МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирлаар Б.Очирхуяг томилогдлоо

Share Button

2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр МУИС-ийн Сургалт  эрхэлсэн  дэд захирлаар ХХИС-ийн захирал  Б.Очирхуяг, Гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар Р.Ринчинбазар нар томилогдлоо.  Энэ талаар  МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Галтбаяраас тодруулга авсан юм.

IMG_0009

Яагаад гэнэтхэн дэд захирлуудыг томилох болов оо?

МУИС-ийн өмнө тулгамдаад байгаа асуудлын нэг бол төгсөж байгаа мэргэжилтний чанар тааруу гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Суралцагчдад нийгмийн болон хувь хүнийх нь эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсрол олгох нь МУИС-ийн нэн тэргүүний үүрэг бөгөөд энэ талын шинэчлэлийг цаг алдахгүй хийх ёстой. Энэ талаар ”Хөтөлбөр, салбар дундын хөтөлбөрийн шинжилгээ” гэх мэт хэд хэдэн дотоод судалгаа зарлан хийлгэж, үр дүнг хэлэлцүүлэн улмаар дүгнэлт, зөвлөмж гарсан.

Одоогийн байдлаар бараг тэнхим бүр нэг болон хэд хэдэн хөтөлбөр эзэмшиж байна. Хөтөлбөрийн өөрчлөлт хийхэд суралцагчдын болон нийгмийн эрэлт хэрэгцээ гэхээсээ илүүтэйгээр багш нарын болон тэнхмийн эрх ашиг үйлчилдэг энэ практикийг өөрчлөх ёстой. Оюутны сонголтыг өргөсгөх бодитой боломж олгох хэрэгтэй, анхнаасаа тогтсон янз бүрийн нарийн мэргэжлээр элсүүлэх бус аль болох ерөнхий мэргэжлээр элсүүлж явцын дунд нарийн мэргэшлээ сонгох боломж олгох, багш нар нь оюутны эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай хичээл санал болгосноор оюутандаа сонгогдох гэсэн эрмэлзлэл бий болгох гэх зэрэг олон өөрчлөлт шинэтгэл хийснээр манай төгсөгч чанаржина. МУИС бол чанартай шинэ мэдлэг бий болгох, чанартай мэргэжилтэн бэлтгэхийн тулд шилдэг багш нар болон, шилдэг элсэгчдийг татаж, шилдэг орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллах ёстой. Сүүлийн 2-3 жил энэ талаар сайн ч зүйл хийгдсэн, саар зүйл ч байгаа. МУИС кредит системд орох талаар нилээд өөрчлөлт хийгдсэн. Сүүлийн жилүүдэд элсэлт ямар болсныг бүгд нүдээр харж үзсэн. Шинэтгэл хийх тал дээр ХЗС, ЭЗС болон ХХИС-иуд нилээд үр дүнтэй ажиллаж байна. Ялангуяа сүүлийн 3 жил ХХИС-ийн захирлаар ажилласан Б.Очирхуяг өөрийн сургууль дээр өөрчлөлт шинэтгэл амжилттай хийж туршлага хуримтлуулсан эрч хүч, хурдтай ажилладаг учир сургалт эрхэлсэн дэд захирлаар дэвшүүлэн ажиллуулах болсон. Чухам өнөөдөр томилгоо хийгдэж байгаа шалтгаан нь нэгдүгээрт, МУИС-ийн дотоод төслийн судалгааны үр дүн, зөвлөмжүүд гарч цаашид ямар өөрчлөлт хийх нь судалгааны үндсэн дээр тодорхой болж ирсэн, хоёрдугаарт, боловсролын байгууллагын онцлог болох сургалттай холбоотой өөрчлөлтийг дараагийн 9 дүгээр сарын 01-нээс өмнө амжиж хийхгүй бол дахиад нэг жил хүлээх болдогтой холбоотой. Р.Ринчинбазар багшийн ажлын туршлага хэрэг болох тул гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаач гэж хүссэн.

Захирлын үүрэг гүйцэтгэгч байж дэд захирлын томилгоо хийж болж байгаа юм уу?

МУИС-ийн судалгаа сургалтын ажил тасралтгүй явагдах ёстой. Жинхэнэ захиралтай болтол хүлээнэ, жинхэнэ захирал бүтэн үүрэгтэй, үүрэг гүйцэтгэгч тал үүрэгтэй гэсэн ойлголт байхгүй. МУИС-ийн өмнө тулгамдаад байгаа асуудал болон  шийдвэрлэх арга замын талаарх дотоодын төслийг багш нарын дунд нээлттэй зарлах замаар хэрэгжүүлж, судалгааны үндсэн дээр шийдвэр гаргаж байгаа учраас захирал хэн байхаас хамаарахгүй. Чухам түүнийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлэл, хурд зэрэг нь захирлаас хамаарч болно. Чухам энэ тал дээр хувь хүмүүсийн бодол өөр байсан. Хамгийн гол нь сургалт судалгаа тасралтгүй явагддаг учраас цаг хугацаа биднийг хүлээхгүй. Судалгаатай, ул суурьтай  шийдвэр гаргаж зоригтой хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Дэд захирлыг томилох эрх нь МУИС-ийн дүрмээр захиралд байдаг. Албан тушаал хашиж байгаа хүн нэг өдөр ажилласан ч хариуцлагатай байх ёстой. Хариуцлагатай шийдвэр гаргаж, хэрэгжүүлж үр дүнгийн хариуцлагыг хүлээдэг байх ёстой.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар