МУИС “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна

Share Button

Монгол Улсын Их Сургууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хөгжил манлайлал” сэдэвт хэлэлцүүлгийг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт МУИС, МУБИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС, СУИС, Мандах Их сургууль зэрэг төрийн болон төрийн бус их, дээд сургуулиудын оюутны хөгжил хариуцсан албаны дарга нар, мэргэжилтэн болон оюутны төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр их дээд сургуульд суралцаж буй суралцагчдын хөгжлийг хэрхэн дэмжин ажиллаж байгаа туршлага, хүртээмжтэй суралцахуй буюу тохируулга үйлчилгээний талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хөгжил манлайлал, суралцагчийг дэмжих суурь судалгаа хийгдсэн байдал, сэтгэл зүйн асуудал, бэрхшээлээ хэрхэн даван туулах зэрэг сэдвийн хүрээнд дараах илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Үүнд:

  1. “Их, дээд сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжиж буй туршлага” ХБХХЕГ-ын Хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга Б.Амаржаргал
  2. “МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжиж буй туршлага” МУИС-ийн Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг
  3. Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөгжил, манлайлал” Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар
  4. “Сэтгэл зүйн асуудал, бэрхшээлээ даван туулах нь” МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн багш Н.Должин
  5. “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих суурь судалгаа хийгдсэн байдал” МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш Д.Оюунцэцэг
  6. “Хүртээмжтэй суралцахуй-Тохируулга” МУИС-ийн Оюутны хөгжлийн төвийн гэрээт мэргэжилтэн, “Гэрэлт цох-байшин” ТББ-ын тэргүүн Б.Оюунтөгс

МУИС “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр” /2019-2022/ -ийг боловсруулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд:

Хөгжлийн бэрхшээлтэй 26 суралцагчид хичээлийн тохируулга боловсруулж, сүүлийн хоёр хичээлийн жилийн байдлаар давхардсан тоогоор 376 орчим багшид хүргүүлж, веб сайтын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулан “Web Content Accessibility Guidelines (WCAG)” стандартыг мөрдлөг болгож Оюутны хөгжлийн төвийн цахим хуудасны /student.num.edu.mn/ загварыг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад хүртээмжтэй болгон шинэчилжээ. Мөн МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн “хичээлийн тохируулга” боловсруулж сургалтад хэрэглэж эхэлсэн.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

ТУС МЭДЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ МУИС-ИЙН ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ГАЗАР ХАРИУЦНА

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар