МУИС-ийн НШУС-ийн багш Доктор У.Эрдэнэбат ХБНГУ-ын Археологийн хүрээлэнгийн сурвалжлагч гишүүнээр сонгогджээ

Share Button

МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Археологи-Антропологийн тэнхмийн эрхлэгч доктор, дэд профессор Уламбаярын Эрдэнэбатын хүн төрөлхтний эртний түүхийн судалгаа, археологийн шинжлэх ухаанд оруулж буй бодит хувь нэмрийг нь үнэлж ХБНГУ-ын Археологийн Хүрээлэнгийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар өөрийн хүрээлэнгийн сурвалжлагч гишүүнээр сонгосон үнэмлэх өргөмжлөлийг 2013 оны 11 сарын 21-нд ХБНГУ-ын Бонн хотноо гардуулж өглөө.

untitled

Зураг дээр: Дээд эгнээнд зүүн гар талаас гурав дахь нь доктор Уламбаярын Эрдэнэбат

(Германы Археологийн хүрээлэнгийн сурвалжлагч гишүүний өргөмжлөл

хүндэтгэлийг хүлээн авсны дараа монгол, герман эрдэмтэн нөхдийн хамт)

Монголын шинэ үеийн археологичдын гол төлөөлөгчийн нэг, тухайн салбартаа олон улсын хэмжээнд танигдсан залуу эрдэмтэнд сурвалжлагч гишүүний үнэмлэхийг Германы Археологийн Хүрээлэнгийн Европоос гадуурхи Соёлын Археологийн Комиссын Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, ноён, доктор Иозеф Айвангер, Азийн тасгийн ажилтан, хатагтай, доктор Кристина Франкен нар гардуулж баяр хүргээд цаашдын эрдэм судлалын ажилд улам их амжилтыг хүсэн ерөөлөө.

Германы Археологийн Хүрээлэн нь 184 жилийн түүхтэй. ХБНГУ-ын Гадаад Яамандаа харьяалагддаг. Берлин, Бонн, Мюнхен, Майн дахь Франкфуртаас гадна Багдад, Дамаск, Санаа, Афин, Истанбул, Кайро, Ром, Лиссабон, Мадрид, Иерусалим, Амманд салбаруудтай. Холбооны Бүгд Найрамдах Улсынхаа дотоодод төдийгүй, ялангуяа гадаад улс орнуудад археологи ба түүний хавсрага ухааны салбарт малтлага шинжилгээ, эрдэм шинжилгээний төслүүдийг хэрэгжүүлэх замаар шинжлэх ухааны суурь судалгаа явуулдаг, олон улсад өндөр нэр хүндтэй, эрдэм шинжилгээний томоохон байгууллага юм.

1961 онд тэр үеийн БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академи, Ардчилсан Герман Улсын Мартин-Лютер Их Сургууль хамтран Монгол-Германы хамтарсан археологийн анхны хээрийн шинжилгээний ангийг зохион байгуулж манай улсын Хэнтий аймгийн нутгаар Монголын ууган археологич, нэрт эрдэмтэн, академич Х.Пэрлээ, профессор И.Шуберт нарын удирдлагаар хайгуул судалгааны ажил хийж байжээ.

Хоёр Герман нэгдэж, Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан эргэлтийн дараа 1998 оноос Монгол Улсын ШУА, Германы Археологийн Хүрээлэн, Бонны Их Сургуулийн эрдэмтэд хамтран археологийн салбарт маш идэвхитэй хамтын ажиллагаа өрнүүлж байна. Үүнд, 2000 оноос Монголын эртний нийслэл Хархорум хотыг археологийн талаар шинжлэн судлах, 2006 оноос Монгол Алтайд мөнх цэвдгийн булш судлах, 2007 оноос Уйгур хаант улсын нийслэл Хар Балгасыг шинжлэн судлах төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнгээс манай улсад болон олон улсын хэмжээнд удаа дараа хэвлэн нийтэлсэн нь Монгол орны гайхамшигт түүх соёлын голомт нутаг, аялал жуулчлалын төв болсон Орхоны хөндийн дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтанд бүртгүүлэх, Хөшөө Цайдам дахь Түрэгийн хаад ихэсийн тахилын онгон, Хархорум судлалын сүүлийн үеийн ололт амжилтыг олон нийтэд дэлгэн үзүүлэх орчин үеийн музейг орон нутагт үүсгэн байгуулах, олдвор үзмэрүүдийг газар дээр нь арчлан хамгаалахыг дэмжихэд чухал нөлөө үзүүлсэн байна.

Монгол-Германы эртний судлаач эрдэмтдийн санаачилгаар 2005 оноос эхлэн Монголын эртний нийслэл Хархорумын археологийн шинэ олдворуудаас голчлон бүрдсэн ”Чингис хаан ба түүний өв” сэдэвт үзэсгэлэнг ХБНГУ, Австри, Турк, Унгар улсад дараа нь АНУ, Сингапур зэрэг оронд амжилттай зохион байгуулж Монголын ард түмний эртний түүх соёлыг дэлхий дахинд сурталчилжээ.

2007 онд Германы эрдэмтэдтэй хамтарсан “Орхон” төслийн хүрээнд Уйгурын нийслэл Хар Балгасыг (Архангай аймгийн Хотонт сум) агаараас лазерын скан аргаар тандан судалж Төв Азид хамгийн томоохонд тооцогдох уг дурсгалын 3 хэмжээст нарийвчилсан зураглал, дижитал моделийг боловсруулсан нь зөвхөн манай бүс нутагт төдийгүй Ази тивийн хэмжээнд археологид анх удаа орчин үеийн байгалийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан судалгаанд тооцогдож байна. Сүүлийн жилүүдэд Орхоны хөндийд явуулж буй Монгол-Германы хамтарсан экспедицийн судалгаанд доктор У.Эрдэнэбатын удирдлагаар МУИС-ийн НШУС-ийн археологийн мэргэжлийн ангийн оюутнууд жил бүр тогтмол идэвхитэй оролцон ажиллах болсон нь манай улсын соёлын өвийн судалгаа, хадгалалт хамгаалалт, их дээд сургуулийн сургалт эрдэм шинжилгээг шинэ шатанд гаргахад зохих хувь нэмрээ үзүүлж байна.

У.Эрдэнэбат нь 1972 онд Улаанбаатар хотноо төрсөн. Архангай аймгийн Их Тамир сумын уугуул. 1980-1990 онд ЮНЕСКО-гийн холбоот, нийслэлийн 10 жилийн 31-р дунд сургууль, 1990-1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Түүхийн салбарыг түүхч, археологич мэргэжлээр төгсгөсөн. 1994-2002 онд Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнд, 2002-2007 онд Археологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2007 оноос МУИС-ийн НШУС-ийн Археологи-Антропологийн тэнхимд багш, 2012 оноос тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байна.

Монголын түүхийн эртний үе, түүний дотор дундад зууны монголчуудын булш оршуулга, хот суурин, эдийн соёлын зангилаа асуудлаар судалгаа хийж  2000 онд МУИС-д түүхийн ухааны магистрын зэрэг, 2009 онд ХБНГУ-ын Райны Фридрих Вильхельм Их Сургуульд “Эртний монголчуудын оршуулгын зан үйл – XI-XVII зууны монголчуудын булшны олдворт хийсэн археологи-түүхийн шинжилгээ“ сэдвээр Өвөг ба эртний түүхийн археологийн докторын /Dr. phil./ зэрэг хамгаалсан. 2013 онд МУИС-ийн дэд профессор цол хүртсэн.

Доктор У.Эрдэнэбат өөрийн судалгааны үр дүнгээс “Монголын Нууц Товчооны Алан Гоа эхийн домгийн учир” (1997), ”Монгол эхнэрийн богтаг малгай” (2006) ”Дугуй Цахирын хадны оршуулга” (2010) зэрэг ганц сэдэвт зохиол, “Археологийн үндэс – Судалгааны аргазүй” сурах бичиг (2012), “Археологийн мэргэжлийн орос-монгол-герман-англи үгсийн толь бичиг” (2007), “Эгийн голын сав нутаг дахь археологийн дурсгалууд” (2003), “Монголын археологийн шинжлэх ухаан” (2007), “Хархорумын худалдаа гар үйлдвэрийн хороолол” (2010), “Монгол костюмс” (2011), “Чингис хааны өв” (2012) зэрэг нэгэн сэдэвт зохиол 7, хамтын бүтээл 15, мэргэжлийн сурах бичиг, гарын авлага 3, эрдэм шинжилгээний 84 өгүүлэл бичиж хэвлүүлснээс гадна олон улсын болон үндэсний эрдэм шинжилгээний  хурал, семинар, симпозиумд 20 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Түүний бүтээлүүд өөрийн эх орны болон АНУ, ХБНГУ, Польш, Унгар, Япон, БНСУ зэрэг орны мэргэжлийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлэгдэж олон арван удаа эшлэгдсэн байна.

Доктор У.Эрдэнэбат 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтний шагнал, 2008, 2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны жуух бичгээр, 1997 онд “Монголын Нууц Товчооны Алан  Гоа эхийн домгийн учир“ нэгэн сэдэвт зохиолоороо Монгол Улсын шинжлэх ухааны шилдэг бүтээлийн тусгай шагнал, 1999 онд “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалууд” хамтын бүтээлээр шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал, 2013 онд “Чингис хааны өв” хамтын бүтээлээрээ АНУ-ын эрдэмтэн Жек Уотерфордын нэрэмжит шагналаар тус тус шагнуулсан. 2013 онд МУИС-ийн оны шилдэг судлаач багшийн гутгаар байранд шалгарч байсан. Монгол Улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны дэргэдэх Археологийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсад түүх, археологийн чиглэлээр докторын зэрэг Хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, “Археологийн судлал”, “Монголын археологи, антропологи, угсаатан судлал” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүний сонгуультай.

Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар