Бүгд Найрамдах Гватемал Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд эрхэмсэг хатагтай Сара Анхелина Солис Кастанеда МУИС-д зочиллоо. Уулзалтын эхэнд элчин сайд хүлээн авч уулзаж буйд нь МУИС-ийн ректор Б.Очирхуягт талархлаа илэрхийлээд ажлын өндөр амжилт хүслээ. Хатагтай Сара Анхелина Солис Кастанеда 2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан тухайгаа дурдаад МУИС-ийн багш, суралцагчдад Маяагийн соёлын тухай лекц уншихаар ирсэн тухайгаа онцлов.
Мөн Элчин сайд МУИС болон Гватемалын их, дээд сургуулиуд хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллах чин хүсэлтэй буйгаа хэлээд орон зайн хувьд хоёр улс хэдий хол оршдог ч виртуал орчинд хамтран ажиллах олон боломжууд бий гэлээ. Гватемал улсын хүн ам нь 18 сая бөгөөд нийт 19 их дээд сургуультай талаар Элчин сайд мэдээлэл өгөв. Эдгээр сургуулиудаас нэг сургууль нь буюу Universidad de San Carlos de Guatemala нь 300 жилийн түүхтэй сургууль ажээ.
Ректор Б.Очирхуяг хүрэлцэн ирсэнд нь хатагтай Сара Анхелина Солис Кастанедад талархлаа илэрхийлээд Гватемалын их дээд сургуулиудтай испани хэл соёл, түүх, олон улсын харилцаа, утга зохиолын чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийллээ. Хамтын ажиллагааны хэлбэрийн хувьд оюутан солилцооноос гадна багш хоорондын сонирхол нэгдсэн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах нь илүү бодитой байх талаар онцоллоо. Хоёр улсын их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд элчин сайдыг идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа ректор илэрхийллээ.
Ректор Б.Очирхуяг МУИС-ийг иж бүрэн сургалт, судалгаа явуулдаг тухай дурдаад монголдоо испани хэлний сургалт явуулдаг цорын ганц их сургууль гэдгийг онцоллоо. Талууд цаашид хамтын ажиллагааны чиглэлийг илүү илүү тодорхойлж санамж бичиг байгуулан ажиллах бүрэн боломжтой талаар санал нэгдэв.
Уулзалтад Гадаад харилцааны яамны Америк, Ойрх Дорнод, Далайн орнуудын газрын Хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Өнөржаргал, МУИС-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр болон Европ судлалын тэнхимийн эрхлэгч Н.Мөнх байлцаж Европ судлалын тэнхимийн ахлах багш Б.Пүрэвсүрэн испани хэлээр орчуулга хийлээ.
МУИС-ийн испани хэлний сургалтын талаарх мэдээлэл
- МУИС-ийн ШУС-ын Европ судлалын тэнхимийн Испани хэл, орон судлалын хөтөлбөрт энэ хичээлийн жилд 4-р түвшинд 8 оюутан сурч байна. Гадаад хэл шинжлэлийн докторын хөтөлбөрт 2, Орон судлал, орчуулгын магистрын хөтөлбөрт тус бүр 1 оюутан суралцаж байна. Нэг үндсэн багштай. Цагийн багш гэрээгээр ажиллуулдаг.
- МУИС-д бакалаврын түвшний испани хэлний сургалт 2003-2004 оны хичээлийн жилд Гадаад хэл, соёлын сургуулийн Франц-Роман хэлний тэнхимд 15 оюутан 1 багштай эхэлсэн.
- 2007, 2011, 2015, 2018, 2021, 2024 онуудад испани хэл, орон судлал мэргэжлээр нийт 55 оюутан төгссөн.
- Тус хөтөлбөрөөр испани хэл, испани хэлт орнуудын нийгэм, эдийн засаг, орон судлалын мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээл судлахын зэрэгцээ орчуулгах арга зүйд суралцаж, улмаар монголын түүх, соёл, уран зохиолыг испани хэлт ард түмэнд хүргэх судлаач бэлтгэхээр сургалтын хөтөлбөрт тусгасан.
- Төгсөгчид аялал жуулчлалын салбарт түлхүү ажиллаж байна. Тухайлбал анхны төгсөгчдөөс Ворлд Саммит компани байгуулсан, нийт 5 төгсөгч ажиллаж байна. 2017 оноос үйл ажиллагаа эрхэлсэн уг компани испани хэлт орнуудаас ирэх жуулчдад үйлчилгээ үзүүлдэг гол компани болоод байна.
- Ерөнхий суурийн Испани хэлний хичээлийг улирал тутамд 40-50 оюутан сонгон судалж байна.
- МУИС-ийн гадаад хэлний сургалт, хөтөлбөрүүдийг түшиглэн улсын хэмжээний мэргэжлийн холбоод төвлөрч үйл ажиллагаа явуулдгийн жишгээр 2011 онд “Монголын испани хэл, соёлын холбоо” байгуулсан. Монгол Улсад испани хэл, испани хэлт орнуудын түүх, соёл судлалын төв байх зорилго дэвшүүлэн сургалт, эрдэм шинжилгээний ажлаа зохион байгуулж ирсэн. Тус холбоо 2011 онд Олон улсын испани хэл, соёл судлалын багш нарын холбоонд гишүүнээр элсэж, 2011, 2013, 2014, 2018 онд хөтөлбөр хариуцсан багш ОУ-ын ЭШХ-д оролцож, илтгэл хэлэлцүүлсэн.
- 2015 онд МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимээс “Испани хэл, соёл судлал” ЭШХ зохион байгуулж испани хэлт орнуудад томилогдон ажиллаж байсан дипломат ажилтнууд, 1950 оноос хойш БНКУ-д төгссөн орчуулагч болон бусад салбарын мэргэжилтнүүд, хуучны ЗХУ-д суралцаж төгссөн хэл судлаач, орчуулагч нар болон МУИС-ийн испани судлалын төгсөгчид оролцсон. Мөн МУИС-ийн Уран зохиол, Антропологи, Олон улсын харилцааны мэргэжлийн тэнхимийн багш нар илтгэл хэлэлцүүлэн оролцсон.
Испани хэлний хэрэглээ
Испани хэлээр нийт 500 гаруй сая хүн ярьдаг, 2012 оноос хойш дэлхийд хамгийн олон хүн ярьдаг хятад хэлний дараа орох болсон, 21 орны албан ёсны хэл болохын зэрэгцээ НҮБ, Европын Холбоо, Америкийн орнуудын Байгууллага, Иберо Америкийн орнуудын Байгууллага, Африкийн Холбоо, Өмнөд Америкийн орнуудын Холбоо, Латин холбоо, Кариком, Хойд Америкийн Чөлөөт худалдааны Гэрээ, Антарктидын Гэрээ зэрэг олон улсын байгууллагын албан ёсны хэлний нэг юм. АНУ-ын их сургууль, коллежид хамгийн их заадаг хэл болоод байна.
Дэлхий нийтийн интернэтийн хэрэглээний статистикаас үзэхэд испани хэл нь англи хэлний дараа орох өргөн хэрэглэгддэг хэл болоод байна. 23 оронд 11,4 сая км. кв нутагт ярьдаг бөгөөд испани хэлтний нутаг дэвсгэрийн хэмжээгээр англи, франц, орос хэлний дараа орж байна. Англи хэлтний хамгийн их үзэж судалж байгаа хэл испани хэл бөгөөд үүний 10% нь АНУ-д оршин суух ажээ. Энэ нь албан ёсоор испани хэлтэй орнуудаас гадна Бразил, АНУ-д хоёр дах хэл болох төлөвтэйг судлаачид тэмдэглэдэг.