Өнөөдөр /2025.09.10/ МУИС, “М-Си-Эс Кока-Кола” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд МУИС-ийн талаас Ректор, профессор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн талаас Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга А.Хажидсүрэн нарын төлөөлөл оролцов.
Уг санамж бичгийн хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, байгальд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэх, байгаль орчин, нийгэм засаглалын чиглэлээр сургалт судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
Хамтын ажиллагааны хүрээнд салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн ажилтнуудын хамтын оролцоог бий болгож, судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах, оюутан, залууст олон улсын арга барилаас суралцах, түүний бүрэлдэхүүн хэсэг болж, ажлын байранд дадлагажих, цаашид үндсэн ажилтнаар ажиллах боломжийг бий болгох юм.
Түүнчлэн “МУИС-ийн стратеги төлөвлөгөө 2025-2030”-д тусгасан байгальд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд багш, ажилтан, суралцагчдад хог хаягдлаа ангилан ялгах амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх, “Хуванцрын хаягдалгүй жишиг их сургууль” болох ажлыг төлөвлөөд байна.
Дэлхийн брэндийг Монголдоо уриатай “М-Си-Эс Кока-Кола” компани 2001 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Кока-Кола компанийн стандартын дагуу олон шинэ технологи, дэлхийн стандартуудыг нэвтрүүлж, эдийн засаг, нийгэмд чухал хувь нэмэр оруулан, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн бөгөөд энэ оны сүүлээр нийгмийн хариуцлагын гол ажил болох түүхий эдээс эцсийн шат хүртэл 100% дотоодод дахин боловсруулсан хуванцар савлагаатай бүтээгдэхүүн худалдаанд гаргахаар ажиллаж байгаа юм.