Монгол судлалын чиглэлээр Өвөр Монголын Багшийн Их Сургуультай хамтын ажиллагаа эхлүүллээ

Share Button

 

2011 оны 9 дүгээр сарын 5-наас 9-ний өдрүүдэд БНХАУ–ын Өвөр Монголын өөртөө засах оронд, МУИС болон Өвөр Монголын Багшийн Их Сургууль хооронд “эрдмийн нийтлэг эрх ашиг, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх гэрээ” байгууллаа

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа

Өвөр Монголын Багшийн Их Сургууль нь 1952 онд байгуулагдсан, 30-аад мянган оюутан (үүний 400 гаруй нь гадаад оюутан), 5000 гаруй аспирант, 2400 гаруй багш ажилтан, 1500 гаруй дагалдан багштай, байгалийн ухаан, нийгмийн ухаан, урлаг соёл, спортын чиглэлээр судалгаа, сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг тус орны соёл боловсрол, шинжлэх ухааны томоохон төвийн нэг болон хөгжсөн байна.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд МУИС- ийн ректор, МУИС-ийн МСХ-ийн ерөнхийлөгч С.Төмөр-Очир, НШУС-ийн захирал Г. Эрдэнэбаяр, Худалдааны сургуулийн захирал Б.Батсайхан, МУИС-ийн МСХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Урантөгс, МУИС-ийн хэвлэлийн газрын дарга Ц. Мягмарсүрэн, НШУС- ийн Улс төр судлалын тэнхмийн эрхлэгч Н.Төртогтох нар, БНХАУ–ын Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн талаас сургуулийн ректор Ян И Жан, дэд захирал Алтанбаатар, гадаад харилцааны хэлтэсийн дарга Чен Юй, Монгол Судлалын сургуулийн захирал М.Баатар, Угсаатан Зан үйлийн сургуулийн захирал Чи.Баатар, гадаад харилцааны ажилтан Аянга, намын дарга Ялалт, профессор Төмөрбагана нар оролцож, МУИС ийг төлөөлж С. Төмөр – Очир, БНХАУ –ын Өвөр Монголын Багшийн Их Сургуулийг төлөөлж  Ян И Жан нар гарын үсэг зурлаа.

Тус гэрээнд: Талуудын хамтын ажиллагааны цар хүрээг дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

  • Талуудын сонирхсон салбарт хамтарсан судалгааны төслийг хэрэгжүүлэх
  • Оюутан болон их сургуулийн удирдлага, факультетийн гишүүд багш нарын харилцан айлчлалаар эрдмийн ажлын туршлага солилцох
  • Хурал, семинар, симпозиум зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулах
  • Аль нэг талын зохион байгуулж буй эрдэм шинжилгээний уулзалтанд харилцан оролцох
  • Боломжит нөөцөд тулгуурлан тэнхим, хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
  • Эрдэм шинжилгээний ном, хэвлэл солилцох зэрэг болно

Гэрээ байгуулсаны дараа ажлын хэсгийн хамт олон Өвөр монголын багшийн их сургуулийн захирал, дарга нартай тусгайлсан уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны шинээр байгуулсан гэрээгээ хэрхэн хэрэгжүүлэн биелүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллахаар санал солилцож, нэгдсэн ойлголтонд хүрлээ. 

9-р сарын 7-нд БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Зан үйлийн дээд сургуультай танилцав.

Өвөр монголын багшийн их сургуулийн зан үйлийн дээд сургуульд

Тус сургууль нь 1998 онд байгуулагдсан, бакалавр, магистрантур, аспирантурын сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний  үйл ажиллагаа эрхэлдэг ба сүүлийн үес ихээхэн өргөжин хөгжиж 2004 онд Зан үйл угсаатан зүйн, 2005 онд Ерөнхий хятад хэлний болон Антропологийн мэргэжилтэн бэлтгэх шинэ ангиуд нээжээ. Зан үйлийн дээд сургууль нь нийт 29 багштай (үүний 7 профессор, 12 доктор) юм. Энэ өдөр Зан үйлийн дээд сургуулийн захирал Чи. Баатар, Сургуулийн намын хорооны дарга, хятадын орчин үеийн уран зохиол судлаач  Лю Зань, Нийгмийн антропологийн тэнхимийн эрхлэгч Эсэрмэнд, Соёл судлаач, бэлэгдэл зүй судлаач Ли Жин Ши нар сургууль дээрээ хүлээн авч, албан ёсны уулзалт зохион байгуулав.

Бид МУИС – ийн МСХ – ийн үйл ажиллагааг танилцуулан, цаашдын ажлын зорилго чиг хандлагын талаар ярьж, шинээр байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Зан үйлийн дээд сургуультай Монгол үндэстний домгийн судалгаа, биет бус соёлын судалгаа, түүхэн газар зүйн нэрийн тухай судалгаа, соёлын салбарт бэлэгдэл зүйн хамтарсан судалгаа явуулж болох тухай санал солилцлоо.

9-р сарын 8-ны өглөө Хөх хот дахь Гэсэр судлалын товчооны дарга Гэрэлт болон эрдэм шинжилгээний ажилтан Лүн Мэй нартай уулзаж МУИС –ийн МСХ – ийн үйл ажиллагаа зорилго чиглэлийг  танилцуулж, Монголын уран зохиолын ноён оргилын нэг болох Гэсэрийн тууль судлалын ололт туршлага, тулгамдаж буй асуудал, цаашдын судалгааны хандлага чиглэлийн тухай албан ёсны санал солилцсоны үр дүнд 2011 оны 12-р сард МУИС-ийн МСХ-д ирж судалгааны ажлыг хамтарч гүйцэтгэх гэрээ байгуулах, төсөл боловсруулахаар тохиролцлоо.

Мөн өдрийн үдийн хойно  БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуультай танилцаж, багш судлаач нартай уулзалт зохион байгуулав. Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль нь 1952 онд байгуулагдсан ба тэр цагаас хойш Монгол хэл утга зохиол, Сурвалж судлал, Хэрэглээний хэл шинжлэл, Шашин судлал зэрэг чиглэлээр сургалт судалгаа эрхэлж байгаа ба 50 багш ажилтантай (үүний 13 профессор, 6 доктор, 14 магистр) ажээ.

 
Сургууль байгуулагдсанаас хойших 60 жилийн хугацаанд 4000 төгсөгч бэлтгэсэн байх ба эдүгээ тус сургууль нь 800 гаруй оюутантай, магистр, докторант 1400 гаруйг бэлтгэжээ. Багш нартай хийсэн уулзалтанд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн Сэцэн, Цэрэн, Гарьд, Хосбагана, Алтанбагана, М.Баатар, Бао Жинган нарын эрдэмтэд оролцож,  хамтран ажиллах талаар доорхи саналыг дэвшүүллээ.

Үүнд:

1. Монгол хэлний нутгийн аялгуу судлалын чиглэлээр, ялангуяа өвөр монголын болон Монгол улс дахь монголчуудын нутгийн аялгууны нийтлэг болон ялгаатай талыг дахин шинээр судлан тогтоох (Сэцэн)

2. Нийт монгол туургатны соёлын харилцан нөлөөллийн тухай болон харь соёлын нөлөөлөлийг ялгаруулах чиглэлээр хамтарч ажиллах (Сэцэн)

3. Монголын эртний сурвалж судлалын чиглэлээр нарийн мэргэшсэн боловсон хүчин хамтарч бэлтгэх. Жич: Монгол хэл бичиг соёл сайн мэдэх мэргэжилтэнд хятад хэлний боловсрол эзэмшүүлэх, Хятад хэл сайн мэдэх авч, монгол хэл соёлын талаар учир дутагдалтай мэргэжилтэнд монгол хэл соёлын мэдлэг эзэмшүүлэх. Энэ бүхний үр дүнд тухайн сурвалж бичгийн үндсэн эх дээр нь ажиллаж чадах мэргэжилтэнтэй болно. (Гарьд)

4. Монгол улс дахь сурвалж судлалын чанартай сайн бүтээлийг Өвөр монголд хэвлэх болон Өвөр монгол, хятадын судлаачдын шилдэг сайн бүтээлийг кирил монгол үсгээр хэвлэн нийтлүүлэх тал дээр хамтарч ажиллах (Гарьд)

5. Монгол аман зохиол, ялангуяа үлгэр, бэнсний үлгэр, хуурын үлгэр дайралцаа, хоршоо, холбоо үг зэрэг аман яруу найргийн төрөл зүйлийг нарийвчилан тодорхойлсон суурь судалгааг хамтарч эрхлэх (Бао Жинган)

6. Хоёр талын эрдэмтэн судлаачид бие биесийн судалгааны бүтээлдээ хүндэтгэлтэй хандах. Ялангуяа судлаачийн туурвисан нэг сэдэвт судалгааны зохиол бүтээлийн зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудал дээр харилцан зөвшилцөн, ойлголцож, хамтарсан судалгааны ажил гүйцэтгэсэний дараа маргаан үл гарах хэлбэрээр хамтарч ажиллах    (Төмөрбагана)

7. Хоёр талын хамтарч ажиллах эрдэмтэн судлаачдад хэвлэлийн болон унааны зардлыг нарийн тооцож өгөх, зохиогчийн эрх болон судалгааны тайланг шударгаар гаргах, төслийг гүйцэтгэх талууд төсөв хөрөнгийг хамтарч гаргах буюу  тэнцүү юм уу тодорхой хувийг гаргахаа гэрээ бичгээр батламжлах (Төмөрбагана)

8.  Гэрээ байгуулсан хоёр сургуулийн эрдэмтэн багш нарын хооронд богино хугацааны эрдэм шинжилгээ, сургалтын ажлын солилцоо хийдэг болох. Богино хугацаа гэж онцлохын учир нь аливаа хүн тодорхой бага хугацаанд их юм амжуулах, цагаа маш зөв тооцоолох шаардлагатай болдог. Тэр хэрээр үр дүн, өгөөж сайтай болохын зэрэгцээ зардал төсөв бага зарцуулагдах сайн талтай.  Нөгөө талаар солилцоогоор очсон судлаачид ижил төст байгууллагуудад семинар хийх боломжоор хангах. Мөн оюутны солилцоог явуулахдаа хоёр талаас ирэх оюутны тоо тэнцүү байхын дээр, оюутантай холбогдон гарах нийгэм эдийн засгийн асуудлыг уригч тал хариуцан шийддэг байх (Цэрэн)

зэрэг чухал асуудлыг хөндөн, хоёр тал харилцан анхаарч ажиллах, дутагдал сул талыг арилгаж, бие биедээ хүндэтгэлтэйгээр хандаж, тулгарсан асуудлыг нааштайгаар шийдэж байх тухай ярилцан, үндсэн тохиролцоонд хүрлээ. Энэхүү уулзалт ярилцлага хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг хөндсөн, тодорхой шийдвэр гаргахад анхаарч үзэх, тусган авах олон сонирхолтой санал бодол дүгнэлт дэвшигдсэнээрээ, нээлттэй, чөлөөтэй санал бодлоо илэрхийлснээрээ чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна.  

Хөх хот дахь Өвөр Монголын алдарт зохиолчдын музейн гаднах орчин

Мөн Хөх хот дахь Өвөр Монголын алдарт зохиолчдын музей үзэв. Зохиомж байгууламжийн хувьд уг музей нэлээд шинэлэг боловсруулалттай музейн голд ороомог хэлбэрийн шат хийж дөрвөн давхар үзмэрийн танхим байгуулан давхар бүрт үе үеийн зохиолч, яруу найрагчдын намтар, уран бүтээлийг толилуулсан байлаа. Музейн гаднах орчинд мөн эртний домогт яруу найрагчдийн хөшөөг цогцлоон хиймэл нуур цөөрөм хийж, амрах зориулалт бүхий сайхан цэцэрлэг байгуулсан байна. 

 Мэдээлэл бэлтгэсэн:

Монгол судлалын хүрээлэнгийн эрдэмтэн

нарийн бичгийн дарга С.Урантөгс


Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар