Франц хэлний олон улсын хурал болж өндөрллөө

Share Button

1963-1964 оны хичээлийн жилд МУИС-ийн Хэлбичгийн Факультетэд франц хэлний анхны ангийг нээж франц хэлт анхны мэргэжилтэн бэлтгэснээс хойш өдгөө хагас зуун жилийн нүүрийг үзэж байна.

Франц хэлт монгол мэргэжилтэн бэлтгэсний 50 жилийн ойн хүрээнд олон ажил төлөвлөн хийж буйн нэгээхэн хэсэг нь “Франц хэлний сургалтын шинэ эрин” сэдэвт эрдэм шинжилгээний анхны олон улсын хурал байв. Уг хуралд Монгол, Франц, Япон, Өмнөд Солонгос, Тайланд, Хятадын Их дээд сургуулийн 20 гаруй эрдэмтэн багш нар оролцон гадаад хүнд франц хэлийг заах, орчуулгын олон арга барилыг эзэмших, хэл-соёлын шүтэлцээ, хэл заах шинэ техник технологийн тухайд онцлон авч илтгэл хэлэлцүүлэв. Уг хурлыг Франц хэлний монгол багш нарын холбоо, МУИС, ХУИС, Монгол улс дахь Францын Элчин сайдын яам, Монгол-Францын төв хамтран 2013 оны 9-р сарын 9, 10-нд амжилттай зохион байгуулав.

Хурлыг МУИС-ийн захирал А. Галтбаяр нээж үг хэлсэн бөгөөд Монгол улсад гадаад хэлний мэргэжилтэн бэлтгэх үйлсэд франц хэлний багш нарын үүрэг оролцоо их байсныг цохон тэмдэглэлээ. Франц хэлний монгол багш нарын холбооны тэргүүн Г. Буяннэмэх, Монгол улсын Их хурлын гишүүн, Монгол-Францын Парламентын бүлгийн дарга Н. Батцэрэг, Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ив Дөлоне, Ази-Номхон далайн Комиссын ерөнхийлөгч Нишияама Норику,  МУИС-ийн франц хэлний анхны багш нарын нэг Б. Хэнмэдэх, МУИС-ийн ГХСС-ийн франц-роман судлалын тэнхимийн эрхлэгч Б. Алтангүл нар нээлтийн үг хэлж хуралд оролцогчдод амжилт хүслээ.

france2

Франц хэлний монгол багш нарын холбоо 2000 оноос эхлэн Франц хэлний багш нарын олон улсын холбооны Ази-Номхон далайн бүсэд хамааран үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож буй бөгөөд манай хуралд Ази-Номхон далайн Ерөнхийлөгч, Киотогийн Их Сургуулийн багш, доктор Нишияа Норику хүрэлцэн ирж илтгэл хэлэлцүүлсэн нь онцлог үйл явдал байв. Франц хэлний монгол багш нарын холбооны тэргүүн, МУИС-ийн ГХСС-ийн франц-роман судлалын зөвлөх профессор Г. Буяннэмэх “Франц хэлтэн монгол мэргэжилтнийг бэлтгэсний 50 жил” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, Монгол дахь франц хэлний сургалтын түүхэн замнал, өнөөгийн байдал, сургалтын орчины тухай танилцуулав. Франц хэл суралцагчын хэлний дадал, чадварыг үнэлэх, хэлний түвшинг тогтоох Европын холбооны стандартын тухай Франц улсын хэлний төвийн захирал Мари Русс илтгэл хэлэлцүүлсэн юм. Франц хэлтэн монгол эрдэмтдийн дотроос С. Дулам багшийн “Шарль Бодлерийн амьдрал, уран бүтээл, монгол орчуулга”-ын тухай өгүүлсэн нь олны анхаарлыг татсан юм.

Цаашид Монгол улсад бүсийн болон дэлхийн хэмжээний хурал зохион байгуулах хүчин чадал, боловсон хүчин, нөөц бололцоо байгаа гэдгийг уг хуралд оролцсон гадаадын эрдэмтэд онцлон тэмдэглэж, найрсаг Монголын ард түмэнд талархан, сайхан Монгол оронд дахин уулзахын ерөөл тавин нутгийн зүг жолоо залцгаав. Мэргэжил нэгт нөхөд уулзацгаан, туршлага солилцон, цаашид нягт хамтран ажиллах, жил бүр нэг сэдвээр дугуй ширээний ярилцлага, хурал зохиох нь зүйтэй гэж хэлж байв.

france1

france             Уг хурлыг амжилттай зохион байгуулахад гар бие оролцсон, хамтран ажилласан байгууллага, МУИС-ийн захиргаа, ГХСС-ийн захиргаа, ХУИС-ийн франц хэлний багш нар, “Эрвээхэй” номын дэлгүүр, “Удам судар” ХХК-ий хамт олон, франц хэлний бүх ангийн оюутнууд, нарт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа энэ дашрамд хүргэе!

 

            Мэдээ бичсэн Б. Алтангүл

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар