– МУИС – ийн 2020 он хүртэлх хөгжлийн хэтийн бодлого боловсруулагдаж байна. Тулгуур бодлогын төслийн эхний хэсэгт өмнөх 2006-2010 онд хэрэгжүүлсэн стратеги төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгчээ. Өнгөрсөн хугацаанд МУИС зорилтоо хэр зэрэг биелүүлж вэ, алдаа оноо нь юунд байв. Мэдээж үүнээс үүдээд дараагийн стратегийн гол санаанууд гарч ирсэн байх?
– МУИС-ийн стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг эхний хувилбараа эрдмийн зөвлөлд танилцуулсан. Тэндээс дахин шинэчилж сайжруулах хэрэгтэй байна гэсэн дүгнэлт өгсөн. Ингээд шинэчлэгдсэн төслийн хоёр дахь хувилбар одоо сургуулийн веб сайтанд тавигдаад байна. Ер нь стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын эхний үе шат нь өмнөх төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалд дүгнэлт өгөх байсан. Олон улсын жишгээр өмнөх нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт өгч, оношилгоо шинжилгээ хийхийг стратеги төлөвлөгөөний ногоон ном(green paper of strategy) гэж тодорхойлдог. Энэ чиглэлд бид нэлээд анхаарч ажиллаа. Үүнийг удахгүй эрдмийн зөвлөлийн хуралд толилуулна. Дүгнэлтээс үзэхэд өнгөрсөн таван жилд их сургуулийн хамт олонд хийсэн ажил их байна. Гэхдээ хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах тал дээр учир дутагдалтай байжээ. Хамт олны ерөнхий үйл ажиллагааны үр дүн нь харагдаж байгаа ч хэрэгжилтийн процесст шат шатандаа муу анхаарсан байна. Иймд төлөвлөгөө боловсруулах нэг хэрэг, үүнийг тасралтгүй, үр бүтээлтэй хэрэгжүүлэх гэдэг өөр хэрэг юм гэдгийг цаашид онцгой анхаарах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хэрэгжих механизм, зохион байгуулалтыг маш сайн хийх ёстой гэсэн гол санаа шинэ стратеги төлөвлөгөө боловсруулахад үндсэн зарчим болсон. Манай сургууль 21 мянга гаруй оюутан суралцагчтай, 2000 гаруй ажилтан албан хаагчтай том айл болохын хувьд нэг зүгт чиглүүлэн ажиллуулахад стратегийн удирдлага маш чухал юм.
– Ирэх 10 жилд МУИС-ийг хөгжүүлэх тулгуур бодлогыг боловсруулахдаа та бүхэн ямар гол чиглэлүүдэд илүү анхаарал хандуулсан бэ?
– Үүний юуны өмнө бид стратеги төлөвлөгөөндөө үндсэн дөрвөн тэргүүлэх чиглэл байна гэж үзсэн. Нэгдүгээрт, өндөр түвшний судалгаа, эрдэм судлал манай үйл ажиллагааны гол бүрэлдэхүүн хэсэг болоод зогсохгүй судалгаанд суурилсан, инновацид чиглэсэн, энтрепенёр их сургууль болох ёстой гэж алсын хараагаа тодорхойлсон. Хоёрдугаарт, өнөөгийн сургалтыг академик хэлбэрээс нь гаргаж, судалгаанд суурилсан чиглэлийг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, нээлттэй либераль сургалтын тогтолцоог бий болгох нь чухал гэж үзсэн. Гурав дахь зүйл гэвэл аль ч цаг үед өндөр байж ирсэн МУИС-ийн нэр хүндийг цаашид улам өндөрт авч явах нь судалгаа, сургалтаас гадна нийгмийн шинжтэй үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна. Тухайлбал, манай эрдэмтэд төрийн бодлогын үндсийг боловсруулахад илүү их оролцдог, эдийн засаг, нийгмийн томоохон асуудлыг шийдвэрлэхэд голлох үүрэг хүлээдэг, том цар хүрээтэй төсөл хөтөлбөрүүдийг гардан хэрэгжүүлдэг, ард түмнийг соён гэгээрүүлэхэд даацтай ажил явуулдаг, Монгол судлалынхаа чиглэлээр дэлхийд танигддаг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тэргүүлэх байр суурь эзэлдэг байх зэрэг нь стратегийн нэг гол чиглэл гэж тодорхойлж байна. Дөрөвдүгээрт, их сургууль маань ирэх 10 жилд бүхэлдээ цоо шинэ зохион байгуулалтанд орох шаардлага тулгарч байна. Энэ шинэ зохион байгуулалтын материаллаг үндэс суурь нь их сургуулийн хотхон байх болно. Ийм дөрвөн тэргүүлэх чиглэлд илүү анхаарснаар сургуулийнхаа хэтийн хөгжлийг тодорхойлж болно.
– Судалгаанд тулгуурласан их сургууль болно гэсэн зорилтыг зөвхөн оюутныхаа сургалтын төлбөрөөс хамаарсан санхүүгийн тогтолцоогоор явж байгаа өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлнэ гэдэг боломжгүй зүйл юм. Энэ талд төрийн дэмжлэг хэрэгтэй ч гэж олон хүн ярьдаг. Дэлхийн томоохон их сургуулиуд бас тийм жишгээр хөгжиж ирсэн байдаг?
– Санхүүгийн олон эх үүсвэрт тулгуурласан тогтолцоонд шилжиж байж их сургуулийн хөгжлийн тухай ярих хэрэгтэй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Бидний тооцож байгаагаар улсын дэмжлэг 30 хүртэл хувь, өөрийн орлого бас 30 хувь, үлдсэн хэсгийг судалгааны үйл ажиллагаанаас олдог ийм л санхүүгийн тогтолцоонд бид шилжих ёстой. Багаар бодоход ийм гурван орлогын батлагаат эх үүсвэртэй байж чадвал сургууль тогтвортой хөгжих боломж бүрдэнэ. Мэдээж улс орны хөгжлийн хандлага, эдийн засгийн боломжийг дагаад төрийн дэмжлэгийн орчин бүрдэх байх. Үүнээс илүү бидний дотооддоо шийдэх хамгийн гол зүйл нь судалгаа шинжилгээний үйл ажиллагааг нийгмийн практиктай холбох, өөрөөр хэлбэл их сургууль аж үйлдвэрийн уялдаа холбоог хангахад гол анхаарлаа чиглүүлэхэд оршино. Бидний үйл ажиллагааны чиглэл улс орныхоо эдийн засгийн бүтэц рүү улам нягт уялдмаар байгаа юм.
– Дэлхийд өрсөлдөх чадвартай, монгол үндэстний хөгжил дэвшлийн тулгуур болсон “энтрепренёр” судалгааны их сургууль байна гэж алсын хараагаа МУИС стратеги төлөвлөгөөндөө тодорхойлжээ?
– Их сургуулийг аж үйлдвэртэй холбож, үйл ажиллагааг нь зохион байгуулдаг, менежментийг нь хийдэг энэ тогтолцоог бүхэлд нь энтрепренёр тогтолцоо гэдэг. Энэ ойлголтын цаана инноваци салшгүй хамт явдаг. Өөрөөр хэлбэл мэдлэгийг мөнгө болгодог процессын удирлагын системийг энтрепренёр зохион байгуулалт гэж тодорхойлж байна.
– Та түрүүн аль ч цаг үед өндөр байсан гэж МУИС-ийн нийгмийн нэр хүндийн тухай дурдлаа. Гэтэл энэ ойлголт сүүлийн жилүүдэд саармагжиж, харин ч эсрэгээр МУИС-ийн менежмент сул, үр дүн муутай байна гэсэн шүүмжлэлд байнга өртөх болсон. Нэгэнт л дэлхийн жишигт ойртсон их сургууль болох зорилт дэвшүүлж байгаа бол удирдлага зохион байгуулалтын маш оновчтой хувилбаруудыг шуурхай авч хэрэгжүүлмээр санагддаг?
– МУИС-ийн өмнөх үеийн бүх хүмүүс, профессор багш нар, үе үеийн удирдлагууд их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт авч явахын төлөө уйгагүй хөдөлмөрлөж ирснийг бид үгүйсгэх аргагүй. Өнөөдрийн цаг үед энэ нэр хүндийг цааш авч явахад биднээс нарийн мэдрэмж, оновчтой удирдлага тогтолцоо шаардагдаж байна. Нийгэм маань илүү прагматик шинжтэй болж байгаа өнөөгийн нөхцөлд их сургуулиас гарах үр дүн юу байна, энэ нь нийгэмд хэрхэн нөлөөлөх билээ гэдгийг үргэлж бодох ёстой. Тиймээс үүнд чиглэсэн менежментийн тогтолцоо байхгүйгээс, өөрөөр хэлбэл цаг үеэсээ хоцорч байгаа учраас шүүмжлэлд өртөх шалтгаан болсон болов уу. Энэ утгаараа орчин үеийн чиг хандлагатай менежментийн тогтолцоогоо уяж холбох шаардлага бидний өмнө тулгарч байна. Нөгөө талаар үүнд стратегийн удирдлага их үүрэг гүйцэтгэнэ. Манай ажил өдөр тутмын үйл ажиллагаагаар л хөврөөд байвал далайцтай том зорилтуудаа шийдэж чадахгүй. Иймд менежментийн арга барилаа өөрчилж, багшлах боловсон хүчин, судлаач эрдэмтдийнхээ чадавхийг дээшлүүлж, судалгааны ажлын дэд бүтцийг бүрдүүлж, нийгэмд хандсан иж бүрэн сүлжээгээ бий болгож байж л үр дүнд хүрнэ. Энэ бүх зүйлийг стратегийн удирдлагаар дамжуулж хэрэгжүүлэх боломжтой.
– Хөгжлийн стратеги төлөвлөгөөг эцэслэн батлахаас өмнө веб хуудсаар дамжуулан олон нийтийн дунд хэлэлцүүлэг, санал санаачилга өрнүүлж буй нь нүдээ олжээ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж үг байдаг шүү дээ?
– Санал нэг байна. Стратеги төлөвлөгөөг хамт олноороо хэлэлцүүлж байгаа нь эцсийн тулгуур бодлого оновчтой болоход чухал үүрэг. Нөгөө талаар цаана чинь сургуулийн хөгжлийн хэтийн бодлого боловсруулагдаж байна шүү гэдэг сигналыг хамт олонд өгч байгаагаараа ач холбогдолтой. Энэ төлөвлөгөөг цөөн хэдэн удирдах хүн биш бүгдээрээ л хэрэгжүүлнэ. Тиймээс дараа нь ажил хэрэг болгоход хүн бүр анхаарал тавих болно. Ойрын өдрүүдэд төлөвлөгөөнд нэмж оруулах санал бодлыг тусгах талаас нь эрчимтэй ажиллана. Ялангуяа тэнхмүүдийн идэвх санаачилга их байгаасай, бодлогын талаас гадна үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах санаа оноогоо шуурхай ирүүлээсэй гэж хүсэж байна.
– МУИС-д технологи дамжуулах төвүүд байгуулан бизнестэй холбосноор 2020 он гэхэд үүнээс олох мөнгө нийт үйл ажиллагааны орлогын 30-аас багагүй хувийг эзэлнэ гэж төлөвлөгөөнд тусгасан байгаа?
– Манай судлаачдын гаргасан олон бүтээл, патент, тэр бүү хэл лиценцийн гэрээ хүртэл байдаг ч үр дүнгээ өгөхгүй байсаар байна. Учир нь бизесийн хүрээнийхэн аливаа шинэ зүйлийг турших, түүний эрсдлийг хүлээх хариуцлагаас зайлсхийтэй хоолбоотой. Тиймээс бидний судалгаа цаасан дээр буугаад үлдэхээс цаашгүй байна. Энэ нь судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ямар үе шатуудыг дамждаг, ямар эрсдлүүдийг хүлээдэг гэдгийг бодитоор үзэж туршдаг технологи дамжуулах тийм төвүүдийг их сургууль өөртөө байгуулах хэрэгтэйг харуулж байна. Тодруулбал, эрдэмтдийн толгойд байгаа мэдлэгийг биет зүйл болгон хувиргах процессыг хэрэгжүүлдэг, туршдаг, эрсдлийг нь ч хүлээдэг иж бүрэн орчин нь технологи дамжуулах төвүүд байх юм. Эдгээрийг дагасан оюуны өмчийг хамгаалах, эрх зүйн орчинг бүрдүүлэх дэд бүтэц, start up компаниуд гарч ирнэ. Үүнийг эхлүүлэхэд биднээс тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шаардах хэдий ч богино хугацааны дараа гаргасан зардлаа нөхөөд зогсохгүй орлогын чухал эх үүсвэр байх боломжтой. Төрөөс ч дэмжлэг авах боломж нээгдэнэ.
– Багш, ажилтны нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн цогц бодлого бас стратеги төлөвлөгөөний тодорхой хэсгийг эзэлж байгаа болов уу?
– Энэ асуудал зайлшгүй чухал юм. Гэхдээ хуучин зохион байгуулалтаараа энэ асуудлыг шийдэх боломжгүй. Бид шинэлэг байдлаар хандах ёстой. Юуны өмнө багш судлаачдаа орон сууцжуулах тал дээр ирэх жилүүдэд их олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Нэгдүгээрт, багш, ажилчдынхаа цалингийн түвшинг цаашид тасралтгүй нэмэгдүүлэх бодлого барина. Бидний ажлын үр дүн манай хүмүүсийн цалин хөлсөн дээр л гарах ёстой. Ингэж цалингийн хэмжээ тогтвортой нэмэгдснээр тэдний нийгмийн асуудал шийдэгдэх эхлэл тавигдана. Танай сургуулийн багш нар төрийн бусад албан хаагчдаас ч түрүүлж орон сууцтай болох боломж их ойрхон байна гэж банкны хүмүүс бидэнд хэлж байна. Энэ асуудлаар Төмөр-Очир захирал их санаачилгатай ажиллаж байгаа. Цаашид бид орон сууцжуулах олон арга хэлбэрүүдийг зэрэг ашиглах бодолтой байна.
– Энэ ажил эхнээсээ хэрэгжиж байна гэж ойлгож болох уу. Саяхан багш нарын баяраар зарим хүмүүст байрны түлхүүр гардуулсан?
– Манайх “Хадгаламж”, “Хаан” банкуудад шилжиж байгаа нэг зорилго нь сургуулийнхаа санхүүгийн үйлчилгээг найдвартай түншүүдтэй холбох, нөгөө талаас нийгмийн асуудлыг түргэн шийдэхэд оршиж байгаа. Юуны өмнө “Хадгаламж” банкны байрны зээлд бүх бүрэлдэхүүний сургууль, захиргааны албаны төлөөлөл болох 16 хүнд жилийн 10,8 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болох эхлэл суурийг тавьлаа. Түүнээс гадна сарын 1 хувийн хүүтэй байрны урт хугацааны зээлийн нөхцлийг “Хаан” банктай тохироод байгаа. Ойрын үед зээлийн энэ нөхцөл улам сайжрах боломжтой. Яагаад гэвэл манай сургуулийн банкны системтэй харьцаж байгаа үйл ажиллагаатай уялдуулаад банкуудын хооронд өрсөлдөөн бий болж байна. Тиймээс ч цаашид банкны зээлийн нөхцөл сайжирна гэдэгт итгэлтэй байна.
– Байрны зээлд хамруулах хүний тоо жил бүр нэмэгдэх үү. Одоогийн байдлаар нэгж бүрээс нэг хүн гэсэн хязгаарлалт тогтоосон байгаа?
– “Хаан” банкны хувьд сарын 1 хувийн хүүтэй орон сууцны зээл хязгаарлалтгүйгээр авах бололцоотой. Цаашид ялангуяа зээлийн цөхцөл сайжрах тусам орон суууцанд орох хүсэлтэй хүний тоо нэмэгдэх учраас бид энэ тал дээр нааштай бодлого барина. Нөгөө талаас орон сууц санхүүжилтийн корпарацитай бас нягт хамтран ажиллаж, тодорхой квотыг багш ажилчиддаа авах боломжийг эрэлхийлж байна.
– Өрсөлдөгч томоохон сургуулийн талаар анхаарал хандуулж байхад ШУТИС-ийн таны ижил алба хашдаг проректор нь саяхны нэг мэдээллийн хэрэгсэлд 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй “Голомт” банкны орон сууцны зээлд жил бүр 100 гаруй багш, ажилчдаа хамруулах боломжтой болсон тухай ярилцлага өгчээ. Гэтэл тус банк манай өмнөх харилцагч түнш байсан?
– МУИС харилцагч банкны хувьд өөрчлөлт оруулсан нь бусад их дээд сургуулиудад сая өөрийн чинь хэлсэнчлэн үр дүнгээ өгөөд эхэлж байна. Өөрөөр хэлбэл банкууд маань том түншүүдтэйгээ илүү нягт хамтарч ажиллах бодлого барьж эхэллээ. Тиймээс “Голомт” банк ийм үлгэр жишээ гаргаж байхад шинэ харилцагчид маань өрсөлдөхүйц маркетинг хийх байх. Бид “Хаан” болон “Хадгаламж” банкуудтай хийх дараагийн хэлэлцээртээ дээрхээс дутахгүй нөхцлийг тэдэнтэй тохиролцоно.
– Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад мэдээж олон талын хүндрэл бэрхшээл тулгарна. Тиймээс энэ үед эрсдлийн менежментийн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарах уу?
– Энэ бол гарцаагүй анхаарах асуудал. Тийм ч учраас бид стратеги төлөвлөгөөндөө эрсдлийн удирдлагын асуудлыг тусгасан. Хамгийн багаар бодоход эрсдлийг сарниулах, цаашилбал бүрэн даван туулах бодлого барина. Хамгийн том эрсдэл нь гадаад орчноос засаг төрийн бодлогын залгамж чанар алдагдах вий гэсэн болгоомжлол байна. Тодруулбал, их сургуулийн хотхон байгуулах ажил тууштай үргэлжлэхгүй бол хүндрэл гарна. Хотхонд шилжинэ гээд хамаг асуудлаа хойш тавиад байтал үүний явц нь удааширдаг ч юм уу, бүрэн хэмжээгээр хэрэгжихээ болих тийм нөхцөл байдал үүсвэл стратеги төлөвлөгөөнд том эрсдэл учирна. Мөн дотоод орчноосоо үүсэх эрсдэл нь өмнөх стратеги төлөвлөгөөний дутагдлыг дахин давтах нөхцөл байж болно. Төлөвлөгөө боловсруулчихаад түүний хэрэгжилтийг хангах ажлыг орхигдуулбал бас л эрсдэл. Гол нь хэрэгжилт гэдэг дээр удирдлагын анхаарал чиглэх ёстой.
– Хөгжлийн стратеги төлөвлөгөөг их сургуулиудын хотхон байгуулахтай нягт уялдуулсан байх. Алс хэтийн хөгжлийн шинэ чиг баримжаагаа нэгтгэн тодорхойлж буй энэ цаг үе нь төр засгаас их сургуулиудыг цогц байдлаар хөгжүүлэх бодлого барьж буйтай давхцаж байгаагаараа бидний хувьд таатай нөхцөл бүрдэж байх шиг. Та бас хотхон байгуулах ажлын хэсэгт орж ажиллаж байгаа?
– Юуны өмнө манай стратеги төлөвлөгөө их зөв цаг үед боловсруулагдаж байна. Үнэхээр төрийн өмчит их дээд сургуулийг хамарсан шинэлэг зохион байгуулалт хэрэгжээд, үүний хүрээнд бид стратеги төлөвлөгөөгөөр дамжин зөв бүтцэд орж ажиллаж чадвал жинхэнэ орчин үеийн судалгааны их сургууль болж чадна. Энэ утгаараа хөгжлийн тохироо бүрдсэн цаг үе таарчээ гэж үзэж болно. Мөн их сургуулиудын хотхоноос чухал бас нэг зүйл бол монгол улсын эрчимтэй хөгжлийн цаг үе эхэлж байна. Энэ нь том боломж. Энэ боломжийг ашиглаж бид их сургуулийн хөгжлийн шинэ үеийг нээх ёстой. Үүнд манай стратеги төлөвлөгөө бас чиглэж байгаа. Хоёрдугаарт, төр засаг зөвхөн эрдэс баялгийн салбарыг биш мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтцийг бий болгоход анхаарал хандуулж эхэллээ. Тэр хүрээнд МУИС-ийг тэргүүлэх үүрэгтэй байх ёстой гэдэг дүгнэлт Засгийн газрын бүтцийн байгууллагууд, удирдах хүмүүст байдаг. Энэ үед бидний алс хэтийн цогц бодлого боловсруулагдан гарч байгаагаараа их онцлог юм. Нэг талаас төр засгийн анхааралд ч ороод, нөгөө талаас эдийн засгийн бодит хуримтлалаас ч хүртээд, дээр нь их сургуулийн хотхоны том төсөлд амжилттай хамрагдаж чадвал 10 жилийн дараа гэхэд үнэхээр орчин үеийн жишиг их сургуулийн орчинд бидий ажил явагдах нөхцөл бүрдэнэ.
– МУИС-ийн цогц кампус баригдаж, ашиглалтанд бүрэн орсноор ямар давуу талууд бий болох вэ. Зарим хүмүүс энэ тал дээр бас эсрэг байр суурьтай байдаг л даа?
– Их сургуулиудын хотхон арван жилийн хугацаанд бүрэн баригдаж дуусах эсэхэд тодорхой хариулж мэдэхгүй байна. Ямар ч байсан их бүтээл байгуулалт өрнөнө. Манай зарим бүрэлдэхүүн сургуулиуд, тодорхой алба нэгжүүд 10 жилийн дараа тэнд хэдийнэ төвхнөсөн байх болов уу. Хэрэв энэ ажил санаснаар бүтээд хугацаандаа нүүж очвол олон давуу тал бий болох нь гарцаагүй. Бас сул тал гарна гэдэгтэй ч санал нийлж байна. Хэрэв улсын бодлого тууштай, төлөвлөгөөтэй явагдахгүй бол төрийн өмчийн голлох сургуулиуд хотоос зайдуу төвлөрөөд, тэнд үйл ажиллагаа нь жигдэрч эрчимжиж чадахгүйд хүрвэл тэдний орыг Улаанбаатар хотод байгаа хувийн өмчийн сургуулиуд л эзлэхээс өөр аргагүй болно. Тиймээс энэ олон сургууль, төлөвшсөн хамт олныг эрсдэлд оруулахгүйн тулд маш нягт нямбай, нухацтай ажиллагаа, төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй.
– Та МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирлын албанд томилогдон ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд яг ямар тодорхой ажлууд хийв гэдгийг хүмүүс сонирхож байгаа?
– Би МУИС-ийн 1979 оны төгсөгч. Тиймээс эргээд сургуульдаа ажиллах нь завшаантай хэрэг юм. Миний хувьд хамт олныхоо төлөө нэлээд зүйл хийх юмсан, амжуулахсан гэсэн хүсэл эрмэлзлэлтэй ажиллаж байна. Тодорхой ажлуудаас дурдвал, хамтын гэрээг ажил хэрэгч түвшинд байгууллаа. Ер нь сургуулийн удирдлага хамт олонтойгоо сайн ажиллаж байж ажлын үр дүн нь харагддаг. Энэ утгаараа багш, ажилчдаа сонсдог, одоо байгаа нөөц бололцоогоо сайн ойлгуулдаг, энэ хүрээнд хамтран ажиллах боломжоо тодорхойлдог байх ёстой. Тиймээс хамтын гэрээнд их ач холбогдол өгч байгаа. Үүнээс гадна төсвийн төлөвлөлтийг хичээлийн жилээс санхүүгийн жилд шилжүүлэн өөрчиллөө. 2010 оны тайлан тэнцлийн шинжилгээг одоо хийж байна. 2011 оныхоо төсвийг санхүүгийн жилээр нь боловсрууллаа. Стратеги төлөвлөгөө боловсруулах төсөл дээр яг одоо идэвхийлэн ажиллаж байна. Түүнчлэн дээр ярьсанчлан багш ажилчдыг орон сууцжуулах асуудалд тодорхой тохиролцоонуудыг хийж байна. Мэдээж дээр нь их засвар, урсгал засварын санхүүжилтын эх үүсвэрийг олох, шинэ объектуудыг барьж байгуулах зэрэг олон ажлын бэлтгэл, зохион байгуулалтыг эхлүүлсэн. Сэтгэл гаргаад чармайж ажиллавал үр дүнг нь амсах байх гэж бодож байна.
– МУИС-ийн багш нарын цалингийн түвшин банкны орон сууцны зээлд хамрагдах нөхцөлд хүрсэн ч ажилчдынх хараахан тийм биш байгаа. Өмнө нь багш, ажилчдын цалинг тэнцвэргүй байдлаар нэмсэнд олон хүн дургүйцлээ илэрхийлдэг. Хамт олны нийгмийн асуудлыг шийдэхэд цалин хөлсний нэмэгдэл чухал үүрэгтэй. Үүний цаана байгууллагын боловсон хүчний бодлогын асуудал ч яригддаг?
– Цалингийн асуудалд бид их нухацтай хандах хэрэгтэй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хамтын гэрээгээр дамжаад байнгын зөвшилцлийн систем рүү орох байх. Өмнөх зөвшилцлийн явцад цалингийн өсөлтийн тэнцвэртэй байдал алдагдсан байна гэдэгтэй аль аль тал нь санал нийлсэн. Гэхдээ үүнийг хоёр талтай ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийт ажиллагсдын цалингийн сүлжээ төрийн үйлчилгээний бусад цалингийн сүлжээтэй ямар харьцаатай байна гэдгийг харьцуулан үзэж байх нь чухал. Нөгөө талаас санхүүгийн боломжиндоо тулгуурлаад ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгаа, цалин урамшууллыг сайжруулах асуудалд тэгш хандах хэрэгтэй. Тиймээс тал талаас нь харсан судалгаан дээр тулгуурлаж дараачийн шийдвэрүүд гарах учиртай.
– МУИС-ийн хэмжээнд олгогддог улирал бүрийн урамшууллыг хэвээр үлдээхээр Үйлдвэрчний эвлэлтэй өнгөрөгч намар зөвшилцсөн байгаа. Урамшуулал одоо олгогдож байгаа юу?
– Энэ журмыг хэвээр үлдээх нь зүйтэй байсан. Яагаад гэвэл цалинг эхлээд 15 хувиар нэмэхэд өмнө олгож байсан 7 хувийг хасчихаар бодит нэмэгдэл 8 хувь л болох гээд байсан. Өнгөрөгч оны сүүлийн улирлын урамшууллыг сургуулиудын мөнгөний зузаатгалт муу байгаатай холбогдуулан, оюутны төлбөрт төрөөс шилжих хүний хөгжлийн мөнгө ортол түр хойшлуулсан байгаа.
– Хойшлогдсон ч өмнөх урамшууллыг нөхөж өгнө гэсэн үг үү?
– Өгнө. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд сургуулиуд багш, ажилчдынхаа ажлын үнэлгээ дүгнэлтийг үнэн зөв гаргах нь чухал байна. Хүн бүрт ижил хувиар урамшуулал олгоод байж таарахгүй байх.
– Энэ журам МУИС-ийн хэмжээнд тэгш мөрдөгдөж байгаа юу. Цаашид үүнд ямар нэг өөрчлөлт гарах уу?
– Журам МУИС-ийн хэмжээнд тэгш мөрдөгдөж байгаа. Үүнийг юутай ч 2010-2011 оны хичээлийн жил дуустал мөрдөнө. Ирэх хичээлийн жилд шинэ журам гарч таарна.
– Кампус барихтай холбогдуулаад номын сангийн шинэ барилга хойшлогдоод байна уу. Оюутнууд энэ тал дээр хүлээлттэй байгаа?
– Номын сан барих асуудлаар Удирдах зөвлөлөөс бид дэмжлэг авсан. Гэхдээ хүндрэлтэй нь энэ ажилд улсын төсвийн дэмжлэг авах бололцоо шинэ хотхон барихаас шалтгаалаад хязгаарлагдмал болсон. Тиймээс бид өөрсдийн дотоод нөөц боломжинд тулгуурахаас өөр аргагүй болоод байгаа. Энэ тал дээр төгсөгчид юм уу, гадны байгууллагуудын хандив, зээл гэх мэт янз бүрийн эх үүсвэрийг хайх бодол байна. Ер нь бол номын сангийн барилга зайлшгүй баригдах ёстой.
– Тэгвэл нүүхийг хүлээхгүй нь ээ?
– Тийм. Орон сууцны асуудалд ч сургуулийн удирдлага хотхон баригдахыг хүлээе гэж бодохгүй байгаа. Хэдийгээр тэнд манай багш, ажилчид шилжин ажиллах боллоо ч Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгөтэй байж болно шүү дээ.
– Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.