Калидас Шетти: Шинэ санааг бүтээгдэхүүн болгох механизм буюу технологийн соёл хэрэгтэй

Share Button

АНУ-ын Массачусетсын их сургуулийн Хүнсний шинжлэх ухааны хүнсний биотехнологийн салбарын профессор Каллидас Шеттитэй уулзаж ярилцлаа. Тэрээр хоёр их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 8-р сарын 23-30-ны өдрүүдэд МУИС-д  ажил хэргийн айлчлал хийсэн билээ.

  –         Таны айлчлалын зорилго юу вэ?

–         Айлчлал маань гурван зорилготой. Эхнийх нь боловсролын чиглэлд ялангуяа докторын оюутнуудыг сэндвич хөтөлбөрт хамруулах боломжийг судлах. Энэ нь  12-15 сарын хугацаатайгаар Массачусетсын их сургуульд  МУИС-ийн докторант оюутнуудыг суралцуулах, дадлага олгох, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх хөтөлбөр юм. Удаах нь  магистр болон бакалаврын түвшний оюутнуудыг lifescience буюу амь ахуйн шинжлэх ухааны чиглэлд  сургах дадлагажуулах хөтөлбөрийн талаар ярилцах. Амь ахуйн шинжлэх ухаан гэдэг нь  хими, биологи, физик гэх мэт хэд хэдэн шинжлэх ухаан  хамтран хүнийг хэрхэн эрүүл саруул, сайн сайхан, урт удаан амьдруулах боломжийг судлан гаргах зорилготой. Сүүлийн зорилго нь  судалгаа хөгжүүлэлтийн ажлын чанарыг дээшлүүлэх тухай санал солилцох. Өөрөөр хэлбэл судалгаа шинжилгээний үр дүнг хэрхэн олон нийтэд хүргэх вэ, хэрхэн эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ гэдэг тухай юм.

–         Зорилго тань  биелэсэн гэж найдаж байна?

–         Докторын хөтөлбөр ойрын хугацаанд эхлэх боломжтой. Учир нь МУИС-ийн өмнө нь явж ирсэн энэ түвшний сургалтын суурь, нөхцөл нэлээд боломжийн хэмжээнд хүрсэн байна. Харин магистрын хөтөлбөрийн хувьд эхлээд бодлогын чанартай зохицуулах хэрэгжүүлэх зүйлс байгаа учраас удирдлагуудын түвшинд ярилцаж байгаад тодорхой цаг хугацааны дараа биелэлээ олно гэж бодож байна. Мөн судалгааг олон нийтэд хүргэх хүртэл нэлээд хугацаа шаардана.

–         Манай сургуульд саяхан Технологи дамжуулах төв байгуулагдсан. Массачусетсийн их сургууль энэ талд арвин туршлагатай учир  таны зүгээс өгөх зөвлөгөө бидэнд үнэтэй байх болно?

–         Технологи дамжуулахад хоёр гол зүйлийг авч үзэх хэрэгтэй. Нэг нь тухайн улсын эх сурвалж буюу нөөц баялаг юу вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Мөн тэр нөөц баялгийг яаж бүтээгдэхүүн болгож ашиглаж болох вэ гэдгийг маш сайн судалж, шинэ санаануудыг байнга цуглуулж байх ёстой.  Нөгөө нэг нь технологийн соёл юм. Энэ нь Монголд дөнгөж хөгжиж эхэлж байна. Технологийн соёл гэдэг нь тухайн санаануудыг яаж бүтээгдэхүүн болгох вэ гэдэг дээр  судалгаа хийж, судлаачдыг ажиллуулах урамшууллын системийг нь бүрдүүлж, улмаар тэднийг технологи гаргаж хөгжүүлэх хүртэл нь  хөтөлж авч явах механизм юм. Түүнээс гадна энэ ажилд  залуу судлаачид, оюутнуудыг татан оролцуулж, тэднийг үр бүтээлтэй ажиллуулах, хүсэл сонирхлыг нь төрүүлэх тэр орчин нөхцлийг бүрдүүлж, эцсийн дүнд  бүтэн технологи гаргах хүртэл нь тасралтгүй жигд, идэвхтэй процесс явж байх хөшүүргийг бий болгох хэрэгтэй.  Энэ тал дээр МУИС-ийн удирдлагууд их анхаарч ажиллаж байгааг харахад таатай байна. Суурийг нь зөв тавьлаа гэж бодож байна. Тийм ч учраас танай сургууль  Технологи дамжуулах төв байгуулан гол бодлогуудаа тодорхойлж чадсан нь сайн хэрэг.

–         Та айлчлалынхаа үеэр эмчилгээний чанартай хүнсний бүтээгдэхүүний биотехнологийн эрүүл мэнд болон эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийн тухай хэлэлцсэн хуралд оролцож сонирхолтой илтгэл тавьсан. Илтгэлийнхээ гол агуулгыг уншигчдадаа сонирхуулах уу?

–         Хоёр төрлийн лекц уншлаа. Эхнийх нь дэлхийд тулгамдаад байгаа хүнсний аюулгүй байдлын асуудал. Энэ нь нэг талдаа ядуурлаас болоод хоол хүнсний хомсдолд бий болж, тэжээлийн дутагдалд орсныг нөгөө талдаа хоол хүнсний замбараагүй хэрэглээнээс үүсэх ужиг өвчин эмгэгийг тухай асуудал юм.   Хоёр дахь лекц нь  хоол хүнсний буруу хэрэглээнээс болж үүсч буй архаг өвчнүүдийг ямар технологи, ямар хүнсээр хэрхэн  шийдвэрлэх боломжтой вэ гэдгийг хөндсөн. Тэр тусмаа монголд байгаа нөөц баялгийг ашиглан хэрхэн эмчлэх болон урдчилан сэргийлэх боломжтой талаар хэлэлцлээ.

–         Энэ хурлын ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

–         Монгол оронд байгаа байгалийн тэр дундаа ургамлын нөөц баялгийн талаар мэдээлэл авахад миний хувьд төдийгүй хуралд оролцсон бүх судлаачдын хувьд их өгөөжтэй үйл явдал боллоо. Түүнчлэн энэ салбарт судалгаа хийхийг сонирхож байгаа болон бусад судлаачид хоорондоо танилцаж, харилцан туршлага солилцох боломж олгосон. Энэ нь цаашид эмийн чанартай хүнсний судалгааны төв Монголд  байгуулахад ямар нөөц баялаг дээр  түшиглэн ямар хүмүүстэй хамтран ажиллах боломжтой вэ гэдэг тухай маш сайн ойлголт, мэдээлэл авлаа. Эцэст хэлэхэд айлчлал их дүнтэй боллоо.  МУИС одоо яг зөв зам дээрээ зогсож байна. Бидэнд хамтран хийх  ажил маш их  байна.

–         Ярилцсанд баярлалаа

 Калидас Шетти нь 1983 онд Энэтхэгийн Банглорын Хөдөө Аж Ахуйн их сургууль, микробиологич мэргэжлээр төгссөн бөгөөд АНУ-ын Айдахо-ийн их сургуульд бактериологийн чиглэлээр магистр, микробиологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Мөн тэрээр Японы Цукубагийн Хөдөө аж ахуйн үндэсний институт, Канадын Гульфийн их сургуульд ургамлын эс болон молекул биологи чиглэлээр докторын дараах судалгаа хийж байгаад 1993 оноос одоог хүртэл АНУ-ын Массачусеттсийн их сургуулийн Хүнсний шинжлэх ухааны хүнсний биотехнологийн салбарын профессороор ажиллаж байна.  

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар