Хайж байна...

МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн багш, ажилтнууд хамтарсан сургалтад хамрагдлаа

Share Button

БНХАУ-ын Эрээн хотод зохион байгуулагдсан “Small and Beautiful” буюу уул уурхайн нөөцийн хайгуул, байгаль орчны менежментийн чиглэлийн хамтарсан сургалт амжилттай өндөрлөлөө. Тус сургалтыг МУИС-ийн Инженер, технологийн сургууль, Өвөр Монголын ШУТИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн аж ахуйн нэгж, их сургуулийн судлаачдын хүрээнд зохион байгуулсан юм.


2026 оны 3 дугаар сарын 6–15-ны өдрүүдэд үргэлжилсэн тус сургалтад МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн багш, ажилтнууд оролцож, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

Сургалтын хүрээнд оролцогчид уул уурхайн салбарын орчин үеийн чиг хандлага, тухайлбал:

  • тэсэлгээний технологи ба аюулгүй ажиллагаа
  • ил болон далд уурхайн инженерчлэл
  • ухаалаг уул уурхай, дижитал шийдэл
  • уул уурхайн байгаль орчны менежмент, тогтвортой хөгжил
  • геологийн мэдээллийн систем, уурхайн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг сэдвүүдээр лекц, семинарт хамрагдсан юм.

Мөн сургалтын үеэр Эрээн хотын логистикийн бүс, уурхай, карьерийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох уулзалтууд зохион байгуулагдсан нь онцлог байв.

Уул уурхайн салбар нь байгаль орчин, нийгмийн хариуцлагатай уялдсан тогтвортой хөгжлийн чухал чиглэл бөгөөд ийм төрлийн сургалтууд нь мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус сургалтад хамрагдсанаар МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн багш, ажилтнууд олон улсын сайн туршлагаас суралцаж, цаашид сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх, оюутнуудад орчин үеийн мэдлэг олгох боломж улам бүр нэмэгдэж байна.

Сургалтын төгсгөлд оролцогчдод батламж гардуулж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцлоо.

 

* Монгол Улсын Их Сургууль болон Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн их сургууль 2023 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш боловсрол, судалгаа шинжилгээний чиглэлээр олон ажлыг хамтран хэрэгжүүлж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр сургууль Монгол Улс болон БНХАУ-д зуны сургалтыг хоёр удаа амжилттай зохион байгуулсан. Мөн МУИС-д Хүрээлэн буй орчны дундын лаборатори байгуулж, уг лабораторийг БНХАУ-ын улсын дэсийн лаборатори болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Ингэснээр судалгааны багаж, тоног төхөөрөмж болон санхүүгийн дэмжлэг нэмэгдэх боломж бүрдэх юм. Түүнчлэн цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг дахин цэвэршүүлэх чиглэлээр хамтарсан судалгааны төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Үүнээс гадна Торгоны замын бүс нутгийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БНХАУ-д уламжлал болгон зохион байгуулж байна.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар