Монгол Улсын Их Сургуулийн Геофизикийн салбар үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан “ГЕОФИЗИКИЙН АСУУДЛУУД” улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 12 дугаар сарын 02-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж, МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал доктор, профессор Ц.Баатарчулуун, МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи, геофизикийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Тамир нар үг хэллээ.

Тус хурал нь геофизикийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш, судлаачид, мөн эрдэм шинжилгээ судалгаа, эрэл хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр хувийн хэвшлийн олон байгууллагын судлаач ажилтан албан хаагчид, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл болсон 100 гаруй геофизикчид оролцсон хурал болж өндөрлөлөө. Эрдэм шинжилгээний хуралд оролцогчид судалгааны ажлынхаа сүүлийн үеийн шинэлэг үр дүн, ололт амжилт, хайгуулын ажлын үр дүнгээ танилцуулж, мэргэжил нэгт нөхөдтэйгөө мэдлэг, мэдээлэл, туршлагаа солилцов.


МУИС-ийн Геофизикийн салбар нь 1965 онд Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, физик математикийн ШУ-ы доктор, профессор Д.Чүлтэм, физик математикийн ШУ-ы доктор, ОХУ-ын Петрийн шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, профессор Д.Халтар нарын санаачлагаар МУИС-ийн Физик математикийн факультетийн Ерөнхий физикийн тэнхимийн харъяанд “Агаар мандлын оптикийн хэмжилтийн лаборатори” байгуулагдснаар үүсэж, хөгжих эхлэл тавигдсан юм. 1978 оноос “Геофизикийн оргил” нэртэй нэгж, 1991 оноос МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгчийн хамтарсан шийдвэрээр МУИС, ШУА дундын Геофизикийн судалгааны төв, 1992 оноос 2014 он хүртэл “Геофизикийн тэнхим”, 2014 оноос Шинжлэх ухааны сургуулийн “Геологи, геофизикийн тэнхим”-ийн хүрээнд сургалт, судалгааны үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа билээ.


МУ-д анх 1971 онд 7 геофизикч мэргэжилтнийг бэлтгэн гаргаснаас хойш өнөөг хүртэл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа бөгөөд одоогоор 37 удаагийн төгсөлт хийж бакалаврын 600 орчим, 30-аад магистр, 10 гаруй доктор зэрэгтэй геофизикч мэргэжилтнийг бэлтгэн гаргасан амжилттай байна. Мөн доктор, дэд профессор Г.Батсүхийн идэвхи санаачлагын үр дүнд МУИС-д “Хэрэглээний геофизик”, “Сэргээгдэх эрчим хүч” хөтөлбөрүүдийг шинээр нээж сургалтыг амжилттай явуулсан түүхтэй.
МУИС-ийн Геофизикийн салбар 60 жилийн ойгоо Монгол Улсын Гавьяат багштайгаар угтлаа. МУИС-ийн Геологи, геофизикийн тэнхимийн ахмад багш доктор, дэд профессор Г.Батсүх багшдаа Монгол Улсын Гавьяат багш хэмээх хүндэт цол тэмдэгээр шагнуулсанд баяр хүргэж, эрүүл энх урт удаан наслахын ерөөл өргөе.

