Юнеско-гийн нэрэмжит тэнхим байгуулахыг зөвлөв

Share Button

 

Дэлхийн дээд боловсролын хөгжлийн чиг хандлага хаашаа явж байгаа тухай нэгэн сонирхол  татсан лекц 9-р сарын 16-нд МУИС-ийн эрдмийн дугуй танхимд боллоо.

  “Мэдлэгийн зуун дахь дээд боловсролын өөрчлөлт, шинэчлэл” сэдэвт энэхүү  лекцийг ОХУ болон Төв Азийн орнуудыг хариуцсан Москва дахь Юнеско-гийн суурин төлөөлөгч , доктор, профессор Д.Бадарч уншлаа. Түүнийг эдийн засгийн шилжилтийн жилүүдэд ШУТИС-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа олон дэвшилтэт шинэчлэлийг сургуульдаа  хийж байсныг хүмүүс мэднэ.

 Олон улсын томоохон байгууллагын тайлан  тоо баримт болон боловсролын салбарт судалгаа хийдэг экспертүүдийн үнэлэлт дүгнэлтэнд үндэслэсэн энэхүү  лекцэндээ илтгэгч  дэлхийн дээд боловсролын хөгжлийн динамикийг бүдүүвчлэн харуулснаас гадна олон улсад нэр хүнд бүхий их сургуулиудад ашиглаж байгаа OCW, OER зэрэг сургалтын хөтөлбөр түүний агуулга, давуу талын тухай дэлгэрэнгүй оруулсан байна. Мөн хөгжиж буй улс орнууд дэлхийн жишгийн сургууль байгуулах гээд ямар алдаа гаргадаг болон өнөөгийн сонгодог их сургууль нь судалгаанд, хувийн их сургууль нь сургалтанд голлох чиг хандлага ажиглагдаж байгаа зэрэг олон шинэлэг мэдээлэл  энэхүү лекцэнд багтжээ.  Түүнчлэн суурин төлөөлөгч илтгэх үеэрээ  МУИС Юнеско-той хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар ярихдаа тус байгууллагаас бодлогын зөвлөгөө авах, өндөр түвшний судлаач, мэргэжилтнүүдийнх нь  багтай холбоо тогтоон ажиллах, цаашилбал Юнеско-гийн нэрэмжит тэнхим байгуулах нь хамгийн өгөөжтэй болохыг зөвлөсөн юм.

 МУИС-ийн ЭШИХ-ийн санаачилгаар зохион байгуулагдсан тус лекцийн төгсгөлд эрдэмтэн багш нар сонирхсон асуултандаа хариулт авлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар