2” төслийг амжилттай хэрэгжүүлж ЭБТ-ийн танин мэдэхүйн сургалт-аялалд 6-12-р ангийн 246 бүлгийн таван мянган хүүхдийг үнэ төлбөргүй хамрууллаа.

Төсөлд хамрагдсан хүүхдүүд “Үрийн аялал”, “Манай музейн амьтад”, “Танин мэдэхүйн хүлэмж”, “Үл үзэгдэгчдийн мөрөөр” зэрэг өртөөгөөр аялж байгалийг бодит орчинд нь бүх мэдрэхүйгээр мэдэрч танилцсанаас гадна байгаль орчны хууль, эрх зүйн “Амьд үлдээгээч!” өртөөгөөр аялж Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн хор хохирол, торгууль шийтгэл, түүнээс сэргийлэх аргатай танилцан хууль, эрх зүйн анхан шатны мэдээлэлтэй болов.

Мөн энэ онд ХЗС-ийн зүгээс “Байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн танхим”-ыг шинээр тохижуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Энэхүү танхим, шинээр боловсруулсан хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүнд түшиглэн хүүхэд, олон нийтэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, тэр дундаа хууль бусаар ан агнах гэмт хэргийн тухай анхан шатны мэдлэг, ойлголтыг богино хугацаанд сонирхолтой хэлбэрээр олгох боломж бүрдэж байгаа аж.

ХЗС-аас ийнхүү “Өсвөр үеийнхэн: – Байгаль орчин ба хууль” буюу “Engaging Youth in Nature – Laws of the Environment” төслийг хоёр дахь жилдээ дэмжин амжилттай хэрэгжүүлж, Нийслэлийн алслагдмал сургуулиудын 10 мянган хүүхдэд байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн мэдлэг олголоо.

Төслийг хоёр дахь жилдээ амжилттай удирдан хэрэгжүүлсэн Др.Р.Сүнжидмаа хэлэхдээ “Төслийн хүрээнд тохижулсан “Байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн танхим” нь зөвхөн “Амьд үлдээгээч!” өртөөг явуулах сургалтын орчин болоод зогсохгүй манай байгууллагатай танилцахаар ирсэн зочид, ЕБС-ийн багш нар болон хэн бүхний үзэж харж сургуулийн анги танхимуудаа сэдэвчилсэн байдлаар сэдвүүдээр тохижуулах, сургалтын хэрэглэгдэхүүн хийж хичээл сургалтдаа ашиглахад шинэ санаа, сэдэл өгөх үзүүлэнгийн танхим, үлгэр жишээ сургалтын орчин болсон. Уг танхимын гол хэсэг болох “Хууль ба миний орчин” сэдэвт танин мэдэхүйн самбарт “Хууль ба байгалийн үйлчилгээ”, “Хууль бусаар ан агнах”, “Хууль бусаар мод бэлтгэх”, “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах” гэсэн дөрвөн сэдвээр ХЗС-ийн “Эрх зүйн тухай энгийнээр” цуврал видео контентын агуулгыг бичиг, зурган хэлбэрээр үзүүлсэн. Мөн Монгол Улсын нэн ховор болон ховор амьтдын модон төөнөлбөр үзүүлэн, Тусгай хамгаалалттай газар нутийн товгор хэвлэлттэй зураг, Мазаалай баавгайн товч мэдээдэл бүхий зураг, бичвэр зэргийг хийлгэж ханын үзүүлэн маягаар сургалтдаа ашиглаж байгаа нь хүүхдүүдийн сонирхлыг их татаж байна” гэлээ.

Уг сургалт-аялал нь байгаль болон хүрээлэн буй орчны эрх зүйн талаарх мэдээллийг богино хугацаанд сонирхолтой, хүртээмжтэй байдлаар харуулсан нь хүүхдүүдэд байгалийг илүү гүнзгий сонирхон судлах, танин мэдэх хүсэл эрмэлзэл төрүүлсэн болохыг төслийн багийнхан онцолж байв. Монгол хүүхдүүдийн оюунд үнэтэй хувь нэмэр оруулж танин мэдэхүйд хөтлөх гүүр болсон төслийн санхүүжүүлэгч ХЗС-ийн Монголд дахь төлөөлөгчийн газрын хамт олон болон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гар бие оролцсон бүх хүнд талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар