Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлын ухамсар, ёс зүйг бий болгох, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд цахим орчны зөв төлөвшилт бий болгох зорилгоор “ХАРУУЛ ЗАНГИ” мэдээллийн аюулгүй байдлын тэмцээн өнөөдөр шилдгээ тодрууллаа.
Тус тэмцээнийг Кибер аюулгүй байдлын газар, Мобиком корпораци, Үндэсний дата төв, ШУТИС-ийн КТМС хамтран зохион байгуулсан бөгөөд тэмцээнд нийт 103 баг өрсөлдөж мэдлэг чадвараа сорьж нэгдүгээр байрт NOM@D$ , хоёрдугаар байрт TEAM1, гуравдугаар байрт Chonos, дөрөвдүгээр байрт SESI багууд шалгарчээ.
Тэмцээн мэдээллийг шинжлэн үнэлэх, Системд нэвтрэх, Систем, сүлжээг довтолгооноос хамгаалах, Мэдээллийн аюулгүй байдлын зөрчлийг шийдвэрлэх гэсэн 4 үе шаттайгаар явагдсан юм. Энэхүү улсын хэмжээний тэмцээнд МУИС-ийн МТС-ийн Сүлжээний 4-р ангийн оюутнуудын баг хоёрдугаар байр, мэдээллийн технологийн 3-р ангийн оюутнуудын баг дөрөвдүгээр байрын шагнал тус тус хүртлээ.
Их дээд сургуулийн багш нарын болоод мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудын багуудтай өрсөлдөж, мэдлэг оюуны чадвараараа тусгай байр эзэлсэн МТС-ийн Мэдээллийн технологийн гуравдугаар ангийнхантай товч ярилцсан юм.
– Юуны түрүүнд баяр хүргэе. Монголд анх удаа зохиогдож байгаа ийм том тэмцээнд ангиараа шилдэгт үлдэнэ гэдэг амжилт байлгүй яах вэ.
– Баярлалаа. Манай ангийнхан энэ тэмцээнд 5 баг болж оролцсон юм. Тэмцээний 2-р шатанд шалгарсан шилдэг 12 багаас 8 нь манай сургуулийнх байсан. Тэр дотроо тав нь манай ангийнх. Сүүлийн шилдэг 4 багт оноогоороо нэгээр шалгарч үлдээд А.Ууганжаргал, Т.Батсуурь хоёр маань тусгай байр эзэллээ. Манай ангийхны хувьд бол маш амжилттай оролцлоо гэж бодож байна. Мөн манай сургуулийн сүлжээний 4-р ангийн баг хоёрдугаар байрт орсон. Тэд нартаа баяр хүргэе.
– Сүүлийн шатанд оноогоороо тэргүүлж байсан байна шүү дээ. Яагаад байр хойшилчихов
– Тийм ээ. Өрсөлдөгчид сайн байлаа. Бусад багууд бүгд төгсөх ангийнхан, багш нар, мэргэжлийн IT-ийн байгууллагын ажилтнуудаас бүрдсэн байсан. Бидэнд жоохон туршлага дутсан байх л даа. Цаашдаа улам хичээж суралцах болно.
– Та нар нэг ангийхан гэлээ. Өөрсдийгөө танилцуулаач
– А.Ууганжаргал, Т.Батсаруул, Б.Амартүвшин, М.Мөнхсүх, Б.Шагж, Д.Дэлгэрмөрөн, С.Пүрэвдорж, Г.Түвшинбат, П.Тэгшбаяр, Ц.Батхонгор бид хэд саяын тэмцээнд хоёр хоёроороо баг болж оролцсон юм. Бүгдээрээ МТС-ийн мэдээллийн технологийн 3-р ангийнхан.
Өмнө багаараа өөр уралдаан тэмцээнд орж байв уу. Бэлтгэл хэр хийв.
– Тэмцээн болохоос 2 хоногийн өмнө л баг болцгоосон. Тэрнээс өмнө тус тусдаа бэлтгэл хийж байсан л даа. Саяхан болсон улсын багийн олимпиадад ороод бас манай сургуулийн 2 баг эхний 2 байранд орж, олон улсын тэмцээнд явах эрхээ авсан. Робокон өнөөдөр болж байна. Манай ангийхан ер нь мэргэжлийн салбартаа их амжилттай байгаа. Түрүү жил манай ангийн А. Ууганжаргал Азийн мэдээллийн технологийн суурь шалгалтанд 2-р курст байхдаа тэнцэж байсан. Энэ шалгалт бол оюутнуудын биш мэргэжлийн хүмүүсийн түвшин тогтоох шалгалт. Монголоос тэнцсэн 60 хүн л байдаг юм.
– Тэмцээний даалгаврууд хэр хүнд санагдав.
– Эхний үеүд бол дажгүй ээ. Гэхдээ манай баг бүр оноо ч аваагүй явж байгаад хамгийн өндөр оноотой бодлогыг сонгож авсан. Нэгдүгээрт цагтаа амжиж их оноо цуглуулах ганц боломж бол тэр байсан. Нэг бол түрүүлнэ, үгүй бол хаашдаа оройтсон гэж бодсон л доо. Тэгээд тэр бодлогоо ч бодож чадсан, үлдсэн хугацаандаа өөр бас нэг бага онооны бодлого бодоод нэгээр гарч ирсэн. Тактикийн хувьд зөв ажилласных байх.
– Ёсзүйт хакер гэж ер нь ямар байх ёстой юм бэ.
– Манай мэргэжлийнхнийг дотор нь цагаан малгайт, хар малгайт гэж ангилдаг. ” Харуул занги” тэмцээн бол цагаан малгайтнуудын ур чадварыг шалгасан тэмцээн боллоо. Халдлагаас сэргийлэх, халдлагад өртсөн бол илрүүлэх, хамгаалахын тулд ёсзүйт хакерууд мэдээж “хар малгайтнуудын” ажиллагааг мэддэг байх хэрэгтэй. Сайн хамгаалагч байхын тулд бас сайн дайрагч байх ёстой.
– Та нар ямар нэг сайтыг ч юмуу хакердаж үзэж байсан уу.
– Болохгүй л дээ. Мэргэжлийн ёсзүй гэж байдаг. Гэхдээ мэдээж үзэж байсан. Манай төрийн байгууллагуудын хамгаалалт сул. 2-3 жилийн өмнө төрийн байгуулагуудын 50 сайт нэг шөнө зэрэг халдлагад өртөж байсан удаа ч байдаг. Мэдээллийн сайтууд ч гэсэн байнга гадны халдлагуудад өртдөг.
– Энэ тэмцээн монгол залуучуудын чадварыг олон улсад харьцуулж үнэлэх боломжийг олголоо гэж бодож байна.
– Тийм. Монголын том банкууд бол бүгд гадаадын IT инженерүүдээр юмаа хийлгэдэг. Хэдий өртөг өндөртэй ч монгол хүнд итгэх итгэл байдаггүй. Одоо харин ийм тэмцээн зохиосноороо монгол мэргэжилтнүүдийнхээ мэдлэгийг нэг түвшин ахиулсан, чадварыг харуулсан гэж бодож байна. Залуустаа хандаж хэлэхэд бидэнд боломж байна шүү. Өөрсдийгөө сайн хөгжүүлцгээе гэж хэлье.
– Дахин баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.