Нейл Педерсон: Модны жилийн цагираг судлахыг байгалийн түүхийн ном уншихтай адилтгаж болно

Share Button

 

“Монгол орны Ойн түймэр ба Цаг уурын өөрчлөлт сэдэвт судалгааны төсөл 2009 оноос хойш манай оронд хэрэгжиж байна.  АНУ-ын Шинжлэх Ухааны Сангаас санхүүжүүлж байгаа энэ төсөлд МУИС-ийн Биологи биотехнологийн сургуулийн Ой судлалын тэнхим,  Колумбын их сургууль, Баруун Виржиниагийн Их Сургууль, Колорадо мужийн Улсын их сургуулийн эрдэмтэн судлаачдын баг хамтран оролцож байгаа юм. Ингээд тус төслийн тэргүүлэх судлаачдын нэг, Колумбын их сургуулийн Дэлхийн судлалын төвийн Модны жилийн цагираг судлалын лабораторийн эрдэмтэн, дэд профессор  Нейл Педерсонтой дөнгөж хээрийн судалгаанаас бууж ирээд байхтай нь таарч, цөөн хором ярилцлаа.

–          Америк Монгол хоёр орны эрдэмтийн хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн зорилго ач холбогдлын талаар уншигчиддаа мэдээлэл өгөх үү?

–          Энэхүү судалгаагаар Монгол орны ойн түймрийн түүхэн явцыг тодорхойлж, улмаар түүний давтамж болон  тухайн бүс нутагт цаг уурын өөрчлөлт, хүний нөлөө гэхчилэн ямар шалтгаанаас хамаарч өөрчлөгдөж байгааг тодорхойлох ач холбогдолтой юм. Өнгөрсөн гурван жилд бид зөвхөн судалгааны дээж авах ажлаа  л хийж дууслаа. Эхнээсээ лабораторийн үр дүнгүүд гарч байгаа ч эцсийн дүгнэлт хийх хараахан болоогүй байгаа. Зарим нэг үр дүнгээс харахад монгол орны ой түймэрт их  нэрвэгдэж байгаа нь  дан ганц  дэлхийн дулааралтай холбон тайлбарлахад боломжгүй.  Судалгааны дараа дараагийн үр дүнгээс энэ талаар  илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарах байх.

–          Манай орны ойн түймрийн гол шалтгаан нь юу байна вэ?

–           Үүнд олон шалтгаан байгаа. Тухайлбал,  хүний санаатай болон санамсаргүй гал алдах байдал, мөн олон жил үргэлжилсэн ган гачиг зэрэг. Судалгааны явцад үүнээс ч өөр хүчин зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй.

–          Та 13 жилийн тэртээ  монголын ойд анх хөл тавьж байсан гэсэн. Өнөөдөр эргээд харахад их зүйл өөрчлөгдсөн байна уу?

–          Тэр үеийнхтэй харьцуулахад огтлол маш их болсон байна.  Хэдийгээр залуу ой түрэн ургаж байгаа ч хүний үйл ажиллагааны хор нөлөөгөөр байгаль их сүйджээ. Гэхдээ хүн гар хүрээгүй онгон дагшнаараа үлдсэн, байгалийнхаа онцлогийг хадгалсан ойтой цөөн тооны газрууд ч бас байна.

–          Ойг нөхөн сэргээх нь манайд сүүлийн үед тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ талд ямар зөвлөгөө өгмөөр байна?

–          Хамгийн эхэнд ойгоо яаж хамгаалах вэ гэдгийг гол зорилгоо болгох хэрэгтэй. Ой модыг хамгаалах болон нөхөн сэргээх маш нарийн бөгөөд урт хугацааны бодлого төлөвлөх учиртай.  Мөн орон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн ойн менежментийг зайлшгүй авч хэрэгжүүлэх нь чухал. Ингэхийн тулд нутгийн иргэдэд экологийн боловсрол, мэдлэг олгох, ой яагаад чухал  болох талаар тодорхой ойлголт өгөх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байх хэрэгтэй.

–          Та бүхэн модны жилийн цагирагийн тусламжтайгаар ойн түймрийн талаар судалгаа хийж байгаа. Ингэхэд модны жилийн цагираг гэдгийг  энгийнээр тайлбарлах боломжтой  юу. Үүнийг судласнаараа ямар ач тустай юм бэ?

–          Мод гэдэг бол хүнтэй л адил амьд организм. Хүн хоолтой, хоолгүй үедээ гадны орчиндоо  хариг урвал үзүүлдэг шиг мод ч ижил. Өөрөөр хэлбэл мод нь  ургаж байгаа орчныхоо өөрчлөлтийг өөр дээрээ тусгаж авдаг. Энэ нь модны  нэг жилийн цагирагны өсөлтөн дээр тод харагддаг. Хэдэн жилийн цагираг байна гэж тоолохоосоо илүү тухайн нэг жилийн цагираг нь ямар өсөлттэй байна гэдгийг хэмжиж, судалснаар  модны хөгжил температураас болоод байна уу, эсвэл чийгээс үү, эсвэл зүйл хоорондын тэмцэл буюу орчин тойрных нь амьтан, ургамлын нөлөө байна уу гэдгийг нь мэдэх боломжтой.  Үүнийг судалж мэдснээр тухайн жилд ямар уур амьсгалтай байсан болон байгалийн хүчин зүйл хэрхэн болж өнгөрснийг мэднэ. Модны жилийн цагираг судална гэдгийг энгийнээр тайлбарлавал байгалийн түүхийн ном уншихтай адилтгаж болно. Олон зуун жилийн настай модны жилийн цагирагийг судлаад тэр үеийн  байгалийн уур амьсгалын түүхийг мэдэж авна гэсэн үг. Тухайлбал модны жилийн цагирагийн тусламжтайгаар 1999 онд Монголд сүүлийн мянган жилд тохиолдож байгаагүй хамгийн дулаан жил болсныг тогтоосон байх жишээтэй. Монголоос ургаж байгаа хэлбэрээрээ олдсон хамгийн хөгшин мод 800 жилийн настай байсан шүү.

–         Судалгааны үр дүн яг хэзээ гарах вэ?

–          Судалгааны ажлынхаа үр дүнг нэгтгэж нэг жилийн дараа гэхэд шинжлэх ухааны олон улсын сэтгүүлүүдэд нийтлүүлэх байх.

–          Төслийн хүрээнд зөвхөн монгол орны байгалийг судлаад зогсохгүй манай судлаач эрдэмтдэд туршлага болсон өгөөжтэй ажил боллоо гэж бодож байна?

–          Анх 1998 онд Монгол-Америкийн хамтарсан жилийн цагираг судлалын төслөөр Монголд ирж байлаа. Тэр үеэс л монголын оюутан залуустай хамтарч ажилласаар ирсэн. Миний судалгаанд эхнээс нь оролцож, одоог хүртэл энэ чиглэлээрээ амжилттай ажиллаж, гадаадад эрдмийн зэрэг цолоо хамгаалж байгаа  монгол судлаачид олон бий. Ялангуяа МУИС-ийн Баатарбилэг эрхлэгчтэй Ой судлалын тэнхимийн эрдэмтэн, судлаачидтай олон жил хамтран ажиллаж, харилцан бие биенээсээ их зүйл сурсан гэж боддог.  Ер нь залуу хүнд байх ёстой хамгийн гол чанар бол хүний үгийг маш сайн сонсож, өөртөө хэрэгтэй талаас нь тунгаан боддог байх  явдал.  Бас хэзээ ч хэцүү зүйл тулгарч болох тул ямар ч үед бууж өгч болохгүй. Багшийнхаа мэдлэг туршлагаас байнга  хуваалцаж, өөрийгөө хөгжүүлж, зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө уйгагүй ажиллах нь чухал гэж  хэлмээр байна.

–          Таны ажилд амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар