Хайж байна...

МУИС-ийн төлөөлөгчид ХБНГУ-д томилолтоор ажиллалаа

Share Button

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, МТЭС-ийн захирал Б.Ганбат, ШУС-ийн НУС-ын Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн профессор У.Эрдэнэбат,  ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхимийн профессор Д.Лхагвасүрэн, ИТС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор Ц.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2026 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 24-ний хугацаанд ХБНГУ-д албан томилолтоор ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд ХБНГУ-ын Холбооны судалгаа, технологи, сансар судлалын яам (BMFTR), Монгол Улсын Боловсролын яам хамтран, ХБНГУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Герман-Монголын шинжлэх ухааны өдрийг 2026 оны 10 дугаар сарын 21-нд Берлин хотноо зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын түүхэн 100 жилийн хамтын ажиллагааг нэгтгэн дүгнэж, ирээдүйн инновац_судалгааны түншлэлийг өргөжүүлэх зорилготой бөгөөд анх удаа Монгол Улсын төрийн тэргүүний гадаад айлчлалын хүрээнд шинжлэх ухааны өдөрлөг зохион байгуулж байгаа тохиолдол болов.

Өдөрлөгт Ханноверын Лейбниц Их Сургуулийн Дэлхийн системийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын гүйцэтгэх захирал, проф. Г.Гүггэнбергер, др. О.Шибистова, МУИС-ийн ШУС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн профессор У.Эрдэнэбат,  Монгол Улсын Боловсролын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга др., дэд проф. Н.Пүрэвцогт, Гёрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн захирал проф. К.Вэшэ, УИХ-ын гишүүн акад. Д.Рэгдэл, Фрайбургийн Их Сургуулийн Хэрэглээний ургамлын экологийн судлаач др. проф. Ч.Дуламсүрэн, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн ректор, проф. Б.Батцэнгэл нар панелистаар оролцож өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцав.

Хоёр орны эрдэмтэн судлаачид Герман-Монголын судалгааны хамтын ажиллагааг бодит байдал дээр амжилттай болгож буй хүчин зүйлс, цаашид юунд тулгуурлан хөгжүүлэх, судалгааны хамтын ажиллагааны дараагийн тэргүүлэх чиглэл юу байх ёстой зэрэг асуудлаар санал бодлоо солилцож Герман-Монголын судалгааны хамтын ажиллагааны бодит жишээ болон холбогдох санхүүжилтийн боломжуудад төвлөрсөн хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

“Герман-Монголын шинжлэх ухааны өдөр” арга хэмжээний хүрээнд Монгол Улсад уур амьсгал, тогтвортой хөгжлийн судалгаа, инженерчлэл ба материал судлал, эрүүл мэндийн судалгаа, археологи зэрэг чиглэлээр судалгаа хийх “GM-MEET” шинжлэх ухааны шинэ санаа, хамтарсан төслийн уралдааны шилдэг төслүүдийг сонгон шалгаруулав. Шалгарсан төсөл бүрт жилийн хугацаанд 35,000 еврогийн санхүүжилт олгох бөгөөд ХБНГУ-ын Берлиний Чөлөөт Их Сургууль, Германы Археологийн хүрээлэн, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, Чингис хаан музейн эрдэмтэн судлаачдын хамтран боловсруулсан “ArchaeDeMon” төсөл тэргүүн байранд шалгарав.

“Герман-Монголын шинжлэх ухааны өдөр” арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, др. дэд проф. Ч.Лодойравсал, ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, др. Маркус Плейер тэргүүтэй албаны хүмүүс, хоёр улсын эрдэмтэн судлаач, их, дээд сургуулийн удирдлагын төлөөлөл оролцож хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, инновацын хамтын ажиллагааны үр дүнг нэгтгэн дүгнэх, цаашид шинэ шатанд гаргах арга зам, боломжуудыг хэлэлцэв.

Монгол Улсын Төрийн тэргүүний албан ёсны найрсаг айлчлалын хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зарим их, дээд сургуулиуд хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан юм. Боловсролын салбарт эдгээр санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээг байгуулснаар Герман, Монгол хоёр орны хамтын ажиллагааны 100 жилийн түүхтэй түншлэлийг бататгах, эрдэм шинжилгээ, судалгааны чадавхийг бэхжүүлэх, багш, эрдэмтэн судлаач, оюутнуудын урт богино хугацааны сургалт, судалгааны тэтгэлэг, төсөл, эрдэм шинжилгээний солилцоог нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нарын ивээл дор зохион байгуулж буй “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн Берлин хотын Музейн арал дахь “Жеймс Симон” галерейд нээгдсэн байна. Тус үзэсгэлэнд Монгол Улсаас дэлгэн үзүүлж буй үнэт олдвор үзмэрүүдийн дунд 1999 оноос эхэлсэн Монгол-Германы археологийн хамтарсан экспедиц болон МУИС-ийн эрдэмтэн багш, оюутан суралцагсдын олон жилийн хөдөлмөрийн үр дүнд нээн илрүүлж улсад хүлээлгэн өгсөн олдворуудаас оролцсон байна. Мөн Берлин хотноо герман хэлээр хэвлэгдэн гарсан тус үзэсгэлэнгийн эрдэм шинжилгээний каталогид МУИС-ийн профессор багш нар өгүүлэл бичиж нийтлүүлжээ. “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл олон нийтэд толилуулах юм байна.

Гэрэл зургийг © Czybik & Schmid Media

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар