Хайж байна...

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Share Button

МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан нар хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтран ажиллахаар Санамж бичгийг байгуулав.

Талууд төр-боловсролын байгууллагуудын урт хугацааны, тогтвортой, хариуцлагатай түншлэлийг бэхжүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбарт үр дүнтэй, шинэлэг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхааран, хүүхдийн бие махбод, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгэмшихүй, танин мэдэхүй, боловсролын хэрэгцээг хангасан эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн сургалт, судалгаа болон гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлын талаар нөлөөллийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, тус салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уг ёслолын ажиллагаанд МУИС-ийн талаас Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Шинжлэх Ухааны Сургуулийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Г.Түмэннаст, Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төвийн захирал, доктор, дэд профессор А.Батхишиг болон тус газрын салбар, нэгжийн дарга нар оролцов.

Энэхүү арга хэмжээ нь хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбар дахь төрийн болон боловсролын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан хөгжүүлэх, хүүхэд ба гэр бүлд чиглэсэн боловсрол, хүмүүжлийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хамтын ажиллагааны эхлэл боллоо.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар