Монгол Улсын Гавьяат багш Цэндхүүгийн Хандын нэрэмжит Физикийн XXVI олимпиадыг уламжлал ёсоор МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Физикийн тэнхимээс 2025 оны 11 дүгээр сарын 22-оос 12 дугаар сарын 01-ний хооронд амжилттай зохион байгууллаа.
Олимпиад нь цахим болон танхимын гэсэн хоёр даваатай зохиогдсоноос хоёрдугаар даваанд:
- 7-р ангийн 61
- 8-р ангийн 58
- 9-р ангийн 55
- 10-р ангийн 49
- 11-р ангийн 57
- 12-р ангийн 53 сурагч
- Багшийн ангилалд 32 багш шалгаран оролцлоо.
Энэхүү тэмцээн нь улсын чанартай буюу энэ жилийн олимпиадад Улаанбаатар хотын 9 дүүргээс гадна Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын багш нар сурагчдаа бэлтгэн оролцууллаа.
Улсын физикийн олимпиадын хорооноос 9, 12-р анги болон Багшийн ангилалд тэргүүлсэн багш сурагчдад, Дорнод аймгийн Чойбалсан хотод зохиогдох Улсын физикийн олимпиадад оролцох эрхийг гардуулан өгсөн юм.
Энэ удаагийн олимпиадын онцлогуудаас дурдвал:
- Багшийн ангилал шинээр нэмэгдсэн
- Улсын олимпиадуудад ашиглагддаг, MEXIM Consulting LLC-ээс хөгжүүлдэг ubt.mn системийг ашиглан, УФО эрх олгогдсон 9, 12-р анги болон Багшийн ангиллын тэмцээнийг оноо хамгаалалттайгаар зохион байгуулсан
- Улсын физикийн олимпиадын жишигт нийцүүлэн анх удаа 12-р анги болон Багшийн ангилалд, МУИС-ийн дэргэдэх CreatiVisiton LLC-тэй хамтран туршлагын тэмцээнийг, шинээр зохион бүтээсэн, иж бүрэн багажтайгаар зохион байгууллаа.
Мөн сурагчдын шинжлэх ухаанч сэтгэлгээ, физик боловсролыг дэмжих үйлст үргэлж дэмжиж ирсэн МУГБ Ц.Хандын нэрэмжит сан болон түүний шавь, үр хүүхдүүд дэмжин оролцсоноос гадна хувийн хэвшлийн төлөөлөл болон Optimal NMax LLC зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн оролцсон нь олимпиадын зохион байгуулалт, нөөц бололцоог нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр боллоо.

Олимпиадын зохион байгуулалтыг дэмжин ажилласан МУИС, ШУС, БУС-ын удирдлагууд, үнэт цаг хугацаа, хөдөлмөрөө дайчлан ажилласан Физикийн тэнхимийн хамт олон болоод Онолын физикийн Дельта клубийн оюутан залуустаа талархал илэрхийлье.
Олимпиад зохион байгуулах хороо

