Ц.Батчулуун: Байгууллага маань таван жилийн дараа уяа сойлго нь таарсан хүлэг гэдэг шиг болсон байна

Share Button

МУИС-ийн дэргэдэх “Байгаль- эх лицей” ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн (БЭЛСЭБТ) захирал доктор Ц.Батчулууныг энэ удаагийн ярилцлагын зочноор урилаа. Бидний ярилцлагаас зочны шинэ ажлынх нь бодлого чиглэлийн тухай мэдээлэл авна уу.

 

 

 –          Та сайхан намаржиж байна уу. Ажлын тань ойрын үеийн шинэ, сонин мэдээллээс яриагаа эхэлье гэж бодлоо?

–         Манайхаар ойрын үед сонин их байгаа. Саяхан бид  Солонгосын Хойгийн Ойн Нөхөн Сэргээлт ба Олон Улсын Ойн Хамтын Ажиллагааны  Судалгааны Төв (InFoCo) болон Чуннамын Үндэсний Их Сургууль зэрэг байгууллагын дэмжлэгээр “Хүрээлэн буй орчны хамгаалал ба олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр олон улсын бага хурал зохион байгууллаа. Мөн барилгын гаднах фасад, засварын ажлууд дуусах шатандаа явж  байна. Мөн хүлэмж засварлах, өвөлжилтийн бэлтгэл гээд олон ажил ундарч байна. Дээр нь их сургуулийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд  Худалдаа үйлдвэрлэлийн сургуульд байсан “Манлай” ахлах сургууль “Байгаль-эх лицей” ахлах сургуультай нэгдэж манай байранд шилжин ирсэн. Үүнтэй  холбоотойгоор анги танхим хуваарилах, шинээр засах, хичээлийн хуваарь зохицуулахаас эхлэн ажил ихтэй  л байна. 

–         “Манлай” ахлах сургууль ямар чиглэлийнх вэ. Сургалтын агуулга хөтөлбөр нь манайхтай нийцэж байгаа юу?

–         “Манлай ”ахлах сургууль  математик, гадаад хэлний чиглэлийн сургалттай. Есдүгээр анги төгсөгчдийг элсүүлдэг. Нийт наяад хүүхэд, зургаан багштай. Ойрын хугацаанд  хоёр сургуулийн зорилго, чиглэл, хичээлийн хөтөлбөрийг нийцүүлэх, журам дүрмийн хувьд нэгтгэх асуудал гарч байна.

–         Та ажлаа аваад хагас жил болж байгаа. Энэ хугацаанд “багтайгаа”  сайн танилцаж цаашид юу хийхээ төлөвлөчихсөн байх?

–         Манай байгууллага үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ЭБТ нь бүх нийтэд (өсвөр үе хүүхэд багачууд, залуучууд, иргэдэд) хүрээлэн буй орчин,  байгаль орчны чиглэлээр нас насанд нь тохирсон мэдлэг, боловсрол олгодог. БЭЛАС бол байгалийн шинжлэлийн (Математик, Физик, Хими, Биологи, Газарзүйн) шинжлэх ухаанд дур сонирхолтой, энэ чиглэлд авьяас чадвартай хүүхдүүдийг сонгон шалгаруулан элсүүлж, тэднийг улам хөгжүүлж, улс орондоо хэрэгцээтэй шилдэг залуусыг бэлтгэн гаргах зорилготой юм. Өнгөрсөн хугацаанд байгууллагынхаа багш, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтуудтай танилцаж, хүн бүртэй уулзсан. Хамт олны санал, санаачилга цаашдын ажлын амжилтанд чухал байдаг. Тиймээс хүмүүсийг сайн сонсох хэрэгтэй гэж бодож байна.

Миний хувьд сүүлийн жилүүдэд ойн экосистемийн  өөрчлөлт, мониторингийн  чиглэлээр судалгааны ажил хийж байна. Байгаль дэлхий, хүрээлэн байгаа орчны доройтол, экологийн  боловсролын тухай асуудал хүчтэй яригдаж байгаа өнөө үед өсвөр үеийг хүмүүжүүлэх, тэднийг сургах,  түүнчлэн бүх насныханд  экологийн боловсрол мэдлэг олгох чиглэлд  хийх ажлууд их байгаа нь харагдсан учраас би өөрчлөх, шинэчлэх, хөгжүүлэх боломж байвал ажиллаад үзье гэж бодсон. Өнөөдөр дэлхий дахинд, бүс нутагт, манай улс орны хэмжээнд байгаль орчны асуудал үнэхээр хурцаар тавигдаж байна.  Хамгийн наад зах нь  бид хөрсний  болон  агаарын бохирдлын асуудлаа одоо ч шийдэж чадахгүй л байна. Юнеско-гоос тогтвортой хөгжлийн боловсролыг олон улсын хамтын нийгэмлэгийн нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлого чиглэл болгон тавьсан.  Энэ нь байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн үндсэн гурван чиглэлд харилцан шүтэлцээтэй хөгжиж байж тухайн улс орны тогтвортой хөгжлийн цөмийг бий болгох тухай ойлголт юм л даа. Тиймээс байгууллагын зорилго чиглэлийг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэх шаардлага урган гарч байна.

–         Байгаль орчны инноваци хийх шаардлагатай  гэсэн өгүүлбэрийг таны мөрийн хөтөлбөрөөс олж уншлаа.  Мэдлэгийг баялаг болгох  гэдэг утгаараа инноваци гэдэг ойлголт сүүлийн үед хүмүүст танил болоод байгаа. Харин байгаль орчны гэсэн тодотголд арай өөр ухагдахуун гарч ирэх үү?

–         Энэ нь бүх зүйлээрээ л байгаль орчныг ойлгох мэдэх, сурах, хамгаалах, зүй зохистой ашиглах гэхчилэн  бүх бодлого дээр эргэлт шинэчлэл хийх асуудал юм. Ингэхийн  тулд хүн бүр би байгаль эхээс төрсөн, дэлхий ганцхан учраас ээж шигээ хайрлая гэсэн  тийм сэтгэлийг өөртөө төлөвшүүлэх ёстой. Өнөөдөр хүмүүсийн сэтгэхүйд нь өөрчлөлт хийхгүйгээр мянга хашаа хайс бариад, бодлого төлөвлөгөө боловсруулаад үр дүн муутай. Үүнийг цэцэрлэгийн насны хүүхдээс л эхлэх хэрэгтэй.

–         “Залуу байгальчдын станц” нэрээр танайх дээхнэ үедээ  экологийн сургалт боловсрол олгодог, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэлээд том байгууллага байлаа шүү дээ?

–         Экологийн боловсролын төв маань баялаг түүхтэй, салбартаа  ууган байгууллага нь юм. Тус байгууллагын анхны үндэс суурь нь 1957 онд СНЗ-ын тогтоолоор хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тө­рөл бүрийн цэцэг, суулгац тарьж, ан амьтан үржүүлэхэд хүүхэд багачуудыг сургах, тэдний сонирхлыг хөгжүүлэх “Залуу бай­гальчдын станц” нэрээр тавигдсан. Гэгээрлийн сайдын 1998 оны 262-р тушаалаар “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн гүйцэтгэх үүрэг бүхий гэрээгээр тус байгууллагыг МУИС-ийн бүрэлдэхүүнд шилжүүлж “Экологийн боловсролын төв” болгосон. 2001 онд “Байгаль-эх лицей” ахлах сургуулийг МУИС-ийн Захирлын зөвлөлийн санаачилга, Гэгээрлийн сайдын тушаалаар байгуулсан түүхтэй. ЭБТ нь бүх нийтэд экологийн боловсрол олгох үйл ажиллагааг улсын хэмжээнд хариуцан ажилладаг бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сургалтанд доод тал нь 400 хүн хамрагдаж байна.

сурагчид чөлөөт цагаараа хүлэмжинд зочилж, тасалгааны цэцэг арчилж байгаа нь

Цэцэрлэгийн хүүхэд багачууд, ЕБС-ийн сурагчид болон бүх насны иргэдэд зориулсан албан бус сургалт, байгууллагын орчинтой танилцуулах аян, мод  цэцгийн үзэсгэлэнд жилд 1000 гаруй хүн оролцож байна. Одоо “Байгаль-эх лицей” ахлах сургууль, “Экологийн боловсролын төв” нь 10 үндсэн багш, 8 ажилтан, 6 захиргааны ажилтан, 300 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллага нийслэлд төдийгүй улсдаа ховорт тооцогдох сургалтын амьд орчинтой гэдгээрээ онцлог юм. Тухайлбал 320 м2 талбай бүхий төвийн дулааны шугамд холбогдсон цэцгийн хүлэмжтэй бөгөөд энд 160 м2 талбайн хөрсөнд 70 орчим зүйлийн 500 гаруй цэцэг ургамал ургаж байна. Уг хүлэмжинд сарнайн 16 бут цэцэг, мөн Монголд өөр газар байхгүй лавар, лимон зэрэг олон наст ургамлууд ургаж байгаагаас гадна манай оронд  10 гаруй жилийн өмнө устсан Монгол царсны суулгацыг арчлан ургуулж байна. Мөн 0.9 га бүхий Экологийн цэцэрлэгт хүрээлэн байдаг бөгөөд 2004 онд манай хамт олон Япон улсын Дэлхий нийтээр хамтран орших сүлжээ (GNC) байгууллагын санхүүгийн дэмжлэгээр шинээр байгуулж, нийслэлд анх удаа ногоон байгууламжийн үндсэн төв, бичил цэцэрлэг болгон тохижуулсан юм. Одоо тус цэцэрлэгт голт бор, монос, тэрэлж, өрөл, тэхийн шээг, бургас, гацуур, хуш, мөнгөлөг гацуур, нарс, улиас, гүйлс, буйлс, шинэс, тошлой, үхрийн нүд, чацаргана зэрэг говь цөл, хээр тал, хангайн уулархаг нутгуудаар ургадаг монгол орны шилмүүст болон навчит мод, гоёл чимэглэл, жимс жимсгэний 26 зүйлийн 300 гаруй мод, бут сөөг ургаж байна. Байгаль-Экологийн музейг ЕБДС-ийн сурагчдын болон их, дээд сургуулийн оюутнуудын сургалт, дадлагын бааз болгох зорилгоор 2002 онд МУИС-ийн Биологийн факультетийн Амьтан судлалын тэнхимтэй хамтран сэргээн засварлан үйл ажиллагаа явуулж байна. Энэ байгалийн музей нь Монгол орны бүх экосистемийн онцлогийг харуулсан биологийн төрөл зүйлийн нийт 300 орчим үзмэртэйгээс гадна гадаадын орнуудаас Богд хаанд бэлэглэсэн үзмэрүүд ч байна.

Дээрхи сургалтын амьд орчин нь бүх нийтэд экологийн боловсрол олгох, байгаль орчноо хайрлан хамгаалах хүмүүжил, төлөвшил, дадал олгох, хүрээлэн буй байгаль орчныг танин мэдүүлэх, мэдлэг, чадвар, дадлага олгох экологи, байгаль шинжлэлийн сургалт, судалгаа, сурталчилгааны улсын хэмжээний суурь бааз болох боломжтой юм. Энэ таатай орчин нь тус сургуулийн суралцагчдад байгалийн ухаан, экологийн цэгцтэй боловсрол олгох бүрэн боломжийг олгож сурах идэвхи, сурлагын чанарт нь зохих дэмжлэг болдог төдийгүй зөвхөн Улаанбаатар хот бус хөдөө орон нутгийн  хүүхдүүдийн элсэн суралцах сонирхлыг татдаг хүчин зүйл болж байна.

–         Энэ ажлыг та анхнаасаа бодож төлөвлөж авсан нь лавтай. Тийм ч учраас удирдлага, сургалт, санхүү гэхчилэн олон чиглэлд анализ хийж ажлын голлох чиг баримжаагаа тодорхойлсон гэж байсан?

–         Ойрын таван жил, арван жилийн дараа ямар болгох вэ гэдэг дээр төсөөлөл авахын тулд БЭЛСЭБТ-ийн өнөөгийн байдалд спот шинжилгээ хийж,  давуу болон дутагдалтай талыг нь тодорхойлсон. Ингэснээр өнөөдөр ажлаа юунаас эхлэх гэдэгтээ хариулт авсан гэх үү дээ. Манай төвийн гол зорилго нь бүх насныханд экологийн боловсрол олгоход чиглэдэг. Бүх нийтийн экологийн боловсрол олгох Засгийн газрын хөтөлбөр 2007 хүртэл хэрэгжиж байлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд  улсын хэмжээнд сургалт суртчилгаа, мэдээлэл түгээх үйл ажиллагаа явуулдаг ганц байгууллага нь энэ төв байсан. Харамсалтай нь хөтөлбөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор  үйл ажиллагаа нь сүүлийн жилүүдэд доголдож эхэлсэн. Бид өнөөдөр тогтвортой хөгжлийн боловсролд чиглэсэн, үзэл баримтлал шингэсэн байдлаар ахлах сургууль болон төвийнхөө хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байна. Ажил хүлээж авах үед сургалтын байдал, төвийн үйл ажиллагаа нэг л хэвийн, гойд өрнөл хөгжил харагдаагүй. Гэхдээ амжилттай сайн талуудыг хөгжүүлэхийн хамт дутагдалтай зүйлийг нь засаад явах л чухал. Лицей сургуулийн хувьд яамнаас авдаг хувьсах зардал, сургалтын төлбөртөө л түшиглэн үйл ажиллагаа явуулж ирсэн.  Санхүүгийн хувьд харьцангуй бие даасан шинжтэй. “Байгаль-эх лицей” ахлах сургууль 2001оноос хойш эдүгээ 10 удаагийн төгсөлт хийж, нийт 1100 орчим сурагчид байгалийн ухаан, экологийн цэгцтэй боловсрол олгож, экологид сонир­холтой иргэн төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж ирлээ. Уг сургуулийн сурагчид энэ хугацаанд дотоодын болон олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд анги хамт олноороо болон дангаараа оролцож ирснээс улсын хэмжээний олимпиадад алтан медаль 23, мөнгөн медаль 18, хүрэл медаль 22, шагналт байр 13, олон улсын олимпиадаас алтан медаль 1, шагналт байр 4 эзэлж нийт төгсөгчдийн 98.7% нь төрийн өмчийн их сургуулиудад элсэн суралцаж байна.

–         Төлбөр нь  хэд байдаг вэ?

–         2009 онд 300 мянган төгрөгөөр тогтоосон байдаг юм билээ. Ажил авсныхаа дараа сургалтын орчинг сайжруулах, багш нарынхаа чадавхийг дээшлүүлэх, байгууллагын   санхүүгийн баталгааг бий болгох үүднээс сургуулийнхаа удирдах зөвлөлд санал оруулж, хэлэлцүүлэн сургалтын төлбөрийг 2011-2012 оны хичэлийн жилээс 600 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн.

–         Лицей сургууль өмнө нь удирдах зөвлөлтэй байсан юм уу, эсвэл шинээр байгуулсан уу?

–         Бага дунд боловсролын тухай хуулиар  ахлах сургууль удирдах зөвлөлтэй байх ёстой юм билээ. Үүний  дагуу МУИС-ийн удирдлагаас зөвлөмж авснаар өнгөрөгч хавар “Байгаль-эх лицей” ахлах сургуульд удирдах зөвлөлийг байгуулж батлуулсан. Үүнд үүсгэн байгуулагч, төгсөгчид, суралцагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл багтдаг. Үүсгэн байгуулагчийн төлөөлөлд МУИС-ийн БСА-ны дарга, гүнзгийрүүлсэн сургалт явуулж байгаа математик, физик, хими, биологи, газар зүй гэсэн үндсэн таван чиглэлийн бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын албаны дарга нар оруулсан. Энэ нь салбар сургуулиудын хоорондын хамтын ажиллагааг бодитой болгоход чухал ач холбогдолтой гэж үзсэн.

–         Дээрх төлбөрийн хэмжээ хэр бодитой гэж бодож байна вэ?

–         Энэ бодитой тоо. Олон жил нэмэгдээгүй байсан учир бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, цалингийн инфляциас ихээхэн хоцорсон байсан.   Өнөөдөр СБД-ийн нутаг дэвсгэр дээр төлбөртэй сургалт явуулдаг сургуулиудын хамгийн бага нь 1200,000 төгрөг байна. Үүнтэй харьцуулахад төлбөрийн хэмжээ өндөр биш байгаа.

–         Үйл ажиллагаагаа тэлж өргөжүүлэхэд аливаа байгууллагад санхүүгийн боломж хамгийн гол “катализатор” болдог. Байгууллагаа санхүүгийн бие даасан байдалд шилжүүлэхэд та   юу хийхээр төлөвлөж байна.  Мөнгө босгох  эх үүсвэр харагдах юм уу?

–         Эхлээд  ЭБТ-ийн тухай ярья. МУИС-иас төвийн урсгал зардал болон хүмүүсийн цалинд жилд 30-аад сая төгрөг зарцуулж байна. Гэтэл энд ямар бүтээгдэхүүн, хир зэрэг хурдтай гарч байгаа нь тодорхойгүй явж ирсэн. Үүнийг өөрчилмөөр байна. Бидэнд сургалтаас гадна аж ахуйн үйл ажиллагаа явуулах шаардлага бий.

хүнсний төрөл бүрийн нарийн ногооны үрсэлгээ

Үүний тулд мод үржүүлэх, цэцгийн аж ахуй эрхлэх, хурдан эргэлттэй хүнсний ногоонууд тарьж, эрэлттэй байгууллагад нь нийлүүлэх зэрэг үйл ажиллагаанаас эдийн засгийн эх үүсвэр бий болно. Өвөл зунгүй өнгө бүрийн сарнай алагласан манай хүлэмж рүү  хүмүүсийн цуваа тасрахгүй байг л дээ. Энэ ажлыг хэрэгжүүлэх үүднээс МУИС-ийн захирлын дэмжлэгтэйгээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 100-гаад сая төгрөгийн санхүүжилттай төсөл хэрэгжүүлэхээр хөөцөлдөж байна.  Үүнээс гадна мэргэжилтнүүд чадварлаг байвал олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийг  төвдөө татах боломж бас байна. Ингэхдээ өөр өөрийн хариуцаж байгаа чиглэлээр хэд хэдэн төсөл зэрэг аваад ажиллахыг ч  үгүйсгэхгүй. Гол нь гадагш хандсан харилцаа холбоогоо бэхжүүлэх нь чухал байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Германы GTZ зэрэг гадаадын  олон байгууллагуудтай хамтрах хамтын ажиллагааны сувгийг эрэлхийлсээр байна. Мөн  хорооноос эхлэн  дүүрэг, нийслэл, яам тамгын газар хүртэлх төрийн байгууллагуудаар орж, хүмүүстэй нь уулзаж  төвийнхөө үйл ажиллагааг таниулж байна. Бид өөрсдийн хийж байгаа болон хийх гэж байгаа зүйлээ хүмүүст ойлгуулах нь чухал.  Тиймээс би энд ирээд хамгийн түрүүнд байгууллагын цахим хуудас нээж, багш ажилтануудыг num.edu.mn имэйл хаяагтай болгосон. Одоо хүссэн хүн бүр манай  http://eecbehs.num.edu.mn/ цахим хуудсанд зочилж, байгууллагын талаар мэдээлэл авах боломжтой болсон.  Харин лицей сургуулийн хувьд мөнгө олох боломжгүй хязгаарлагдмал. Учир нь сургалтын үйл ажиллагаа нь төлбөрөөс л санхүүждэг. Харин дотоод нөөц хүчээ ашиглаад хөдөлмөр сургалт, судалгааны чиглэлээр жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалах, өөрөөр хэлбэл үндсэн үйл ажиллагааныхаа зэрэгцээ байгууллагад ашигтай байхаар менежмент хийх бодолтой байна. 

–         Байгаль экологийн асуудал бүх нийтэд хамааралтай учраас  дотоодын байгууллагуудтай тухайлбал уул уурхайн томоохон компаниудтай хамтрах боломж харагддаг?

–         Байгаль орчинтой шууд харьцаж, баялгийг нь хүртэж  ашиг олдог уул уурхайн компаниудтайгаа хамтран ажилладаг гадны жишиг байдаг. Тиймээс бид ч энэ чиглэлийн компаниудтай нийгмийн хариуцлагынх нь хүрээнд хамтрах ажиллах боломжтой гэж үзэж байна. Ойрын үед “Оюу толгой”, “Энержи ресурс” зэрэг компаниуд руу хандах бодол бий. Бидэнд сургалтын орчин, багшлах боловсон хүчин, материаллаг бааз нь  байна. Тиймээс бүх нийтийн экологийн боловсролыг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах хэн бүхэнд бидний үүд хаалга үргэлж нээлттэй.

–         Экологийн боловсролын тухай  ойлголтыг бүр балчир ахуйгаас нь тархинд нь суулгаж өгмөөр санагддаг?

–         Тэр үнэн.  Манайх танин мэдэхүйн маш гоё байгалийн музейтэй. Хүмүүс иэр бүр сайн мэддэггүй. Энэ талаар төлөвлөж байгаа зүйл их байгаа. Хүүхдүүд манай музейд байнга  ирж,  танин мэдэхүйгээ тэлж байдаг орчин болгомоор байна. Тухайлбал,   Зэрлэг ан амьтан хамгаалах нийгэмлэгийн хүмүүстэй холбогдон санал тавьснаар 10 сарын эхээр манай дээр ирж нөхцөл байдалтай танилцахаар болсон. Өсвөр үеийн хүүхдүүдийг байгалийн ухааны хичээлд сонирхолтой болгох, тэднийг хөгжүүлэхэд манай гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг таван үндсэн чиглэлийн сургуультайгаа маш сайн ойртож ажилламаар байна. Жишээ нь, МТС-ийн багш нарын дэмжлэгээр хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон тоглоомын  хэлбэрийн программ  зохиолгодог дугуйлан хичээллүүлэх, ФЭС-ийн астроном, одон орон судлалын кабинет байгуулах, ББС-тай хамтран музейгээ улам баяжуулж, усны экологийн  лаборатори байгуулах гэх мэт. Энэ мэтчилэн хэрэгжүүлэх санаа их байна даа.

–         Бараг жилийн өмнө бүтцийн өөрчлөлтөөр ЭБТБЭЛС гэдэг нэртэй болсон. Ер нь эрх зүйн хувьд хэр оновчтой бүтэц вэ? Энэ талд илүү  боловсронгуй болгох шаардлага байна уу?

–         Лицей сургуулийн  дүрэм журам тодорхой. Харин Экологийн боловсролын төвийн хувьд боловсруулах зүйл их байгаа. Нэрнээс эхлээд л. Хүмүүс экологи гэхээр зөвхөн амьтан ургамал  гэж ойлгодог. Гэтэл агаар ус, хөрс бохирдол, хог хаягдал гэх мэт хүрээлэн буй орчны тухай асуудал тэр чигээрээ багтдаг. ЭБТ-ийн дүрэм журмыг шинэчлэн боловсруулж 10 сард багтаан захиргааны хуралд оруулж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна.

–         Эцэг эхчүүд хүүхдээ БЭЛАС-д оруулах гэж их тэмүүлдэг болжээ. Энэ нь сургалтын давуу талд  байна уу аль эсвэл МУИС-д хялбар элсэх боломж гэж боддогтой холбоотой юу?

–         Иймэрхүү яриаг сонсож л байсан. Их сургуулийн дэргэд байгалийн шинжлэлийн хичээлээр хүүхдүүдийг хөгжүүлдэг, их сургуулийн багш нар нь өөрсдөө хичээл заадаг, сургалтын орчин сайтай ийм газарт хүүхдээ сургая гэдэг сонирхол эцэг, эхчүүдийн дунд маш их байгаа. Нөгөө талаар лицей сургуульд л орчихвол МУИС-д шууд элсэнэ гэсэн ойлголт саяхныг хүртэл байсан. Энэ бол бас ташаа ойлголт юм.  Өнгөрсөн хавар шалгалтын журамд хүний ямар нэг нөлөө  оролцоогүй байхаар өөрчлөлт оруулж тестийн машинаар шалгалт авсан. Манайд жил бүр 500-700 хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлдэг. Хүүхдүүд манайд сурах сонирхол их  байна. Бидний гол шаардлага бол хамгийн сайн, сурах чин хүсэлтэй хүүхдүүдийг шигшиж авах. Манай суралцагсад төгсөхдөө ЭЕШ өгнө. МУИС-д элсэхийн тулд сонирхож байгаа сургуулийн босго оноог давсан тохиолдолд элсэн орох боломжтой.

–         “Байгаль-эх лицей” ахлах сургууль байгуулагдаад 10 жил болж байгаа гэсэн. Ойн ажил өрнөж байна уу?

–         МУИС-ийн УЗ-ийн санаачилга, Гэгээрлийн яамны шийдвэрээр  их сургуулийн ирээдүйн оюутнуудыг бэлтгэх зорилгоор  2001онд лицей сургууль анх байгуулагдсан. Ирэх 10 сард бид сургуулийнхаа өнгөрсөн одоог дүгнэсэн хурал хийнэ. Дараагийн 10 жилийн стратеги төлөвлөгөөг ярина. Өнөөгийн  байдлаар БЭЛС нь 10 үндсэн багш,  282 суралцагчтай үйл ажиллагаа явуулж байна. Бидний гол зарчим бол сайн орчин, сайн багш, сайн сурагч гурвын нэгдлийг бий болгох юм. Бас 10,11-р ангийн хүүхдүүдийг англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрт хамруулж төгсөхдөө Toefl-ийн шалгалт өгүүлье гэж бодож байна. Энэ нь нэг талдаа сургуулийн имиж өсөх, нөгөө талдаа төгсөгчид маань гадагшаа сурч боловсрох боломж нээгдэж буйгаараа ач холбогдолтой. Ойн арга хэмжээний хүрээнд нийт багш, ажилтан болон компьютерын лабораторын бүх компюьтерыг МУИС-ийн өндөр хурдны интернэттэй холбож, WiFi орчин буй болголоо. 

–         Багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд юу хийх вэ?

–         Багш нарын цалинг нэмэх бодлого бий. Гэхдээ хэрхэн яаж гэдэг нь  одоогоор асуултын тэмдэг байна. Судалгаа тооцоо хийж байна. Багш, ажилтны дийлэнх нь залуучууд учраас орон байр эхний проблем байдаг. Энэ асуудлыг засгийн газраас хэрэгжиж байгаа орон сууцжуулах хөтөлбөрүүдэд хандуулах, квотод нь хүмүүсээ оруулах замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна.

–         Энэ намар танай багш ажилчид Германд очиж туршлага судлаад ирсэн. Энэ нь хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн ажил гэж ойлгож болох уу?

–         Манайхан ойрын жилүүдэд ийм  хөтөлбөрт хамрагдаж байгаагүй. Бид хүсэлтээ ДААД-ад тавихад дэмжиж, Германд сургалтанд оролцох бүх зардлыг санхүүжүүлсэн. МУИС-иас ажилтнуудын замын зардлын 50 хувьд нь бас  дэмжлэг үзүүлсэн.  Тэнд очоод санаа авахаар олон зүйл үзэж харсан. Одоо түүнийгээ ойрын үед бодит ажил болгох үлдэж байна.

Багш ажилтнууд герман мэргэжилтнүүдээс туршлага судалж байгаа нь

–         БЭЛСЭБТ гадаад хамтын хамтын ажиллагааны хүрээнд  ямар бодлого барьж байна вэ?

–         Одоогоор НҮБ, Жайка, ГТХАН зэрэг төсөл хөтөлбөр, байгууллагатай хамтын ажиллагаатай байна. Үүнийг улам эрчижүүлэх. Дээр нь төр, засгийн газрын шугамаар хэрэгжиж байгаа байгаль орчны төсөл хөтөлбөрүүдтэй холбогдохыг зорьж байна.Түүнчлэн МУИС-тай хамтын ажиллагаатай гадаадын их сургуулийн дэргэдэх ижил төрлийн салбар нэгжүүдтэй  холбогдож, туршлага солилцох нь чухал. Мөн хүрээлэн буй орчны чиглэлээр бодлого боловсруулдаг гадаадын байгууллагууд руу хамтран ажиллах санал явуулж байгаа. Тайваний Үндэсний Их Сургууль, ‘Lu Chu’ ахлах сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг “Өвсний үндэс” хөтөлбөрөөр 100 мянган долларын санхүүжилтээр хоёр давхар өргөтгөлийн барилга барих ажлын  зураг төсөл бэлэн болоод байгаа. Барилгын ажил ирэх хавар эхэлнэ.

–         Таван жилийн дараах байгууллагынхаа өнгө төрхийг хэрхэн төсөөлж байгаа бол?

–         Энэ ондоо багтаагаад сургалтын төлөвлөгөөгөө шинэчилэн боловсруулж дуусна. Дараагийн 5-10 жилийн чиглэлээ тогтооно.  Тэр үед бид зам чиглэлээ олчихсон, уяа сойлго нь  таарсан хүлэг гэдэг шиг  тийм хэмжээнд очсон байх болов уу. Түүнээс цааш ажлын өргөн гараа угтах болно.  БЭЛС маань гадаадын шилдэг ахлах сургуулийн түвшинд ойртсон, ЭБТ маань богино хугацааны зорилтуудаа оновчтой хэрэгжүүлснээр Германы Баварын ойн цэцэрлэг, Солонгос, Хятадын томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүд шиг улсын хэмжээний жишиг  цэцэрлэгтэй, Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалын гол төв болно гэж төсөөлж байна.

–         Ярилцсанд баярлалаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар