“Мянга сонсохоор нэг үз” буюу Герман орноор туршлага судалсан нь

Share Button

 Бүх нийтэд тогтвортой хөгжлийн боловсрол олгох, тэр дундаа хүүхэд залууст хүрч ажиллан, тэдэнд байгаль орчны хүмүүжил төлөвшил олгох нь ЭБТ-ийн гол зорилгын нэг билээ. Хүрээлэн буй орчны боловсрол, ухамсар хамгийн өндөртэй орны нэг болох ХБНГУ-д зочлон, бүх нийтэд боловсрол олгож буй бодит байдалтай танилцах, энд 8 настай балчраасаа 80 настай буурал хүртлээ хамгийн наад зах нь орчиндоо нэг ширхэг ч хог хаядаггүй болж хэвшсэний нууц нь юунд байдгийг олж мэдэх, ажлын арга барил, туршлагаас судлах, хамтын ажиллагаа, амьд холбоо тогтоож, мэргэжлийн зөвлөгөө авах, шинэ санаа олох, шинэлэг арга барилд суралцах, товчоор хэлбэл “1000 сонсохоор 1 үзэх” зорилго бүхий уг аяллаас ЭБТ-ийн ажилтнууд богц дүүрэн буцаж ирлээ.

2011 оны 7-р сарын 31-ээс 8 сарын 11-ний өдөр хүртэл нийт 12 хоног үргэлжилсэн уг аялалын бүрэлдэхүүнд ЭБТ-ийн таван ажилтан, Байгаль-Эх лицей ахлах сургуулийн багш, ГХСС-ийн оюутнууд болон биологи, экологийн чиглэлээр магистрт сурч буй оюутнуудаас бүрдсэн нийт 15 хүн байлаа.

Аялалын ХБНГУ-д байх бүх зардал буюу байр, хоол, унаа, даатгал, соёлын арга хэмжээний бүх зардлыг Германы Эрдмийн Солилцооны Алба санхүүжүүлсэн бөгөөд олон улсын нислэгийн ирэх очих зардлыг оролцогчид өөрсдөө болон МУИС-аас санхүүжүүллээ. Уг аяллыг ХБНГУ-ын “Усны нэгдсэн менежмент – Загвар бүс нутаг Монгол” төслийн “Нөөц чадавхийн хөгжил” төслийн Орон нутгийн зохицуулагч Проф. Др. Хүндэт Др. Михаел Валтер, МУИС-ийн ЭБТ-ийн менежер Др. Р. Сүнжидмаа нар удирдан явуулсан бөгөөд оролцогчид ЭБТ-тэй ижил төстэй үйл ажиллагаа бүхий дараах байгууллагын үйл ажиллагаатай танилцав.

Үүнд:

  • Берлин дэх Экологийн төв
    • Берлиний Байгалийн түүхийн музей
    • Баварын ойн Байгалийн цогцолбор газар
    • Фулдаталын Усны танин мэдэхүйн төв
    • Хүрээлэн буй орчны судалгааны Хелмхолц төв
    • Берлиний Ботаникийн музей, ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

Аяллын эхний хоёр өдөр бид Берлин дэх Экологийн төвийн үйл ажиллагаатай танилцав. Энэ байгууллага нь Берлин хотод хүрээлэн буй орчны боловсролын үйл ажиллагаа явуулдаг 16 байгууллагын нэг юм. Нийгмийн тусын тулд ажилладаг төрийн бус байгууллагын статустай, гишүүдийнхээ татвараар санхүүждэг бөгөөд хотоос мөн санхүүгийн дэмжлэг авдаг. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, гэр бүлд зориулсан тусгай хөтөлбөртэйн дээр амралтын өдрийн хөтөлбөр, хүүхдийн зуны амралтанд зориулсан хөтөлбөр, хавар, намрын өргөн хүрээг хамарсан арга хэмжээний хөтөлбөр зэрэг олон янзын хөтөлбөрийг санал болгож бүх нийтэд үйлчилдэг. Жинхэнэ орон тоо нь таван хүнээс бүрдэх боловч төрийн бус байгууллагынхаа сайн дураар ажиллах сонирхолтой, үйл ажиллагааг нь дэмжин сайшаадаг олон хүний тусламжаар цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгааны нөр их ажлыг нугалдаг. Мөн “Сайн дурын нэг жил” хөтөлбөрийн хүрээнд дунд сургууль төгссөн хүүхдүүдийг нэг жил ажиллуулдаг. Бидний зочилсон байгууллагаас ажиллах хүч, үйлчлэх хүрээ, эзэмшиж буй талбай зэргээрээ манай байгууллагатай хамгийн ойрхон байгууллага нь энэ байлаа.

Энэ байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, зарим хөтөлбөрт нь өөрсдийн биеэр оролцож, туршлага судласан хоёр өдөр маш үр дүнтэй болж, бид эндээс хэрэгжүүлж болохуйц олон сайхан санаа олоод буцлаа. Биднийг байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцуулж, олон зүйлийг зааж сурган, сонирхсон асуулт болгонд сэтгэл харамгүй хариулж зөвлөгөө өгч байсан уг байгууллагын удирдагч ноён Р. Грубе энэ оны 9-р сард МоМо – “Нөөц чадавхийн хөгжил” төслийн шугамаар манайд зочилж, Урсгал усны экологийн чиглэлээр сургалт семинар явуулахын зэрэгцээ манай байгууллагатай болон бидний хойшдын төлөвлөгөөтэй танилцаж зөвлөгөө өгөх юм. Берлиний Экологийн төвтэй танилцаж туршлага судласны дараа бид Берлиний Байгалийн түүхийн музейтэй товч танилцав. Ноён Др. Колеманн биднийг музейн “арын амьдрал”-тай танилцуулж, музей танилцуулах арга технологийн тухай болон судалгааныхаа ажлын талаар ярьж, сонирхсон асуултанд хариуллаа.

 Аяллын гурав дахь өдөр бид 700 гаруй километр замыг туулсны эцэст Баварын ойн Байгалийн цогцолбор газар хүрэлцэн ирлээ. Энэ байгууллага ажилтны болон салбар хүрээлэнгийн тоо, газар нутгийн хэмжээ, санхүүжилт зэргээрээ манай байгууллагатай харьцуулалтгүй том байгууллага байв. Бид энэ байгууллагын Тогтвортой хөгжлийн боловсрол олгох төвтэй танилцаж, туршлага судлан, хамтран ажиллалаа.

Баварын ойн Байгалийн цогцолбор газартай танилцсан хоёр өдрийн үйл ажиллагаа сонин содон зүйлээр дүүрэн, шинэ санаа олныг төрүүлсэн, үр дүнтэй ажиллагаа болсны дээр хоёр байгууллагын хооронд Хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцсон нь онцлууштай үйл явдал болов. Гэрээнд Монголоос эрдэм шинжилгээний чиглэлээр бүхий л төвшинд ажиллах хүнийг уг байгууллага дуртайяа хүлээн авахад бэлэн байгаа, “Сайн дурын нэг жил” хөтөлбөрийн хүрээнд өрсөлдөөн их байдаг боловч Монгол залуусыг ажиллуулахад тусгайлан анхаарах боломжтой тухай, мөн хоёр жил тутамд уг байгууллагаас зохион байгуулдаг “Биологийн олон янз байдал” олон улсын хуралд Монгол залуусыг оролцуулахыг дэмжих тухай зэрэг хүний нөөцийн асуудлаарх олон нааштай зүйлсийг тусгахаар ярилцлаа. Бидний зүгээс уг хамтын ажиллагааны гэрээнд Монголын соёл, ёс заншилтай холбоотой мэдээллийг орчуулж явуулж байх, Монгол залуусыг герман залуустай холбож өгөх, хамтарч Монголын өдрүүд зохион байгуулах, тэнд баригдсан монгол гэрийн хажууд хийж тавих үхэр тэрэгний зааврыг өгөх зэргээр хоёр байгууллагын удаан жилийн хамтын ажиллагааг бүрдүүлэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулахуйц зүйлсийг хамтран хэрэгжүүлэхээр ярилцав. Биднийг хүлээн авч байгууллагынхаа олон нийтэд хандсан үйл ажиллагаа, ажлын туршлагаасаа хуваалцан, бодит байдалтай танилцуулж, байгалийг танин мэдэх өртөө, ойн экологийн чиглэлээр сонирхолтой яриа өрнүүлэн, богино хугацаанд аль болох олон зүйлийг таниулах, тайлбарлах, шинэ санаа өгөхөөр хичээн ажилласан ноён Л. Лаукс, А. Клайн нарыг ЭБТ-ийн хээрийн кампийн төслийг боловсруулахад зөвлөгөө өгч, хамтран ажиллахыг урихад тэд дуртайяа хүлээн авсанд бид их баяртай байна.

Дараагийн өдөр нь бид мөн нэг өдрийн турш замд явж Фулдаталын Усны танин мэдэхүйн төвд ирлээ. Тогтвортой хөгжлийн боловсрол олгохдоо Ус сэдвийг түлхүү анхаардаг, тухайн орон нутгийн “Эко сургууль” хөтөлбөрийг удирдан явуулж, зөвлөгөө өгч ажилладаг уг байгууллага нь мөн л янз бүрийн тоглоомын аргаар байгалийг танин мэдрүүлэхийг чухалчилж, үүгээрээ ч олон сонирхолтой хөтөлбөрийг насны онцлогт тохируулан санал болгодог байна. Сургууль, цэцэрлэгийн хамт олон уг байгууллагын хамгийн чухал үйлчлүүлэгч болохоос гадна төрсөн өдөр тэмдэглэх, амралтаа өнгөрөөх зэрэг тусгай хөтөлбөрүүдийг мөн санал болгодог. “Хүн толгой, зүрх, гар гурваараа гурвуулангаар нь сурвал сая мэдлэг бий болдог” гэсэн уриатай уг хамт олон хүүхдэд тогтвортой хөгжлийн боловсрол олгохдоо аль болох нүдээр нь харуулж, гараар нь хийлгэх, тэгэхдээ аль болох шинэ юм мэдэж авах, танин мэдэх хүсэл эрмэлзлийг нь төрүүлэх, мөн хамт олонсог байдалд сургах, юмыг өөр өнцгөөс харах боломжийг олгох зарчмыг баримталдаг байна. Энэ байгууллага ус хаанаас гарч, ямар зам дамжлагыг дамжин цэвэршдэг болохыг загварчлан үзүүлсэн ус цэвэршүүлэх загвар төхөөрөмжтэй, мөн ус гаргаж авах болон аливаа зүйлийг ажиллуулахад эрчим хүч шаардагддаг болохыг харуулах янз бүрийн хэрэгсэл, төхөөрөмжтэйгээрээ онцлог байв. Мөн сургуулийн хүүхдүүдийг ойролцоо байх горхиноос дээж авахуулан, тухайн гол, горхины чанарт үнэлгээ өгүүлдэг бөгөөд эдгээр туршилтыг хийж үзэх гэж маш олон анги бүлэг тэднийг зорин ирдгийг өгүүлж байлаа. Хүүхдийн бүтээлч үйл ажиллагааг дэмжсэн танин мэдэхүйн олон тоглоом, арга барилд суралцсан энэ байгууллагын бидэнд сэтгэл харамгүй зөвлөгөө өгч, хөтөлбөрүүдээ танилцуулсан ноён К. Меммен, хатагтай М. Грав болон бусад мэргэжилтнүүд биднийг байнга холбоотой байж, асуух зүйлээ хүссэн үедээ асууж, зөвлөгөө авч байхыг хүссэн нь хоёр байгууллагын ажилтнуудын хооронд тогтоосон амьд холбооны нэгэн жишээ юм.

Дараагийн өдөр нь бид Гөттинген хотоор дамжин Магдебург хот дахь Хүрээлэн буй орчны судалгааны Хелмхолц төвд зочилж Проф. Др. Д. Борхардтын илтгэлийг сонслоо. Энд бид эрдэм шинжилгээний байгууллага ажлынхаа үр дүнг хэрхэн олон нийтэд танилцуулдаг тухай олон сайхан жишээтэй танилцаад цааш явж Берлин хотод ирэв. Аяллын сүүлийн өдөр бид Берлиний Ботаникийн музей, ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд зочлов. Уг байгууллагын үйл ажиллагаа, музей, цэцэрлэгт хүрээлэнтэй танилцахад бидний тэнд өнгөрөөсөн дөрвөн цаг дэндүү богино хугацаа байлаа. Гэвч уг байгууллагаас бидэнд хүлэмж, цэцэрлэгт хүрээлэнгийн нарийн технологийг ярьж өгч, тулгамдаж буй асуултдаа хариу авах боломжийг олгон хоёр ажилтантай биечлэн уулзуулав. Берлиний ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг бүрэн сонирхоод гарахад дэлхийн газарзүйн бүх бус нутгаар аяласан юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйц ургамлын амьд сан хөмрөгийг энд бий болгожээ. Алпийн нуруу, Гималайн нуруу, бүр Алтайн нурууны ургамалжилтыг хүртэл тэнд үзэж болохоор. Бүх орчныг нь хиймлээр бүрдүүлсэн бөгөөд зарим нурууг массштабаар нь багасган, зүг чиг, тогтцыг нь хүртэл дуурайлган хийсэн гэнэ. Бүх мод, цэцгийн үрийг байгалиас нь авч бойжуулан, янз бүрийн нөхцөл бүхий өөрийн хүлэмжээрээ дамжуулан гадаа шилжүүлэн ургуулж арчилдаг. Энэ ажилд хэдэн арван жилийн нөр их хөдөлмөр, эрдэм шинжилгээний бүхэл бүтэн баг, маш их хүн хүч, хөрөнгө мөнгө шаардагдах нь тодорхой ч ЭБТ-ийн гадаах цэцэрлэгт Алтай, Хангай, Хэнтийн нурууг үзээд явж байх боломж байхыг үл үгүйсгэнэ. Биднийг богино хугацаанд гайхамшигт цэцэрлэгийнхээ нэгээхэн хэсэгтэй болон түүхэн хөгжил, байгууллагынхаа концепцтэй танилцуулан, мөн хүлэмжний нөхцөл байдал ямар байх ёстой тухай, тухайлбал температур, чийг, салхины урсгал зэргийг нь анхаарахаас гадна ямар ургамлыг хаана тарих вэ гэдгийг маш олон хүчин зүйлийг харж шийддэг тухай зэрэг өөрсдийн арга барилаасаа ярьж өгсөн ноён Г. Пароли ч ийм болж болох тухай  дурдаж, хэрэв бий болгохоор шийдвэл нарийн арга технологиосоо сэтгэл харамгүй хуваалцан хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол улсаас ургамлын үр авах хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол их байгаагаа илэрхийллээ.

ХБНГУ-д туршлага судласан бидний энэхүү аялал богинохон байсан ч оролцсон хүн бүхний хувьд харъя, мэдье гэсэн зүйлээ харж, ажил дээр өдөр тутам тохиолддог олон асуултдаа хариулт авж чадсан, хүүхэдтэй зөв харьцаж сонирхлыг нь татах хамгийн энгийн аргаас эхлэн нарийн өндөр технологитой ч танилцаж амжсан маш үр дүнтэй аялал боллоо. Ингээд бид байгууллагынхаа зорилго, өнөөдрийг хүртэл явуулсан үйл ажиллагааны туршлага, үзэж харсан, сурсан зүйлдээ тулгуурлан ЭБТ хойшид дараах байдлаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй болов уу гэж дүгнэж байна. Үүнд:

  • ЭБТ-ийн цэцэрлэгт хүрээлэнг Монгол орны модны зүйлийн олон янз байдлыг харуулсан сан хөмрөг байлгахын зэрэгцээ гэр бүл, анги хамт олон ирж чөлөөт цагаа өнгөрөөнгөө байгалийг танин мэдэх “Танин мэдэхүйн парк” болгох
    • ЭБТ-ийн Амьтан судлалын музейн ашиглагддаггүй талбайг орчин үеийн техник, технологиор тоноглогдсон “Танин мэдэхүйн төв” болгоход ашиглаж, олон нийт, хүүхэд багачуудад жилийн дөрвөн улирал үйлчилж байх 
    • Ус судлах хүүхдийн лабораторийг бий болгох
    • Хойшид ЭБТ-ийн хээрийн капмтай болж, түүндээ түшиглэн хүүхдийг байгальтай орчинд нь танилцуулж байх
    • Их сургуулийн багш, эрдэмтдийн бүтээлийг хялбаршуулан нийтэд хүргэх зорилгоор, тэдний судладаг сэдвээр “Надад ойрхон шинжлэх ухаан” сэдэвт арга хэмжээг тогтмол зохион байгуулж байх
    • Энэ бүх арга хэмжээ нь тодорхой хэмжээний төлбөртэй байх зэрэг болно.

 

Энэ дашрамд уг аяллыг санаачилж зохион байгуулсан Проф.Др. Михаел Валтер, санхүүжүүлж дэмжсэн Германы Эрдмийн Солилцооны Алба болон МУИС-ийн захиргаанд баярласан талархсанаа бүх оролцогчдынхоо өмнөөс илэрхийлж байна. Мөн ХБНГУ-д хийсэн уг аяллын хөтөлбөр нэлээн шахуу, богино хугацаанд их зүйлийг амжин үзэх, сурах шаардлагатай байсан хэдий ч бүх арга хэмжээнд идэвхийлэн оролцож, хичээл зүтгэл гарган хамтран ажилласан бүх оролцогчиддоо баярласнаа илэрхийлье.

МУИС-ийн ЭБТ-ийн ажилтнууд ХБНГУ-д туршлага судалж,

мэргэжил дээшлүүлээд ирсэн тухай аяллын тухай

мэдээлэл бэлтгэсэн Р.Сүнжидмаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар