Монгол Улсад япон хэлний мэргэжилтэн бэлтгэх үйлс эхэлснээс хойш 50 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна. Хагас зуун жилийн хугацаанд МУИС нь үндэсний мэргэжилтэн бэлтгэх гол сургалтын байгууллага болон хөгжиж, япон хэл, соёл, судлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулсаар иржээ.
Өнгөрсөн тавин жилийн хугацаанд МУИС-д япон судлалын мэргэжлийн бүх хөтөлбөрөөр 991 бакалавр, 113 магистр, 13 доктор төгсөж, Монгол улсад япон хэлтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх тогтолцоог бүрэлдүүлэн төлөвшүүлсэн байна. 1988 онд Хэл бичгийн факультетэд нээгдсэн хоёр жилийн оройн ангид олон салбарын мэргэжлээр их дээд сургууль төгссөн хүмүүс сургалтад хамрагдан нийт 303 суралцагч дүүргэжээ. Түүнчлэн япон хэлний хоёрдогч хэлний сургалтаар МУИС-ийн багш нар нийт 9000 гаруй оюутанд япон хэл зааж, Япон орны хэл, соёлын мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан байна.
Япон хэлний боловсролын салбарын түүхэн ололт, амжилтыг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд “Монгол улсын хөгжил, Монгол-Японы харилцаанд МУИС-ийн төгсөгчдийн оруулсан хувь нэмэр” сэдэвт хүндэтгэлийн хурал 2025 оны 11 сарын 28-ны өдөр МУИС-ийн түүхт Эрдмийн танхимд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг МУИС-ийн ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхим, Монголын япон хэлний багш нарын холбоо зохион байгуулж, Япон улсын Элчин сайдын яам дэмжигч байгууллагаар оролцохын зэрэгцээ үе үеийн багш нар, төгсөгчид, оюутнууд, хамтран ажиллагч байгууллагын төлөөлөл оролцлоо. Хурлыг Ази судлалын тэнхимийн дэд профессор Ц.Дэлгэрэхцэцэг хөтлөн явуулж, 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны зорилго, ач холбогдлыг дурдасны дараа хүндэт зочдыг танилцууллаа.
Хүндэтгэлийн хурлыг нээж УИХ-ын гишүүн, Боловсролын сайд доктор П.Наранбаяр, МУИС-ийн ректор профессор Б.Очирхуяг, Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Кондо Казүмаса, Япон сангийн япон хэлний мэргэжилтэн Томиока Фүмико, Монгол улсын Гавьяат багш, профессор С.Долгор, Монголын Япон судлалын нийгэмлэгийн тэргүүн, академич Ц.Батбаяр нар мэндчилгээ дэвшүүлэн Монгол улсын хөгжил хийгээд Монгол-Японы харилцаанд япон хэлний боловсролын гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэлээ.
Нээлтийн мэндчилгээний дараа хурлын оролцогчид дурсгалын зураг татуулав.
Хурлын үеэр Монгол-Японы харилцаа, япон хэлний боловсрол, орчуулга, дипломат ажиллагаа болон бизнесийн салбар дахь мэргэжлийн хэрэглээний талаар цогц илтгэлүүд хэлэлцэгдлээ. “Монгол улс дахь япон хэлний сургалт, судалгаанд МУИС-ийн оруулсан хувь нэмэр – хагас зууны түүхийг эргэн дүгнэх нь -” сэдэвт үндсэн илтгэлд Монгол улсын Гавьяат багш, профессор Т.Мөнхцэцэг япон хэлний сургалт эхэлсэн 1975 оноос өнөөдрийг хүртэлх хагас зууны хөгжлийн түүхийг тоймлон авч үзэн сургалт, судалгааны үр дүн, ололт амжилтын талаар нэгтгэн дүгнэж, салбарын хөгжлийн цаашдын зорилтын талаар тодотгон өгүүлэв. Тэрээр япон хэлний сургалтын бодлогыг Монгол улсад тодорхойлогч гол байгууллага болсон МУИС-ийн багш нар бүх шатны боловсролын байгууллагад ашиглагдах япон хэлний ном, сурах бичиг, гарын авлага зохиож, сургалтын чанарыг дээшлүүлэхэд тогтмол хувь нэмэр оруулсан хэмээн онцлон дурдав. Үүний зэрэгцээ багш нар хэл шинжлэл, орчуулга, түүх, орон судлал, заах арга зүйн чиглэлээр судалгаа хийж, олон арван бүтээлийг судалгааны эргэлтэд оруулснаар МУИС нь Монгол улс дахь япон судлалын нэг төв болоход чухал суурь болсон хэмээн дүгнэв. Энэ бүхний үр дүнд МУИС нь Монгол улсад япон хэлтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх үйлсэд зохих хувь нэмэр оруулсан төдийгүй төгсөгчид ажил мэргэжлээрээ дамжуулан Монгол улсын хөгжил, Монгол-Японы харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн болохыг онцлон тэмдэглэлээ. Төгсгөлд нь багшлах бүрэлдэхүүнийг төлөөлж хагас зууны туршид хамтран ажилласан бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийллээ.

Хурлын илтгэлийн эхний хэсэгт япон хэлний ангийн ууган төгсөгч, ахмад багш Д.Наранцэцэг Монголд япон хэлийг зааж эхэлсэн эхэн үеийн нөхцөл байдал, анхны багш нарын нөр их хөдөлмөрийн тухай өгүүллээ. Тэрээр япон хэлний сургалт эхлүүлэхэд профессор Чой.Лувсанжав багш чухал үүрэг гүйцэтгэсэн тухай, мөн Монгол улсын Гавьяат багш Я.Шаарийбуу, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хэл шинжлэлийн ухааны доктор Г.Жамбалсүрэн, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Д.Алмаас, түүнчлэн 1975 оноос Япон Сангийн шугамаар ирж ажилласан монголч эрдэмтэн Хасүми Харүо, Онүки Масао, Ёшида Жюн-ичи, Араи Шин-ичи, Хашимото Масарү, Коибүчи Шин-ичи багш нар хэрхэн хичээл зааж байсан талаарх үнэт дурсамжаасаа хуваалцав. Д.Наранцэцэг багш япон хэлний сургалт эхэлсэн цагаас хойш Японы Засгийн газар цаг ямагт дэмжиж ирсэнд гүн талархал илэрхийллээ.

Үргэлжүүлэн Соёлын гавьяат зүтгэлтэн О.Жаргалсайхан уншигчдад хүргэсэн Японы утга зохиолын үнэт бүтээлүүд, орчуулгын ажлын мөн чанарын талаар өгүүлэхдээ хэл нь хүний сэтгэлгээ, соёл, харилцааг холбодог нарийн хэрэгсэл гэдгийг онцолж, япон хэлийг сурах болон орчуулгын ажлын олон жилийн туршлагаараа дамжуулан түүний цаадах соёлын утга, хүний сэтгэл ба танин мэдэхүйг гүнзгий ойлгосноо онцлон дурдлаа. Тэрээр орчуулгыг хэлнээс давсан соёлын гүүр хэмээн тодорхойлж, цаашид хэлний боловсролыг хиймэл оюун ухаан, танин мэдэхүй, олон соёлт харилцаатай уялдуулан хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэсэн байна.

Үүний дараа, JICA-гийн “Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны хяналтын чадавхыг сайжруулах төсөл”-ийн зохицуулагч Ниппон Коэи ХК-ийн төлөөний ажилтан Ц.Цэцэгсайхан олон улсын төслүүдэд орчуулагчийн гүйцэтгэдэг хэлний болон соёлын зуучлагчийн чухал үүргийг өөрийн туршлага дээр тулгуурлан танилцууллаа. Тэрээр япон хэл өөрт нь шинэ мэдлэг, соёл, хамтын ажиллагааны үүд хаалга болж, тасралтгүй суралцах бололцоог нээсэн гэдгийг онцоллоо.

Хурлын завсарлагаанаар оролцогчид япон хэлний салбарын хагас зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн үзэж, үе үеийн төгсөгчид багш нартайгаа гэрэл зураг татуулав.


Хурлын хоёр дахь хэсэгт Монгол улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос дипломат талбар дахь япон хэлний мэдлэгийн стратегийн ач холбогдлыг видео илтгэлээр дамжуулан дэвшүүлэв. Тэрээр Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх үйлсэд япон хэлтэй боловсон хүчин үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн тухай илтгэж, гадаад бодлогын амжилтад япон хэлний мэдлэг чухал гүүр болж ирснийг тэмдэглэв. Мөн Япон орон, япон соёл, япон анд нөхдийн дэмжлэг дипломат албыг хашихад нь үргэлж түшиг тулгуур болсон хэмээн дурдаж, Монгол орны хөгжилд оруулж буй Япон улс, Японы ард түмний хувь нэмрийг бид төдийгүй бидний хойч үе мартах учиргүй хэмээн онцлон тэмдэглэлээ.

Үргэлжлүүлэн JICA-ийн хөтөлбөрийн ахлах ажилтан Э.Анхцэцэг олон улсын байгууллагад ажиллахад япон хэлний давуу тал, Монголд хэрэгжсэн зарим төслийн үр дүнгээс танилцуулав. Тэрээр оюутан ахуйдаа олон улсын хамтын ажиллагаанд татагдан JICA-д ажиллаж эхэлсэн ба Нарны гүүрийн бүтээн байгуулалт, Дулааны цахилгаан станц-4 үр ашгийг дээшлүүлэх төсөл, Монгол-Японы эмнэлгийг байгуулах төсөл, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл зэрэг Монгол-Японы томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд ахлах мэргэжилтний хувиар хувь нэмрээ оруулсан талаар илтгэв. Олон улсын байгууллагад ажиллахад хэлний өндөр мэдлэг, шүүмжлэлт сэтгэлгээ, салбар хоорондын өргөн хүрээний мэдлэг чадвар шаардагддаг бөгөөд мэргэжилтэн хүн өөрийн үүрэг хариуцлага, оруулах хувь нэмрээ зөв үнэлж, байгууллагаа төлөөлөхөөс гадна Монгол улсын эрх ашгийг хэрхэн хамгаалахыг үргэлж ухамсарладаг болохыг онцлон дурдлаа.

Үүний дараа Toyota Top Motors компанийн Борлуулалт, нэмэлт бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын захирал Д.Хангал Японы бизнесийн соёл, харилцаа, ажлын арга барилыг өөрийн туршлагаар тайлбарлаж, Монголын бизнесийн орчинд нутагшуулах боломжийн талаар илтгэв. Тэрээр TWSM Discovery Program сургалтаар япон соёл, үйлдвэрлэлийн үндэс, тасралтгүй сайжруулалтын арга барилыг судалж, Монголын авто салбарын үйлчилгээ болон байгууллагын соёлд нэвтрүүлэх бодит туршлагаас хуваалцлаа. Япон хэл нь түүнийг Тоёота групп болон бусад Японы байгууллагын бизнесийн соёл, тэр дундаа Omotenashi, Kaizen, Ichigo-Ichie гэх мэт соёлын ойлголт, зарчмуудыг гүн ойлгож, ажлын орчиндоо хэрэгжүүлэх боломжийг нээсэн гэдгийг илтгэлдээ онцлон тэмдэглэв.

Дээрх илтгэлийн дараа Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн ерөнхийлөгч, ахмад дипломатч Р.Жигжид илтгэлүүдийг нэгтгэн дүгнэж, салбарын цаашдын хөгжлийн бодлогын талаар санал, зөвлөмж өгөв. Тэрээр МУИС-д бэлтгэгдсэн үе үеийн япон хэлтэй мэргэжилтнүүд Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагаанд өнөөг хүртэл жинтэй хувь нэмэр оруулсан, мөн цаашид ч гэсэн улам чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй хэмээн онцлон тэмдэглэв.

Хурлын төгсгөлд япон судлалын багш нар илтгэгчид болон ивээн тэтгэгчдийн төлөөлөлд талархлын бичиг болон дурсгалын зүйлс гардуулж, энэхүү арга хэмжээ нь салбарын багш, оюутан, төгсөгчдийн хамтын ажиллагааг дэмжсэн чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцлон тэмдэглэлээ. Үүнд, 50 жилийн ойд зориулсан үйл ажиллагааны ивээн тэтгэгчдийн төлөөлөл болох Toyota Top Motors компанийн Борлуулалт, нэмэлт бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын захирал Д.Хангал (түүний гэр бүл 2004 оны төгсөгч Х.Пүрэвчимэгийн хамт), Нектар ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Норсон, 2006 оны төгсөгчдийн төлөөлөл Норовбанзад сангийн менежер Н.Батхүү нарт талархал гардуулав.





Хүндэтгэлийн хурлын дараа Бэст Вэстэрн Премьер Туушин зочид буудлын Соёмбо Танхимд Хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулагдлаа. Хүлээн авалтыг нээж УИХ-ын гишүүн, Боловсролын сайд доктор П.Наранбаяр, Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Кондо Казүмаса, Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Дэмбэрэл болон Ази судлалын тэнхимийн профессор С.Баттулга нар мэндчилгээ дэвшүүллээ. Хүлээн авалтын үеэр япон хэлний сургалтын байгууллагад суралцаж буй оюутан, сурагчдын оролцсон урлагийн тоглолт болсны дараа Монголын япон хэлний багш нарын холбооны зүгээс боловсролын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажилласан япон хэлний 15 багшийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасныг холбооны тэргүүн Э.Батжаргал, нарийн бичгийн дарга доктор П.Энхжаргал нар гардуулав. Мөн Санко маркетинг Монголиа ХХК-ийн захирал, МУИС-ийн төгсөгч Г.Нямдэлгэрээс 50 жилийн ойг тохиолдуулан МЯХБХ-д бэлэглэсэн ухаалаг дэлгэцийг гардууллаа.
Ийнхүү Монгол улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа нь хагас зуун жилийн хөгжил, ололт амжилтыг нэгтгэн дүгнэхийн зэрэгцээ үе үеийнхний дурсамж, туршлага, үзэл санааг нэгтгэж уламжлалыг шинэчлэлтэй холбон Монголын япон хэлний боловсролыг дараагийн шатанд ахиулах чухал үйл явдал боллоо.
















