Хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маяг, зан байдлыг илэрхийлэх, гар утаснаас цуглуулсан судалгааны DiversityOne Dataset өгөгдлийг судлаачид нийтэллээ. Энэ өгөгдөл нь гар утасны мэдрэгчээс (сенсор) хугацааны тодорхой давтамжтайгаар тасралтгүй цуглуулсан, хамгийн том, газарзүйн хувьд хамгийн олон улсыг хамарсан өгөгдлүүдийн нэг болжээ.
Үүнээс өмнөх судалгааны өгөгдөл нь нэг улсын хүн ам, хязгаарлагдмал түүврийн хэмжээ, эсвэл гар утасны мэдрэгчийн урьдчилж боловсруулсан шинж чанарууд дээр төвлөрдөг байсан бол DiversityOne өгөгдөл нь дэлхийн хойд болон өмнөд хэсгээс, нийт 8 улсын 782 залуусын гар утасны түүхий, олон төрлийн мэдрэгчийн өгөгдлийг агуулж байгаа юм.
Судалгааны өгөгдлийг Хятад 🇨🇳, Энэтхэг 🇮🇳, Монгол 🇲🇳, Итали 🇮🇹, Дани 🇩🇰, Их Британи 🇬🇧, Парагвай 🇵🇾, Мексик 🇲🇽 гэсэн 8 улсаас цуглуулсан нь амьдралын өөр өөр хэв маяг, соёлын ялгааг илэрхийлж, олон улс болон олон соёл дамнасан судалгааг хийх боломжийг олгож байгаагаараа онцлогтой.
782 оролцогчоос дөрвөн долоо хоногийн турш цуглуулсан өгөгдөл нь 26 гар утасны мэдрэгчийн (жишээ нь, хурдатгал хэмжигч, GPS, апп хэрэглээ, дэлгэцийн цаг) хугацааны хувьд үргэлжилсэн өгөгдөл, оролцогчийн өөрийн 350,000 гаруй мэдэгдлийг агуулдаг ба энэ нь зан байдлыг өргөн агуулгаар судлах боломжийг олгодог. Энэ нь хамгийн цогц, хугацааны хувьд үргэлжилсэн, нээлттэй өгөгдөл болжээ. Үүнээс гадна, судалгааны өгөгдөл нь нийгэм-сэтгэл зүйн судалгааны асуулга, хүн ам зүйн мэдээллийг багтаасан бөгөөд өөр өөр соёлд хүний зан байдлыг өндөр нарийвчлалтай ойлгох боломжийг олгох юм.
Энэхүү өгөгдөл нь хугацааны үргэлжилсэн загварчлал, олон улс дамнасан зохицол / ерөнхийлөл, ubiquitous computing, хүн компьютерийн харилцаа, хариуцлагатай AI, машин сургалтын судалгааны чиглэлд ажилллах хиймэл оюуны судлаачдад туршилтын шинэ талбар болж байна.
Энэ судалгааны “DiversityOne: A Multi-Country Smartphone Sensor Dataset for Everyday Life Behavior Modeling” нэртэй өгүүлэл Proceeding of the ACM on Interactive, Mobile, Wearable, and Ubiquitous Technologies (IMWUT) сэтгүүлд хэвлэгдэхээр хүлээн зөвшөөрдсөн. Мөн олон улсын UbiComp/ISWC Conference 2025 хуралд хэлэлцүүлэх юм.
📜 Өгүүлэл: https://arxiv.org/pdf/2502.03347
🌐 DiversityOne вэбсайт: https://datascientia.disi.unitn.it/projects/diversityone/
📊 Өгөгдлийн каталог: https://datascientiafoundation.github.io/LivePeople/
Энэхүү өгөгдлийг WeNet – Бидний интернэт төслийн хүрээнд бэлтгэжээ. Энэ төсөлд МУИС-аас МТЭС-ийн Мэдээлэл компьютерийн ухааны дэд профессор, төслийн удирдагч Г.Амарсанаа, дэд профессор Ч.Алтангэрэл, багш З.Цолмон, ЭХИТ-ийн дэд профессор С.Отгонцэцэг нар оролцсон юм.
Энэхүү өвөрмөц судалгааны өгөгдлийг ашиглан нийгэмд ямар нэг шинэлэг зүйлсийг бүтээхийг харахад судлаачдын хувьд маш их баярлах болно.