“МУИС-ИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ХУРИМТЛАЛЫГ БҮРДҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ” -ын төсөлд саналаа ирүүлнэ үү.

Share Button

МУИС-ИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ХУРИМТЛАЛЫГ БҮРДҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1        Энэхүү журмын зорилго нь МУИС-ийн судалгааны үйл ажиллагааг дэмжих зорилгоор тус сургууль дээр гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүсийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр, гэрээт болон сонгон шалгаруулалт (тендер)-ын ажил /цаашид “төсөл” гэнэ/, лицензийн гэрээ  зэргээс шимтгэл тооцох замаар тодорхой хэмжээний хуримтлалыг бүрдүүлэх, түүнийг зарцуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2        “Төсөл” гэдэгт МУИС-ийн багш, ажилтан, суралцагчдын оролцон гүйцэтгэж буй дараах үйл ажиллагааг ойлгоно. Үүнд:

а)  Олон улсын болон гадаадын аль нэг санхүүжүүлэгч байгууллага, хувь хүмүүсийн санхүүжилттэй төсөл, хөтөлбөр;

б) Гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарсан төсөл, хөтөлбөр;

в) Дотоодын байгууллагуудтай хамтарсан төсөл, гэрээт ажил, сонгон шалгаруулалтын болон даалгаварт ажил;

г) Улсын захиалгат ажил (сэдэвт ажил, төсөл, инновацийн төсөл, зэхэц ажил г.м.).

1.3              МУИС-ийн зүгээс хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжүүлж, хуримтлал оногдуулж буй төслийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах захиргааны дэмжлэгийг (гадаадын мэргэжилтнүүдийг урих, зочид буудал захиалах, улсын хилийн бүсэд болон тусгай хамгаалалттай газар нутагт ажиллах, дээж материал хилээр нэвтрүүлэх г.м. шаардлагатай зөвшөөрлийг авах, холбогдох яам, агентлаг,  газруудад хандаж албан бичиг хүргүүлэх, шинээр төслийн санал боловсруулах, төслийн мэдээллийн сан бүрдүүлэх, төслийн зарлалын системын лицензийн төлбөр, судалгааны тоног төхөөрөмжийн  тогтмол зардал, оюуны өмчийн хамгаалалт г.м.) тогтмол үзүүлнэ.

Хоёр. Сургалт, судалгааны үйл ажиллагааг дэмжих хуримтлал бүрдүүлэх

2.1  Хуримтлалыг МУИС дээр хэрэгжиж буй төслүүдээс шимтгэл тооцох замаар бүрдүүлэх бөгөөд шимтгэлийг тогтоохдоо дараах зарчмыг баримтална. Үүнд:

2.1.1.Төслийн удирдагч, зохицуулагч болон гүйцэтгэгч нь хамтран хэрэгжүүлэгч, захиалагч, санхүүжүүлэгч г.м. байгууллага болон МУИС-ийн хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж баталгаажуулна.

2.1.2. Төслийг хэрэгжүүлэгч байгууллага, төслийн удирдагч, зохицуулагч, гүйцэтгэгч нь хуримтлалын зардлыг тухайн төслийн санхүүжилтийн шууд бус зардлын зүйл ангид (бусад зардал, захиргааны зардал, байгууллагын шимтгэл, болзошгүй зардал г.м. хэлбэрээр) тусгаж төсөвлөнө.

2.1.3. Төслийн нийт төсвийн 5 хувиас багагүй хувиар шимтгэлийг тооцож хуримтлуулна. МУИС-ийн дотоод төслүүдээс шимтгэл тооцохгүй

2.1.4. Шимтгэлийн хувийн талаар төслийн гэрээнд тусгайлан тусгасан бол гэрээний дагуу тооцно.

2.1.5. Төслөөс багаж төхөөрөмж хэлбэрээр хөрөнгө оруулалт оруулсан болон магистрант, докторант, залуу судлаачдад тэтгэлэг олгосон тохиолдолд түүнийг төслийн нийт мөнгөн дүнгээс хасаж, үлдсэн хэсгээс шимтгэлийг тооцно.

 

Гурав. Хуримтлалын хуваарилалт ба зарцуулалт

3.1.Тухайн төслийн шимтгэлийн 50 хувийг бүрэлдэхүүн сургуульд нь шилжүүлнэ.

3.2.Шимтгэлийн хэмжээ төслийн нийт төсвийн 10 хувиас илүү хэмжээгээр тогтоогдсон тохиолдолд хуримтлалын 50 хувийг харьяалах тэнхим, төвийн үйл ажиллагаанд зарцуулна.

3.3. Зарцуулалт нь тухайн жилийн шууд бус зардлын хуримтлалын 70 хувиас хэтрэхгүй байна.

3.4. Шууд бус зардлын хуримтлалыг дараах хэлбэрээр зарцуулна.

3.4.1.Сургалт, судалгааны орчны материаллаг нөхцлийг сайжруулах;

3.4.2.Багш, ажилтан, ахисан түвшний суралцагчдын сургалт, судалгааны ажлыг дэмжих зориулалтаар тэтгэлэг олгох;

3.4.3.Төслийн үйл ажиллагааг хэвийн явуулахад голлох үүрэгтэй оролцсон санхүүгийн ажилтанд урамшуулал олгох;

3.4.4.МУИС-ийн дотоод төслийг санхүүжүүлэх;

3.4.5.МУИС-ийн нэрэмжит докторын дараах грантыг судалгааны шинэ чиглэлийг дэмжих, урамшуулах зорилгоор олгох;

3.4.6.Судалгааны мэдээлэл, зарлалын сан бүрдүүлэх, төслийн санал боловсруулах г.м. судалгааны менежментын захиргааны зардал олгох;

3.4.7.Гарааны компанийг санхүүжүүлэх;

3.4.8.Оюуны өмчийн хамгаалалт хийхэд зарцуулах.

2.2  Тухайн жилд зарцуулах хуримтлалын төсвийг  Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, захиран зарцуулна.

2.3  Бүрэлдэхүүн сургуульд хуваарилагдсан шимтгэлийг тухайн сургууль эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцүүлэн 3.4 –р заалтад дурьдсан үйл ажиллагааг дэмжих зориулалтаар зарцуулна.

2.4  Технологийг зах зээлд нэвтрүүлэх, түүнээс орсон ашгийг хуваарилахтай холбогдсон харилцааг “МУИС-ийн технологи дамжуулах журам” –ын дагуу зохицуулна.

 

Дөрөв. Зарцуулалтын гүйцэтгэлийн хяналт, урамшуулал

2.1  Хуримтлалын зарцуулалтын тайланг Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Захиргааны зөвлөлөөр, бүрэлдэхүүн сургуулийн захирал салбарын Эрдмийн зөвлөлөөр жилд нэг удаа хэлэлцүүлнэ.

2.2  Тухайн төслийн шимтгэлийг уг төслийг хэрэгжүүлж буй судлаач, судалгааны багаас сургуульд оруулсан орлогод тооцно.

2.3  Сургуульд оруулсан орлогыг профессорын багийн ахлагчийн хувьд үр дүнгийн гэрээний биелэлтэнд, бусад профессор, багшийн хувьд “МУИС-ийн багшийн орон тоо, ажлын үнэлгээний журам”-ын дагуу эрдэм шинжилгээний ажлын ноогдолд тус тус тооцно.

2.4  Төслийн хүрээнд тус сургуулийн эрдэм шинжилгээний материаллаг баазыг      бэхжүүлэх зорилгоор шинээр тоног төхөөрөмж, програм хангамж, ном сурах бичиг оруулж ирсэн эрдэмтэн, багш нарт уг төхөөрөмжийг судалгаа, шинжилгээ, аж ахуйн гэрээт ажилд ашигласнаар олох нэг жилийн орлогын 15 хүртэлх хувьтай тэнцэх урамшууллыг нэг удаа олгож болно.

2.5  Улсын захиалгат төслөөс бусад эрдэм шинжилгээ, инновацийн төслийг олж ирж, гэрээ байгуулан, хэрэгжүүлсэн бол тухайн төслөөс санд хуримтлуулсан шимтгэлээс тухайн хувь хүнд урамшуулал нэг удаа олгож болно. Урамшууллын хэмжээ нь нийт төслийн төсвийн 3 хувиас ихгүй байх ба бүрэлдэхүүн сургуулийн зарцуулах хувиас хасч тооцож судалгааны грант хэлбэрээр олгоно. Урамшуулалд олгох хувийг гэрээгээр зохицуулна.

2.6  Тус сургуультай гэрээгээр хэрэгжүүлээгүй төсөл, хөтөлбөрийг судалгааны ажлын үнэлгээний биелэлтэнд оруулж тооцохгүй бөгөөд түүнд сургуулийн зүгээс ямар нэг дэмжлэг, үйлчилгээ үзүүлэхгүй.

 

Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, утас: 77307730-1138, research@num.edu.mn, jbatkhuu@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар