Мянга мянган оюутан, багш, ажилтан, ажиллагсадтай МУИС хэмээх их айлд үндсэн ажил мэргэжлээсээ гадна тодорхой нэг зүйлд сонирхон, чөлөөт цагаа зориулан амжилт гаргаж яваа хүн олон бий. Тэднийг “Хобби” булангаараа дамжуулан та бүхэнтэй уулзуулж байх болно. Энэ удаагийн зочноор доктор, дэд профессор Д.Тунгалаг багшийг урилаа. Тэрээр НШУС-ийн Философийн тэнхимд багшлахын зэрэгцээ буудлагын спортоор хичээллэдэг. Олон улсын хэмжээний мастер цолтой.
– БНСУ-ын Сөүл хотноо саяхан зохиогдсон олон улсын тэмцээнээс таныг ганзага дүүрэн ирсэн гэж дууллаа. Энэ тухай мэдээллээс яриагаа эхлэх үү?
– Өнгөрсөн сарын 20-23-ны өдрүүдэд болсон “Буудлагын Азийн мастеруудын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд би урт бууны гурван төрөлд оролцоод хоёр алт, нэг мөнгөн медальтай ирлээ. Манай монголын тамирчид багаараа түрүүлж, Азийн аваргын шилжин явах цомыг анх удаа хүртлээ.
– Өрсөлдөгч олон байв уу?
– Үндсэндээ Хятад, Солонгос, Япон, Монгол гэсэн дөрвөн орны баг тамирчид энэ тэмцээнд өрсөлддөг. Цаашид Тайвань, Буриад, Казакстан гэх зэрэг орнуудыг оролцуулах санал энэ жил ирсэн.
– Монголын баг энэ удаад хамгийн өндөр амжилт үзүүлэв үү. Өмнө нь дөрвөн удаа оролцож байсан гэсэн?
– Тийм ээ. Манай баг анх 2007 онд Японд зохиогдсон тэмцээнээс эхэлж оролцдог болсон. Тэгэхэд төдийлөн амжилт гаргана гэж бодоогүй ч дөрвөн медальтэй ирж байлаа.
– Таны хувьд бас чамгүй сайн буудсан гэсэн?
– Тэгэхэд би мөнгөн медаль авсан. Дараа нь 2009 онд Шанхайд зохиогдсон тэмцээнээс гурван төрөлд оролцож, нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль авчирсан. Өөрөөр хэлбэл оролцох бүрт медалийнхаа чанарыг сайжруулсаар байгаа.

– Ингэхэд Тунгалаг багш яагаад энэ спортоор хичээллэх болов?
– Надад хэлэх дуртай нэг үг бий. Тэр нь “МУИС ба буудлагын спорт хоёр бол миний салшгүй хэсэг юм” гэсэн. Анх хичээллэж эхэлсэн үеийн дурсамж их сонин. 1967 он юм. Би 1-р курсын оюутан байлаа. Хавар төгсөх дөхчихсөн. Нэг өдөр хичээлд сууж байтал манай Нийгмийн ухааны факультетийн декан н. Лхамсүрэн гуай намайг дуудууллаа. Очсон нь нарийн бичгийн даргатайгаа хамт нэг газар руу яваад ир л гэж байна. Хаашаа. яах гэж байгаагаа ч мэдэхгүй би дагаад явлаа даа. Бид явсаар 40 мянгатын нэг байшингийн доод давхрын, дарь үнэртсэн харанхуй газар руу орлоо. Тэнд буу барьчихсан их л олон хүн зогсож байсныг санадаг. Яагаад тэгэж яаруу сандруу намайг тийш нь авч очсныг хожим сонсохнээ тэр үед хэдхэн хоногийн дараа МУИС-ийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн болох гэж байсан юм билээ. Тэгээд нийгмийн салбараас орох хүн байдаггүй, би л нүдэнд нь өртсөн юм байлгүй дээ. Тэгэхэд би амьдралдаа анх удаа буу гэдэг зүйлийг тэнд харж, буудаж үзэж билээ.
– Тэмцээнд хэзээ нь орсон бэ?
– Бүр шуурхай гээч. Ерөөс тэр өдрөө буудахыг заалгаад маргааш нь шууд тэмцээндээ орж гуравдугаар байр эзэлсэн.
– Тэгвэл та чинь авъяастай гэдгээ анхнаасаа харуулжээ?
– Аз нь таарсан уу, авъяас байсан уу ёстой мэдэхгүй. Ер нь тэр үеэс эхлэн миний амьдрал буудлагын спорттой холбогдсон юм. Анхны тэмцээнээс эхлээд хирэндээ таарсан амжилт гаргаад ирэхээр хүн чинь урамшдаг байна л даа. Би анх сургуулийн тэмцээнд орсон жилээ улсын спартикиадаас гуравдугаар байр эзэлж, мөн зун нь Улаан-Үдэд болсон уралдаанаас шагналт байр эзэлсэн. Энэ амжилтууд намайг буудлагын спорт руу эргэлт буцалтгүй оруулсан гэж болно. Би оюутан байхдаа спортын мастерын болзол хангаж байлаа.
– Тухайн үед яагаад тэр олон аавын хүүхдээс чухам таныг сонгосон юм бол оо. Энэ тухай эргээд бодож байсан уу?
– Би бас сайн ойлгодоггүй юм. Бодвол нуруу туруу бусдаасаа жаахан өндөр гээд ч юм уу, эсвэл манай аав цэргийн хүн байсан болохоор их хатуужилтай гэж бодсон уу бүү мэд.
– Амжилтын эзэн болох эхлэлийг тавьсан хүнд та талархаж л явдаг байх даа?
– Тэгэлгүй яахав. Намайг энэ их буянтай газрын үүдээр алхуулсан н.Лхамсүрэн багшдаа ач санаж явдаг. Хэрэв багш маань өнөөдөр сэрүүн ахуй байсан бол талархлынхаа үгээ хэлээд баршгүй юм .
– Буудлагын спорт хобби тань мөн үү?
– Мөн гэж хэлэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл бага залуу наснаасаа эхлээд энэ спортоор хичээллэсэн. Одоо ч орхиогүй л байна. Цаашид ч чадал минь хэзээ барагдах хүртэл орхиж чадахгүй. Миний 40 гаруй жилийн амьдралын түүхийг хамт бичилцсэн байна шүү дээ, энэ спорт.
– Спорт ер нь их тэсвэр тэвчээр шаарддаг. Тэгвэл буудлагын спортын онцлог нь юу вэ?
– Энэ бусдаас их онцлогтой спорт. Учир нь хөндлөнгөөс харахад их хялбар мэт боловч магадгүй бусад спортоос илүү их тэсвэр хатуужил шаарддаг ч байж мэднэ. Аргагүй шүү дээ. Буу нь 6-8 кг хүнд, өмсдөг хувцас хэрэглэл нь тэр хэмжээний жинтэй. Энэ их ачааг өөртөө аваад, анхаарлаа маш сайн төвлөрүүлж, дунджаар хоёр цаг орчмын хугацаанд 60 сумаар мелиметрийн зөрүүгүй байг ононо гэдэг ямар их тэвчээр, хатуужил, ухаан шаардах нь ойлгомжтой. Нэг сум гаргахад тавихад) хараа болон биеийн бүх булчингаа хяналтандаа авдаг. Өөрөөр хэлбэл анхаарал, хараа, бууны гох гурав нэг цэгт таарч байж л байгаа ононо.
– Хүний зан төлөвшилд их нөлөөлдөг гэж энэ спортыг ярих юм билээ?
– Ер нь буудлагын тамирчин хүний зан ааш их тогтуун байх шаардлагатай. Энэ нь амжилтыг тууштай тогтоон барьж байхад их нөлөөтэй. Нөгөө талаар буудлагын спорт нь ямар ч зан ааштай хүнийг сэтгэл зүйн хувьд маш сайхан төлөвшүүлдэг. Энэ спортынхон ихэвчлэн нягт нямбай, нухацтай, туйлбартай, төлөв тогтуун хүмүүс байдаг.
– Ингээд бодохоор ач холбогдол нь их юм аа?
– Буудлагын тамирчин хүн бие бялдрын өв тэгш хөгжилтэй байхаас гадна сэтгэл зүйн хувьд тэвчээртэй, өөрийгөө жолоодох, хянах чадвартай болдог. Ер нь спорт гэдэг хүнийг ингэж хүмүүжүүлж, төлөвшүүлдэг.
– Амжилт гаргахад харааны үүрэг бас их чухал уу?
– Хараа тогтох тэр агшинг мэдэрч л гохоо дарах хэрэгтэй. Зөв хараа гэдэг хэдхэн секундэнд л байдаг. Амьсгал, хараа, гох буулгалт гурав нэг агшинд байх нь тамирчин хүний тэсвэр, тэвчээр, мэдрэмжээс ихээхэн шалтгаална. Сэтгэл хөдлөлд автах л юм бол амжилт гаргахгүй.
– Энэ спорттой холбогдож амьдралд тань тохиолдсон олон сайхан дурсамж бий болов уу? Уншигчидтайгаа хуваалцахгүй юу?
– Дурсамж олоон. Тэр дундаа буудлагын спортоор анх хичээллэх болсон тэр үе бол хамгийн мартагдашгүй. Буу ч барьж үзээгүй, хаагуур нь хэрхэн шагайхаа ч мэдэхгүй хүүхэд тэмцээнд оролцох гээд очиж байсан.
– Хамгийн анх буудахдаа хэд онож байв?
– Тэр үед хамт тэмцээнд орсон хүмүүс бүгд дугуй хар дотроо буудсан байлаа. Надад зааж өгөөд 10 сум атгууллаа. Буудтал миний сумнууд дугуй хар дотроо биш гаднах цагаанд нь гэхдээ бүгд нэг дор оносон байсан. Тэгэхэд ганцаараа ингэж буудсандаа учиргүй их ичиж билээ. Харин багш нар очиж үзээд энэ л буудах хүүхэд байна гээд сүйд болцгооход нь дотроо би урам өгөх гэж л ингэж байна гэж бодсон. Гэтэл буудлагын өөрийн онцлог нь тэр хүн буудагч болох уу, үгүй юу гэдэг нь сумны гучность буюу бөөгнөрөл байгаа эсэхээс шалтгаалдаг байна л даа. Энд тэнд биш нэг дор л бөөн оносон бол ирээдүй байна гэж үздэг.
– Өмнө нь та ямар нэг спортоор хичээллэж байсан уу?
– Бусдын нийтлэг сонирхдог спортоор хичээллэдэг байснаас бус буудлага гэж төрөл байдаг тухай ойлголт ч үгүй явсан. Буу ч гэж үзээгүй л хүүхэд байлаа.
– Санаанаас гардаггүй хөгтэй явдлууд тохиолдож байв уу?
– Зөндөө л байлгүй яахав. Өтөлсөн хойно ч хүртэл хөгтэй гэхээсээ илүү бүтэлгүй гэмээр зүйл тохиолдох л юм. Саяны энэ мөнгөн медаль авсан нь миний бүтэлгүй, хариуцлагагүй байдлаас болсон. Жаран сумыг тодорхой хугацааны дотор амжиж буудах ёстой байдаг. Гэтэл хэт өөртөө итгэж, тайвширснаас болж бүх сумаа буудаж амжаагүй байтал гэнэтхэн стоп команд өгсөн. Тэгэхэд би таван сумтай л үлдэж байгаа юм. Таван сум гэдэг 50 оноо. Уйлах ч хэцүү, байх ч хэцүү юм болсон. Манайхан хүртэл өмнөөс минь харамссан.
– Таван сумныхаа ядаж хоёрыг нь буудсан бол, тийм ээ?
– Нэг сум тавихад л алт авчих байж. Учир нь өмнөх хүнээсээ цөөн онооны зөрүүтэй байсан. Буудлага гэдэг бол тийм хатуу. Тэгэхээр энэ спорт тамирчнаас маш их мэдрэмж, нарийн хуваарилалт, цэгцтэй нягт байдлыг шаарддаг. Энэ явдлаас хойш хүн өөрийгөө туршлагатай гэж бодож хэзээ ч болохгүй юм байна гэдэг сургамж авсан.
– Энэ спортод өндөр амжилт үзүүлэхэд танд гол нөлөөлж байгаа зүйл юу бол?
– Миний ажигласнаар бол монголчуудын өөрийн гэсэн арга барил, техникт амжилтын нууц нь байна уу даа. Анх Японд болсон тэмцээнд оролцохдоо бид өөрсдийгөө их чамлаж байсан. Медаль авна гэсэн бодол ч үгүй очсон. Гэтэл багаараа дөрвөн медальтай ирсэн. Тэгэхээр өөрийн гэсэн дэг школ, арга техник нь ганц миний биш нийт монголчуудын амжилт үзүүлэхэд нөлөөлж байна гэж боддог.
– Одоо ойрхон ямар тэмцээн хүлээж байна вэ?
– Улсын чанартай тэмцээнүүд бий. Харин олон улсын гэвэл ирэх жил Японд болох “Буудлагын Азийн мастеруудын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн” байна.
– Ирэх жил амжилтаа улам ахиулна биз дээ?
– Мэдээж урагшаа ахих бодолтой байна. Ямар ч байсан дахиж сум хураалгахгүй гэдэг зорилго тавсан.
– Буудлагын спорт дотроо олон янз байна уу. Ингэхэд өөрийн тань хичээллэдэг нь аль төрөл вэ?
– Би урт бууны төрлөөр хичээллэдэг. Жинхэнэ галтай сумаар бууддаг. Энэ нь дотроо бас гурван төрөлтэй. Нэг нь хэвтээ байрлалд 60 сум бууддаг, нөгөөх нь хэвтээ, суугаа, босоо, гурван байрлалаас бууддаг, гурав дахь хийн бууны босоо байрлалаас бууддаг.
– Энэ спортыг сонирхож буй өсвөр насныхан болон оюутан залууст хандаж юу хэлмээр байна?
– Дээр ярьсанчлан хүнийг бие болон сэтгэлийн хувьд маш сайн төлөвшүүлдэг спорт юм. Ер нь ганц спорт гэлтгүй ажил, амьдрал бүх л зүйлдээ хүн тууштай байж чадвал заавал амжилтанд хүрдэг. Ямагт үр дүнгээ үздэг юм шүү.
– Ярилцсанд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.