Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк болон Бизнесийн сургуулийн хамтарсан мэргэжих дадлага ажлын тайлан буюу  төсөл хүлээлгэн өгөх хоёр дахь удаагийн уулзалт боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк нь МУИС-ийн Захирлын 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/321 тоот тушаалаар шинэчлэгдэн байгуулагдаж, инноваци, технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус байгууллага нь технологи дамжуулах төвийг хөгжүүлэх, инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехүүдийг ажиллуулах, лаборатори, судалгааны төвүүдийг хөгжүүлэх, сургалт, үйлдвэрлэлийн түшиц бааз бий болгох, инновацын нээлттэй орон зайг бүрдүүлэх зэрэг инновацын экосистемийг бүрдүүлэх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Сургалт, үйлдвэрлэлийн түшиц бааз бий болгох ажлын хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран интерактив арга зүйт мэргэжих үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөрийг боловсруулж, дотоодын багш, судлаачдын оюуны өмчийг бизнес төсөл болгон хөгжүүлэх эхний дадлага ажлыг амжилттай зохион байгуулан хэрэгжүүлсэн бөгөөд уг бизнес төслийн үр дүнг хэлэлцэх, хүлээлгэн өгөх анхны уулзалтыг 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулсан билээ.

Энэхүү ажлын үргэлжлэл болон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк болон Бизнесийн сургуулийн хамтарсан мэргэжих үйлдвэрлэлийн дадлагын судалгааны ажлын тайлан, бизнес төслүүдийг хүлээлгэн өгөх хоёр дахь удаагийн уулзалт 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдав. Уулзалтын зорилго нь оюутнуудын мэргэжих дадлагын хүрээнд гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнг танилцуулах, хэлэлцэх, нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тодорхойлох, инновац, стартап төслүүдэд нэвтрүүлэх боломжийг судлах, цаашдын хэрэгжилтийн арга замыг тодорхойлон, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байв.

Уулзалтад Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн ахлах багш Б.Энхтуяа, Шинжлэх ухааны сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Б.Туяагэрэл, мөн ижил тэнхимийн дэд профессор Б.Даваапүрэв, Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн дэд профессор Ө.Энэрэлт  нар оролцсон байна. Түүнчлэн ШУТУБП-ийн зүгээс Технологи дамжуулах төвийн эрхлэгч доктор, профессор Ш.Наранмандах, Ерөнхий менежер доктор, дэд профессор Н.Өлзийжаргал, сургалтын мэргэжилтэн доктор, дэд профессор Д.Хонгорзул, магистр Ц.Батчимэг, маркетинг, бизнес хөгжүүлэлтийн мэргэжилтэн магистр Б.Сарантуяа нар тус тус оролцжээ.

Уулзалтын үеэр дэд профессор Б.Туяагэрэлийн удирдлага дор МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын хөтөлбөрийн бакалаврын IV түвшний оюутан Б.Нандинцэцэг “GOGO MILK” хүүхдийн сүүн нэмэлт тэжээлийн бизнес төслийг амжилттай хэрэгжүүлж, тайлангаа танилцуулсан бол дэд профессор Б.Даваапүрэвийн удирдсан “Biocare ointment” тосон түрхлэгийг зах зээлд нэвтрүүлэх төсөлд Бизнесийн сургуулийн IV түвшний оюутан Г.Амарзаяа төслөө танилцуулсан байна. Мөн дэд профессор Ө.Энэрэлтийн удирдлага дор Бизнесийн сургуулийн IV түвшний оюутан О.Баянхүү “Нанодерм” шархны тосон бүтээгдэхүүний төслийг боловсруулж, бизнесийн хувилбар болгон хөгжүүлжээ.

Төслүүдийн танилцуулгын үеэр судалгааны үндэслэл, зорилго, арга зүй, хэрэгжилтийн үйл явц, гарсан үр дүн, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, цаашдын хэрэгжилтийн боломжуудыг дэлгэрэнгүй хэлэлцэж, оролцогчдын санал, зөвлөмжийг тусган авсан юм. Уулзалтын төгсгөлд дээрх төслүүдийг албан ёсоор хүлээлгэн өгөх ажиллагаа явагдсан. Энэхүү уулзалт нь судалгаанд суурилсан инновацын бизнес санаачилгуудыг бодит хэрэгжилт рүү шилжүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон бөгөөд оюутнуудын онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх, судлаач, багш нарын оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, судалгааны их сургуулийн статустай уялдсан стратегийн ач холбогдолтой үйл явдал болж өндөрлөв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар