МУИС-ийн Оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хувь хүний хөгжил, зөөлөн ур чадварыг дэмжих зорилгоор “МУИС-ийн СОЁЛ” цуврал сургалтыг Оюутны хөгжлийн газраас зохион байгуулж эхэллээ.


Уг үйл ажиллагааны хүрээнд оюутнуудын өдөр тутмын амьдрал, соёл, төлөвшилд чиглэсэн дараах сэдвээр сургалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд:
- Зөв хооллолт;
- Эрүүл амьдралын хэмнэл (нойр, дархлаа, дасгал хөдөлгөөн);
- Хувцаслах урлаг;
- Сэтгэл зүйн дархлаа;
- Санхүүгийн боловсрол;
- Цагийн менежмент зэрэг олон чиглэлийн сонирхолтой сургалтын мэргэжлийн сургагч багш нар орно.
Эдгээр сургалт нь оюутнуудад амьдрах ур чадвар эзэмшүүлэх, соёлын мэдлэг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, карьерын чиг баримжаа олгох, нийгмийн оролцоог дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд улмаар МУИС-ийн орчинд эерэг, зөв соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.


“МУИС-ийн СОЁЛ”-ын үйл ажиллагааны эхний сургалтыг “Кофены соёл” сэдвээр зохион байгуулав. Сургалтын үеэр оюутнууд кофены үүсэл, төрөл, уух соёл, дэлхийн улс орнуудын кофены онцлогийн талаар танин мэдэхийн зэрэгцээ кофены амт ялгах, зөв хэрэглэх талаар амталгаа туршилт хийснээрээ онцлог үйл ажиллагаа боллоо.
Үйл ажиллагааг “Coffeine Academy”-тай хамтран зохион байгуулж, тус академийн багш н.Билгүүн, н.Түмэнбаяр нар оюутнуудад кофены соёлын талаар мэдээлэл хүргэж, төрөл бүрийн кофе гар аргаар нэрж амтлуулсан юм.

“МУИС-ийн СОЁЛ” цуврал сургалт цаашид олон сонирхолтой сэдвээр, олны танил зочин илтгэгчидтэйгээр үргэлжлэх болно.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

