Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг хамаарагч, эрхэмсэг хатагтай Александрина Гигова МУИС-ийн Эрдмийн танхимд хүрэлцэн ирж, багш, оюутан, судлаачдад зориулан “Bulgaria in the European Union” сэдэвт нээлттэй лекц уншлаа.

Тэрбээр лекцийнхээ хүрээнд Болгар улсын байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг, өвлийн аялал жуулчлалын онцлог, мөн тус улсын баялаг түүх, соёлын өвийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Үүний зэрэгцээ Болгар улс Европын Холбоонд нэгдсэн үйл явц, уг интеграцийн хүрээнд бий болсон эдийн засаг, нийгэм, бодлогын өөрчлөлтүүдийг тодорхой жишээ, баримтаар тайлбарлав.

Мөн Европын Холбооны гишүүн орны хувьд Болгар улс Монгол Улстай хэрхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй, ялангуяа боловсрол, соёл, олон улсын харилцааны чиглэлд хэрэгжүүлж буй санаачилгуудын талаар онцлон дурдлаа. Лекцийн үеэр оролцогчдод Болгар улсын онцлог бүтээгдэхүүн болох сарнайн охьны анхилуун үнэрийг танилцуулсан нь тус улсын соёл, уламжлалыг мэдрэх сонирхолтой боломжийг бүрдүүлэв.

Хатагтай Александрина Гигова цаашид Монгол, Болгар хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, оюутан, судлаачдын солилцоог идэвхжүүлэхэд онцгойлон анхаарах байр сууриа илэрхийллээ.

Лекцийн дараа оролцогчдын дунд асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнөж, оюутан, багш, судлаачид сонирхсон асуудлаараа дэлгэрэнгүй мэдээлэл авч, санал бодлоо солилцов.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

