МУИС-АШУҮИС хамтран “Анагаахын физикч” бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Share Button

МУИС-ийн Ректор, профессор Б.Очирхуяг, АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж нар МУИС-АШУҮИС хамтарч АНАГААХЫН ФИЗИКЧ бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Хөтөлбөрийг МУИС-ийн Инженер, технологийн сургууль болон АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль хамтран хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн нэр, индекс шинээр батлуулах санал МУИС-ийн Хөтөлбөрийн ерөнхий хорооны хурлаар дэмжигдсэн.

МУИС нь 1968 оноос эхлэн цөмийн физикчдийг бэлтгэж эхэлсэн түүхтэй бөгөөд 1997 онд Цөмийн технологичийн бакалаврын хөтөлбөрийг нээж байжээ. Улмаар 2014 онд тус хөтөлбөрийн нэрийг ЮНЕСКО-ийн ангилалтай нийцүүлэн Цөмийн инженерчлэл болгон өөрчилсөн байна.

Мөн МУИС-д 1944 оноос рентген оношилгооны хичээл заагдаж, Монголд дүрс оношилгооны сургалтын эхлэл тавигдсан бол АШУҮИС 1992 оноос бие даасан дүрс оношилгооны салбартай болж, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ажлыг тасралтгүй хийж иржээ. Цөмийн физик-технологи болон дүрс оношилгооны чиглэлээр олон жилийн туршлагатай эдгээр хоёр их сургуулийн чадавхыг ашиглан АНАГААХЫН ФИЗИКЧ бэлтгэх хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний алхмууд амжилттай хэрэгжиж байна.

МУИС-ИТС хэрэгждэг Цөмийн инженерчлэл бакалаврын хөтөлбөрийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар