Эмгэнэл

Share Button

Professor Shuurgan (Xirigan)Монгол үндэстний Шинжлэх Ухааны салбарын нэрт эрдэмтэн, Mонгол Улсын Их Сургуулийн Хүндэт Доктор Б.Шуурган нь 2015 оны 12 сарын 24-ний өдөр таалал төгслөө.

Хятадын Инженерийн Академийн академич, Өвөр Монголын Өөртөө Засах Орны анхны доктор, Өвөр Монголын Их Сургуулийн захирал асан, профессор Шуурган 1940 оны 8 р сарын 24-нд Улаанхотын ойролцоо Цагаанчулуу хэмээх газар мэндэлжээ.

Б.Шуурган нь 1960 онд дунд сургуулиа амжилттай төгсөөд Өвөр Монголын Их Сургуулийн Биологийн салбарт орж суралцсан 1965 онд төгсгөөд, Өвөр Монголын Тариалан, Мал Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академид хуваарилагдан ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр 1972 онд өөрийн төрөлх Өвөр Монголын Их Сургуулийн Биологийн салбартаа эргэн ирж багшлах болсон юм.

Профессор Шуурган энэ хугацаанд “Махан идэштний морфологи”, “Биотехник”, “Махан идэштний хөврөл судлал”, “Хөхтөн араатан амьтны үржлийн биологи” зэрэг хичээлүүдийг заахын зэрэгцээ “Амьдралын үүсэл “, “Биологийн хөгжлийн түүх”, ” Тэжээвэр амьтны үүсэл хөгжил ба Микробиотехникийн ашиглалт” зэрэг ном зохиолуудыг орчуулан хэвлүүлж байв.

Профессор Шуурган 1975-1979 онд Өвөр Монгол, Хөх нуур, Гуандүн, Хайнань зэрэг газруудаар үхэр хонины хөврөлийг шилжүүлэн суулгах техникийн судалгаа хийж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газрын Шинжлэх Ухаан, Техникийн дэвшлийн гуравдугаар зэргийн шагнал хүртжээ.

Тэрээр Японы эрдэмтэдтэй хамтран ямааны хөврөл шилжүүлэх туршилтууд хийж, хөврөл шилжүүлэх техникээр 1983 оны 3-р сард дэлхийд анх удаа хуруу шилэнд ишиг бойжуулан гаргасан юм. Техникийн энэхүү нээлт нь хөхтөн амьтны эмбриологийн судалгааны түүхэнд тодоор бичигдэн үлдсэн билээ.

Professor Shuurgand Hundet doktor tsol olgoj baigaa ni 2005 on

Профессор Шуурган Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шинжлэх Ухаан Техникийн Дэвшлийн нэг, гуравдугаар шагналыг олон удаа хүртэж, Үндэсний Шинжлэх Ухаан, Техникийн Дэвшлийн хоёрдугаар шагнал болон Улаанхүүгийн нэрэмжит Алтан медалиар шагнагдаж байв. Мөн “Америкийн Дубан Шинжлэх Ухаан Техникийн шинийг бүтээгчийн шагнал”, “Тайванийн Гуан Хуа шинжлэх ухаан, техникийн сангийн алтан медаль”, “Шячнгангийн Хэ Лянлигийн сангийн Шинжлэх Ухаан болон Техникийн Дэвшлийн шагнал”, “5-р сарын 1-ний Хөдөлмөрийн шагнал”, “Үндэстэнд онцгой хувь нэмэр оруулсан мэргэжилтэн”, “Гадаадад суралцан эх орондоо буцан ирж үр бүтээлтэй ажилласан эрдэмтэн”, “Бүх Хятадын тэргүүний ажилтан”, “Хятадын шинжлэх ухаан, техникийн тэргүүний ажилтан” зэрэг шагналуудыг удаа дараалан хүртжээ.

Монгол судлалын хүрээлэнгээс өөр Монголоор хичээл заадаг салбаргүй байсан Өвөр Монголын Их Сургуулийг тэрээр захирлаар ажиллах хугацаандаа Монгол хэлээр хичээл заадаг 20 гаруй салбартай болгон хөгжүүлж, Монгол хүүхэд өөрсдийн эх хэлээр мэдлэг боловсрол эзэмших суурь нөхцөлийг бүрдүүлж өгсөн гавьяатан байлаа. Шинжлэх ухаан, Монгол үндэстний мэдлэгийн санд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2005 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр профессор Шуурганд “МУИС-ийн Хүндэт доктор” цол олгож байсан юм.

Эгэл малчны хүүхэд дэлхийд танигдсан эрдэмтэн болж чадахыг хувийн хичээл зүтгэлээр харуулсан энэ хүн нийт Монгол түмний бахархал билээ.

Ум сайн амгалан болтугай!

МУИС-ийн Захиргаа, Эрдмийн хамт олон

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар