Манай энэ удаагийн ярилцлагын зочин бол МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал А.Галтбаяр. Тооны ухаанаар ОХУ, Японд сурч боловсорсон түүнийг МУИС-ийг шинэчлэх багш нарын “Реформ” багийн гишүүн гэдгээрээ олон хүний танил. Түүний удирдаж буй гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст хийгдэж буй өөрчлөлт шинэчлэл, хийх ажлынх нь талаар бидний ярилцлагаас уншина уу.
– Анх та ажил аваад МУИС-ийн гадаад харилцааны үйл ажиллагаанд ямар дүн тавьсан бэ. Өмнө нь олон дарга солигдсон болохоор үйл ажиллагаа нь цэгцэндээ орохгүй нэлээд удсан. Угаас та их сургуулийн үйл ажиллагаанд бүхэлд нь шүүмжлэлтэй хандсаар ирсэн шүү дээ?
– Өмнөх удирдлагуудын ажилд үнэлэлт дүгнэлт өгөхөөс илүү цаашдаа юу хийх талаар ярих нь чухал болов уу. Хоёр зүйлд тогтож яримаар байна. Нэг нь их сургуулийн ажлын ерөнхий байдал, нөгөө нь гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн үйл ажиллагаа. Сүүлийн нэг жил шахуу хугацаанд их сургуулийн удирдлага бүхэлдээ өөрчлөгдөж, шинэ бүрэлдэхүүнээр баг болон ажиллаж байна. 1990 онд Монголын нийгэм ардчилсан , эдийн засаг зах зээлийн зарчимд шилжснээс хойш хувийн хэвшлийн сектор маш их өөрчлөгдөж, үндэсний том хүчтэй компаниуд бий болж байхад төрийн өмчийн их сургуулиудад дорвитой өөрчлөлтүүд гарсангүй. Энэ нь нэг талаас төрийн өмчийн сургууль гэдгээрээ улсын дэмжлэг гэхээсээ илүү улс төрийн нөлөө, дарамт их байсан, нөгөө талаас МУИС-ийн нийгэмд манлайлж дуу хоолойгоо гаргах лидершип дутагдсанаас болсон болов уу. Саяхан батлагдсан МУИС-ийн 2011-2020 оны стратеги төлөвлөгөөнд сургалтын хувьд зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахад илүү анхаарсан либерал, нээлттэй байх, эрдэм шинжилгээний хувьд өөрсдийнхөө үйл ажиллагааг улс, нийгэмд хэрэгтэй шинэ мэдлэг бий болгох инноваци энтерпренёр судалгааг түлхүү анхаарахаар тусгасан байгаа. Энэ хүрээнд бодлогын хувьд шинэ зорилтууд тавигдсан. Өнгөрсөн хугацаанд МУИС-ийн зүгээс өөрсдийн үйл ажиллагааны бүхий л чиглэлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийлээ. Үүн дээр үндэслэн цаашдын бодлого зорилтуудыг зөв тавьж, шат дараатайгаар хэрэгжүүлнэ. Харин үйл ажиллагаандаа барих гол зарчим бол сургуулийн ажлын эрх ашгийг нэгд тавих, нээлттэй шударга байх, хамт олны оролцоог хангах зэрэг байх ёстой гэж би хувьдаа боддог.
– Гадаад харилцааны хувьд бол өмнөх захирлуудын нилээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан хэсэг нь юм. Бид өмнөх гэрээ, хамтын ажиллагаанд үндэслээд “Гадаад харилцааны өнөөгийн байдал” гэсэн судалгаа хийсэн. Үүгээр хамтын ажиллагааны бүх гэрээнүүдийг нэг бүрчлэн нягталж, идэвхтэй, идэвхгүйгээр нь ангилж, бүс нутаг улс орноор нь авч үзсэн. Үүнээс үзэхэд дэлхийн 170 орчим их сургуультай гэрээтэй, тэр дотроо азийн их сургуулиуд давамгайлсан хандлагатай байна. Гэрээний хийсэн байдлыг нь харахад 1990 оноос хойш тоо нь 5 жил тутам ойролцоогоор 2 дахин нэмэгдсээр иржээ. Дээрх 170 сургуультай хийсэн гэрээний 63 хувь нь одоо хүчинтэй байна. Энэ хүчинтэй гэрээний 45 хувийг Япон, Солонгосын сургуулиудтай хийжээ. Мөн гадаад харилцааны бас нэг хэсэг болох Монгол-Францын төв, Монгол-Япон төв, Күнзийн институт зэрэг гадаад орнуудын соёл боловсролын төвүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийсэн. Энэ бүх мэдээллийн дэлгэрэнгүйтэй http://www.num.edu.mn/Default.aspx?tabid=533¤tpage=1 хаягаар орж танилцаж болно. Дээрх судалгаанаас товчхон дүгнэхэд гадаад харилцааны хэлтсийн багагүй ажлыг эзэлдэг байсан оюутанд үйлчлэх хэсгийг харъяалбал зохих алба руу нь шилжүүлснээр гадаад хамтын ажиллагаа цаашид улам үр дүнтэй явагдах боломж бүрдэж байгаа юм.
– Таны саяны ярианд дурдснаар өмнө нь Ази талдаа давайлсан гадаад харилцаа явж иржээ. Гэтэл дэлхийн хэмжээнд ойртсон сургууль болно гэж МУИС стратегээ тодорхойлсон нөхцөлд америк, европ руу хараагаа чиглүүлэх, улмаар дээрх харьцааг тэнцвэржүүлэх бодлого барих шаардлага зайлшгүй гарч байх шиг байна?
– Тийм ээ. Сул орон зай бүхий эдгээр бүс нутаг руу тодорхой зорилготойгоор үйл ажиллагаа явуулах бодлого манай хэлтсээс барьж байна. Америк, европын орнуудад төгсөгчдийн оролцоотойгоор ойрын хугацаанд МУИС-ийн багийн айлчлалууд төлөвлөгдөөд байна. Эхнээсээ Америкт хийх айлчлал эхлээд байна. Энэ айлчлалаар Америкийн сургуулиудын өндөр технологийн чиглэлийг судлах, үйл ажиллагатай нь танилцаж хамтран ажиллах боломжуудыг хайна.Тэд инновац, технологи дамжуулалтаараа нэлээд туршлагатай. Дээр нь Монгол судлалаар америкийн их сургуулиудтай хамтын ажиллагааны уламжлалаа сэргээж, шинэ шатанд гаргах, мөн тэндхийн Монгол судлалын хэд хэдэн төвүүдээр орж танилцан, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх юм. Герман, Франц, Унгараар хийх 7 хоногийн айлчлал 5-р сарын 8-наас эхэлнэ. Германы хувьд технологийн чиглэлээр хэд хэдэн сургуулиудтай гэрээ байгуулна. Бас нэг зорилго нь тэндхийн олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах боломжийг эрэлхийлнэ.
– Танай хэлтсийн гол хамтын ажиллагаа гадаадын сургууль, олон улсын байгууллагатай хийсэн гэрээ хэлцлээр дамжин хэрэгждэг. МУИС дэлхийн 170 орчим их сургуультай хамтын ажиллагаатай ч тэр бүр идэвхтэй ажилладаггүй гэлээ. Энэ тоог цөөрүүлж, чанаржуулах талд анхаарал хандуулах уу,эсвэл бүгдтэй нь идэвхтэй харилцах чиг барих уу?
– МУИС-ийн стратеги төлөвлөгөөнд гадаад харилцаа бол их сургуулийн үйл ажиллагааны гол тулгуур болж ажиллах ёстой гэж тодорхойлсон байгаа. Үүнтэй холбогдоод гадаад харилцааны ч гэсэн үйл ажиллагаа нь амьд, ажил хэрэгч болох шаардлага гарсан. Гэрээний хувьд тоо биш ажилладаг эсэх нь чухал. Гэрээ үр дүнтэй байх эсэх нь тодорхой хариуцсан хүн буюу профессоруудын идэвх санаачилгаас шууд хамаарна. Профессорууд болон бүрэлдэхүүн сургуулиудын хамтын ажиллагаа их сургууль хоорондын гэрээгээр баталгаажуулснаар ажил илүү амархан явагдах учиртай. Энэ бол гэрээний хувьд баримтлах бодлого нь. Бид зөвхөн их сургууль хоорондын бус олон улсын байгууллагатай, засгийн газар хоорондын гэрээнд оролцож ажиллах зорилготой байна. Мөн боловсон хүчний нөөцийг сайжруулахад гадаад харилцааны үүрэг их байна.
– Өнөөдөр МУИС-д оюутан солилцооны хөтөлбөр хэр амжилттай хэрэгжиж байна. Үүний бас дийлэнх хувь МХСС-д хэрэгждэг нь уг хөтөлбөрийг үр дүнтэй гэхэд эргэлзээ төрүүлдэг. Бусад сургуулиудад солилцооны хөтөлбөрийг жигдхэн хэрэгжүүлэхэд юу саад болж байна вэ. Англи хэл дээрх сургалтын хөтөлбөр байдаггүйтэй холбож ойлгож болох уу?
– Гадаадын суралцагсдын хувьд оюутан солилцоо, зуны сургалт гэсэн хоёр зүйл бий. Тодорхой төлбөртэй, зуныхаа амралтын хугацаанд 14-21 хоногийн зуны сургалтыг зохион байгуулахад манай гадаад харилцааны хэлтэс оролцож байна. Энэ жилийн хувьд монгол хэл- соёл, антропологи- археологи, уул уурхай-эдийн засаг гэсэн 3 хөтөлбөрийн дагуу зуны сургалт зарлаад байна. Манай оюутнууд солилцооны хөтөлбөрөөр жил ба хагас жилийн хугацаагаар хамтын ажиллагаатай их сургуулиудад очиж суралцах боломжтой. Гэхдээ тэдний хувьд хэлний бэрхшээл түгээмэл хүндрэл байдаг. Тиймээс ихэвчлэн хэлний чиглэлээр суралцдаг оюутнууд солилцооны хөтөлбөрт хамрагддаг. Мөн замын болон бусад зардлуудыг өөрөө гаргах тохиолдолд оюутнуудад хүндрэл үүсдэг. Харин гаднаас МХСС-д солилцооны оюутан олон ирдэг нь цаад талын сонирхолтой бас холбоотой. Одоогоор манайхаас бусад чиглэлийн оюутнуудыг яаж татах вэ гэдэг дээр бодлого судалгаа хараахан хийгээгүй байна.
– Гадаад харилцаа МУИС-ийн багагүй төсөв хөрөнгө зардаг салбарын нэг гэж ойлгодог. Энэ утгаараа тийм хэмжээний орлого олох эх үүсвэрийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг байх?
– Гадаад хамтын ажиллагааны шугамаар их сургуульд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт татдаг. Энэ хүрээнд шууд олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцах замаар сургуульдаа тодорхой багц төслүүдийг оруулж ирэх боломжуудыг судалж байна. Нөгөө талаар гадаад харилцаа нь мөнгөөр шууд хэмжигдэхгүй үр ашгийг өгдөг. Тухайлбал оюутан, багш судлаачдыг гадаадад явуулж сургах талаар томоохон дэмжлэг үзүүлэх боломжтой. Ялангуяа европын орнуудын их сургуулиудтай “Erasmus Mundus” багц хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, оюутан багш нараа амжилттай хамруулж эхэллээ. Энэ жилийн хувьд гурван PhD, хоёр магистр, нэг багш нийт зургаан хүн европын их сургуульд суралцахаар явсан. Мөн Солонгосын GIST рүү жил бүр 5 магистр явуулж байхаар тохиролцсон зэрэг нь боловсон хүчний бодлогоо дэмжсэн үйл ажиллагаа юм.
– “Erasmus Mundus” хөтөлбөр бидний хувьд европ руу нээгдсэн нэг том гарц гэж хэлж болно. Энэ дашрамд хөтөлбөрийн давуу талыг тодруулж ярих уу?
– Энэ нь Европын болон Азийн тодорхой их сургуулиуд нэгдэн Европын холбоонд төсөл бичээд оруулдаг. Жишээ нь, МУИС байгалийн ухааны хоёр чиглэлээр уг хөтөлбөрт оролцох боломжтой болсон. Бидэнтэй дараа жилүүдэд тус хөтөлбөрт хамтарч оролцъё гэсэн санал хэд хэдэн Европын их сургуулиас ирээд байгаа.Үүнийг нэлээд өргөжүүлэн цаашид олон хүнээ энэ хөтөлбөрөөр дамжуулан, харьцангуй өндөр тэтгэлэгтэйгээр сургах боломжтой.
– Танай хэлтсийн үйл ажиллагааны бас нэг томоохон хэсэг нь дотоод хамтын ажиллагаа юм. Энэ тал дээр ойрын үед ямар бодлого барьж ажиллах вэ. Инноваци гэж хүчтэй яригдаж байгаа өнөө үед их сургууль дотоодын компаниудтай нягт хамтарч ажиллах шаардлага зүй ёсоор гарч ирсэн?
– Дотоод хамтын ажиллагаа өмнө нь цөөн тооны профессорын түвшинд л явагдаж ирсэн. Үүнийг сургуулийн зүгээс бодлогоор дэмжиж ажиллах зорилгоор өнгөрөгч намраас эхний алхмууд хийгдсэн. Тухайлбал Эрдэнэт үйлдвэртэй хийсэн гэрээгээр бид эхний ээлжинд ШУТС-гаас 160 сая, үйлдвэрээс 400 сая нийт 560 сая төгрөгний төсөл авлаа. Дараа нь Багануурын уурхайтай хийсэн гэрээгээр 10 сая төгрөгний төсөл манай судлаачид хэрэгжүүлж байна. Дээр нь Улаанбаатар хотын захиргаа, БОАЖЯ-тай хамтран ажиллах санал солилцож, гэрээний агуулга боловсруулах шатандаа явж байна. Мөн “Монос” групптэй хийсэн гэрээгээр эмийн ургамлаас эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хэрэгжихээр боллоо. Дээрх төслүүдэд манай байгалийн салбарын 20 орчим профессорын бүрэлдэхүүнтэй том баг ажиллаж байна. Одоогоор эдгээр томоохон гэрээнүүдээ амжилттай хэрэгжүүлэх, МУИС-ийн профессорууд юу хийж чаддагийг харуулах нь чухал юм.
– Ойрын зорилтын хүрээнд хийх олон ажил байгаа нь лавтай. Японы “Сэндай Ротари” клубын санхүүжилтээр судалгааны лабораторитой болох, Солонгосын GIST-тэй хамтарч биологийн салбарт томоохон патиентийн төсөл хэрэгжүүлэх зэрэг далайцтай ажлууд төлөвлөгдсөн гэсэн. Энэ ажлууд ямар шатандаа явж байна вэ?
– Японы “Сэндай Ротари” клубын санхүүжилтээр судалгааны лаборатори ББС дээр энэ 5 сард байгуулах гэж байна. Энэ нь манай хэлтсийн гэхээс илүү тус сургуулийн профессор Ж.Батхүүгийн хүчин чармайлт, оролцоогоор хэрэгжиж буй ажил юм. Нийт 40 гаруй мянган долларын тоног төхөөрөмж бүхий судалгааны орчин үеийн лаборатори тус сургуульд нээгдэнэ. GIST-тэй мөн биологийн салбарт 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Иймэрхүү бүтээлч ажиллагаа ихэвчлэн манай чадварлаг профессоруудын идэвхтэй үйл ажиллагаагаар дамжин хэрэгжиж байгааг энд онцолж хэлмээр байна.
– Анзаарч байхад байгалийн ухааны салбар тэр дундаа биологи, хими, физикийн чиглэлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөдөг. Гэтэл нийгмийн ухааны салбарыг орхигдуулахгүй байх саналыг гадаад төгсөгчдийн уулзалтын үеэр багш нар тавьж байсан. Энэ хоёр салбарыг тэнцвэртэй авч явах нь их сургуулийн бас нэг бодлого байх ёстой болов уу?
– Их сургууль 2020 он хүртэл баримтлах стратеги төлөвлөгөөндөө монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч дэлхийн Монгол судлалын төв болох зорилт дэвшүүлсэн нь нийгмийн ухааны салбарыг хамтад нь авч явах гэсэн санаа. Өөрөөр хэлбэл монгол судлалд төвлөрсөн нийгмийн ухааны бусад салбаруудын хөгжлийг бодлогоор дэмжинэ гэсэн үг юм. Бид ч гадаад харилцааны тал дээр илүү дэмжиж байгаа.
– Таны бодлоор нийгмийн ухааны хамтын ажиллагаа хоцроод байгаа шалтгаан нь юу вэ?
– Шуудхан хэлэхэд одоогийн байдлаар идэвхтэй ажиллах хүчтэй профессорын баг цөөхөн байна. Мөн нэгдмэл баг биш тархай бутархай байгаа байдал нь эргээд салбартаа томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд сөрөгөөр нөлөөлөөд байна уу даа гэж боддог.
– Тэгэхээр үүнийг идэвхжүүлэх, тэднийг нэгтгэн зангидах ямар хөшүүрэг байж болох вэ?
– Түрүүний хэлсэнчлэн монгол судлал гэдэг том чиглэлд зангидаж болох юм. Энд хамрагдах салбарууд нь түүх, антрополог,эдийн засаг, монгол хэлний бүх салбарууд гээд олон. Гэхдээ үүнийг яаж хэрэгжүүлэх талаар бодох зүйл их байна. Нөгөө талаас томоохон төсөл хөтөлбөрүүд орж ирлээ гэхэд амжилттай хэрэгжүүлэх хүний нөөцөө бас давхар бэлдэх ёстой. Одоогоор бэлэн хөрс суурь хараахан бүрэлдээгүй учраас хугацаа нэлээд шаардах болов уу.
– Гадаадын их сургуулиудтай байгуулж байгаа гэрээнд бодлогын ямар зарчим барьж байгаа вэ. Тодруулбал, багш оюутан солилцох, хамтарсан хурал зохион байгуулах зэрэг нийтлэг заалтаас өөр шинэлэг агуулга хамтын гэрээнд тусгаж болох талаар судалж үзэв үү?
– Бид ихэнх гэрээнд хоёр талын хариуцах эзнийг нь тодорхой зааж байгаа. Энэ нь амьд, ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнөх гол шалгуурын нэг юм. Агуулгын хувьд яг хэрхэн ажиллавал үр дүнтэй байх нь гэрэний тухайн чиглэлээсээ хамаарна
– Манайх өмнө нь ихэвчлэн туслалцаа, дэмжлэг авсан, хөрөнгө оруулалт хүссэн хамтын ажиллагаа өрнүүлж ирснийг үгүйсгэхгүй байх. Өнөөгийн төвшинд харилцан ашигтай байх зарчмыг баримтлах нь түншүүдийн харилцааг бат бэх байхад чухал нөлөөтөй?
– Тийм. Харилцан ашигтай байх зарчмыг ямагт баримтална. Өөрөөр хэлбэл хүнээс юм гуйна гэдэг тэр хүний зорилгод бас нийцсэн байх ёстой. Хоёр талын хүсэл зорилго нэг зүйлд нэгдэж байвал хамтын ажиллагаа амжилттай явагдана шүү дээ.
– Энэ хавар МУИС-ийн гадаадад төгсөгч багш нарын нэгдсэн судалгаа явуулж, улс улсаар нь тусгайлан уулзалтууд гадаад харилцааны хэлтэс зохион байгууллаа. Үүний үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
– Гадаадад төгсөгчдийг хэлтсийнхээ бүх төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй татан оролцуулах зорилгоор бид энэ хавар дээрх уулзалтуудыг зохион байгууллаа. Тухайлбал гадны айлчлалуудыг зохион байгуулахад яг тэр орных нь төгсөгчид илүү оролцож ажиллавал үр дүнтэй гэж үзэж байгаа. Түүнчлэн тухайн бүс нутаг руу барих бодлогоо зөв тодорхойлоход тэнд сурч, ажиллаж байсан манай багш нар маш чухал үүрэгтэй юм л даа. Гадаадад төгсөгчид уулзалтанд идэвхтэй оролцож зөвхөн гадаад харилцаа төдийгүй МУИС-ийн дотоод асуудалд ч гэсэн үнэтэй санал зөвлөмжүүдийг өгсөнд талархаж байна. Цаашид уулзалтууд илүү өргөн хүрээнд үргэлжлэх байх.
– Бүтцийн өөрчлөлтөөр танайх зарим нэг чиг үүргээ өөр нэгжид шилжүүлсэн. Энэ талаар тодруулна уу?
– МУИС-д одоогоор засгийн газрын тэтгэлгээр суралцдаг, сургууль хоорондын солилцооны, хувийн зардлаар сурдаг гэсэн гурван төрлийн 310 орчим гадаад оюутан байна. Гадаад оюутны үйлчилгээ нь оршин суух виз авах, хугацаа сунгах зэрэг нэлээд нүсэр ажил байсан. Визнээс гадна оюутны элсэлт авах, хичээлийн оролцоо, дүнгийн тодорхойлолт, төгсөлт, гэх мэтчилэн сургалттай холбоотой ажлуудыг гадаад харилцааны хэлтэс хийх боломжгүй байсан. Ийм шалтгаанаар манайх гадаад оюутанд үйлчлэх хэсгээ “Оюутанд үйлчлэх төв”-д шилжүүлсэн. Ингэснээр нэг талаас манай хэлтсийн үйл ажиллагаа төвлөрч, нөгөө талаас гадаад оюутны үйлчилгээний чанар сайжрах давуу талтай юм.
– Өнгөрөгч намраас эхлэн МУИС-ийн захирал Азийн орнуудаар цөөнгүй удаагийн айлчлал хийж, зарим томоохон сургуулиудтай гэрээ байгуулсан. Ер нь дээрх айлчлалууд хэр үн дүнтэй болов?
– Энэ айлчлал ерөнхийдээ өндөр үр дүнтэй болсон. Солонгосын GIST-тэй тодорхой чиглэлд хамтран ажиллах нарийвчилсан гэрээнд зурлаа. Тайваний айлчлалаар боловсрол, шинжлэх ухааны хамтарсан төвүүдийг байгуулах асуудалд тохиролцоонд хүрсэн. Японд Миэгийн их сургуультай гэрээ хийж, байгаль орчны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тохокугийн их сургуулийн Эмзүйн сургуультай ББС гэрээ хийсэн. Эдгээр гэрээний хүрээнд цаашид мастер, докторын хөтөлбөрт хүнээ явуулах боломж нээгдэж байна.
– Саяхан та багшийн ажлын үнэлгээний судалгааг эхлүүлсэн байх аа. Үүнээс гадна олон ажил таны сэдлээр өрнөсөн санагдаж байна?
– Энэ судалгаа сар гаруйн хугацаанд хийгдэнэ. Нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Судалгааны зорилго нь профессор багшийн ажлыг оновчтой, зөв үнэлэх явдал юм. Ингэснээр багшийн ажлын бүтээмж сайжирна. Үнэлгээний систем уян хатан болно. Судалгаа илүү хийж байгаа профессороо хэрхэн үнэлэх вэ, эсвэл сургалтандаа илүү анхаарлаа хандуулдаг багшийн ажлыг яаж үнэлэх вэ гэхчилэн уян хатан бодлого барихгүй бол ямар ч мэргэжил, салбарын онцлогоос үл хамаарсан одоогийн үнэлгээний хатуу системээр ажил явуулахад хэцүү байна. Багш профессор бүрийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, зарцуулж байгаа хөдөлмөрийг нь зөв үнэлэх, тэднийг урамшуулах, сэдэлжүүлэх систем маш чухал байна. Үүнээс гадна өнгөрсөн намраас эхлээд захирлуудын нээлттэй уулзалт гэсэн хэлэлцүүлэг явагддаг болсныг хүмүүс мэдэх байх. Үүгээр хэлэлцсэн асуудлууд http://www.num.edu.mn/Default.aspx?tabid=533 линкэд тавигдсан байгаа. Мягмар гаригийн 10 цагаас болдог энэ уулзалт багш нар оролцоход нээлттэй шүү гэдгийг хэлмээр байна. Энэ уулзалтын зорилго нь тодорхой нэг асуудлыг дэвшүүлж тавиад цааш шийдвэрлэх арга замыг олохын тулд нийтээрээ хэлэлцэх, санал бодлоо солилцоход чиглэнэ. Хэдийгээр энэ хэлэлцүүлгээр тодорхой шийдвэр гардаггүй ч хариуцсан болон удирдах төвшний хүмүүсийн сонорт хүргэж, бодлогоо зөв тодорхойлоход нь чиглэл өгч байгаагаараа ач холбогдолтой ажил болж байгаа. Бидний өнгөрсөн оны 11 сард МКС-ийн хэрэглээний математикийн багаар МУИС-ийн дотоод үйл ажиллагаа болон сургалт эрдэм шинжилгээний ажлын тодорхой хэсгүүдэд судалгаа хийлгэсэн. Энэ судалгаагаар сургууль хоорондын тооцоо, профессор багш нарын ажлын дундаж ачаалал, нэг багшид ногдох оюутны тоо, илүү цагийн үнэлгээний нарийвчилсан тооцоо зэрэг олон чухал мэдээллийг гаргаж өгсөн. Үүний дараа “Эрдэм шинжилгээний ажлыг хэрхэн үнэлэх талаар” МКС-ийн доктор Б.Барсболдын хийсэн судалгааг захирлуудын нээлттэй уулзалтаар хэлэлцүүлсэн. Бид дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний их сургууль болно гэсэн зорилт тавьж байгаа болохоор эрдэм шинжилгээний ажлын үнэлгээгээ ч тийм хэмжээнд аваачихгүй бол болохгүй. Энэ асуудлыг ойрын хугацаанд удирдлагын төвшинд хэлэлцээд сургуулиудад нэвтрүүлэх болов уу. Өөрөөр хэлбэл олон улсын төвшинд яаж үнэлж болох вэ гэдэг талаар бүрэлдэхүүн сургуулиудад зарчмын зөвлөмж өгнө.
Эцэст нь хэлэхэд миний хувийн блогийг сонирхсон хүн байвал http://galtbayar.blogspot.com/ сайтаар зочлоорой гэж урья. Толгойдоо орсон сэдвээр санаа бодлоо бичдэг сайт байгаа юм. Гэм нь сүүлийн үед бараг юм бичсэнгүй. Ингээд цаашдаа манай багш нарын олон сонирхолтой ярилцлага num.edu.mn сайт дээр гаргаарай гэж хүсэх байна.
– Ярилцсанд баярлалаа