Азийн сангийн дэмжлэгтэйгээр МУИС-д Жендэр судлалыг хөгжүүлэх /P2023-4555/ төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд “Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөр” батлагдаж, 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд анхны 20 магистрантыг элсүүлэн сургалт эхлээд байна. Цаашид хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх, жендэрийн чиглэлээр салбар дундын судалгааг өргөжүүлэх зорилгоор 2024 оны хоёрдугаар сард Жендэр судлалын төвийг байгуулсан. Тус төв нь Шинжлэх ухааны сургууль, Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль зэрэг бүрэлдэхүүн сургуулийн есөн тэнхимийн 17 багшийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Жендэр судлалын төвийн гишүүд болон МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар нар БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуульд ажиллав. Эва эмэгтэйчүүдийн их сургууль нь 1975 оноос эмэгтэйчүүдийн судлалаар судалгаа, шаталсан сургалт эрхэлж буй БНСУ-ын нэр хүндтэй сургууль юм. Азийн сангийн зүгээс тус их сургуультай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, дэмжлэг үзүүллээ.
Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн захирал MiKyeong Cha, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар нар жендэр судлалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Тус санамж бичгийн хүрээнд жендэр судлалын хөтөлбөрийн багш, магистрантуудыг солилцох, зэргийн болон зэргийн бус хамтарсан сургалт, судалгааг хөгжүүлэхийн зэрэгцээ судалгааны бүтээл, сурах бичиг харилцан солилцох юм. Жендэр судлалын төвийн багш, судлаачид Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын тэнхим болон Азийн эмэгтэйчүүдийн судалгааны хүрээлэн, Солонгосын эмэгтэйчүүдийн хүрээлэн, Манлайлал, хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн багш, судлаачидтай уулзаж хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Мөн МУИС-ийн Жендэр судлалын төвийн багш, судлаачид БНСУ-ын Эва их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын тэнхимээс зохион байгуулсан “Монголын нийгэмд дэх жендэрийн асуудал” сэдэвт их семинарт илтгэл хэлэлцүүллээ. Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгс “Монгол дахь асрахуйн эдийн засаг”, Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Ц.Цэцэгжаргал “2000-аад оны эхэн үед солонгосчуудтай гэрлэсэн монгол эмэгтэйчүүд”, Улс төр судлалын тэнхимийн профессор Д.Бумдарь, багш Д.Бадамдаш нар “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо”, Гадаад хэлний төвийн ахлах багш П.Түмэнгэрэл “Жендэрийн эрүүл мэнд ба маскулинити” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.