ОХУ-ын “Газопровод Союз Восток” ХХК нь МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн Орос хэлний хөтөлбөрт зориулан 26,257,000 төгрөгийн өртөг бүхий, найман оюутанд зориулсан лингафоны кабинетын тоног төхөөрөмжийг хандивлаж, хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө бүрэн суурилуулжээ.
2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр энэхүү кабинетын нээлтийн ёслол болж, арга хэмжээнд МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Г.Элдэв-Очир, Европ судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Н.Мөнх, “Газопровод Союз Восток” ХХК-ийн зөвлөх Марковец М.И., ерөнхий мэргэжилтэн Васильева А.В., Улаанбаатар дахь “Русский дом”-ын захирал Кильпякова В.В., дэд захирал Каламин А.Н. болон орос хэлний салбарын багш, оюутнууд оролцов.
Нээлтийн үеэр доктор, дэд профессор Г.Элдэв-Очир 2025–2026 оны хичээлийн жилд орос хэлний гурван хөтөлбөрт 39 оюутан шинээр элссэнийг онцлон тэмдэглээд, сургалтын тоног төхөөрөмжөөр дэмжиж буйд талархал илэрхийлж, цаашид “Газопровод Союз Восток” ХХК-тай өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.
“Газопровод Союз Восток” ХХК-ийн зөвлөх Марковец М.И. Монгол Улсад орос хэлний мэргэжилтэн болон орос хэлтэй мэргэжилтний эрэлт хэрэгцээ нэмэгдэж буйг дурдсан бөгөөд цаашид лингафоны кабинетыг өргөжүүлж, синхрон орчуулгын тоног төхөөрөмж хандивлах саналаа хэлэв.
Улаанбаатар дахь “Русский дом”-ын захирал Кильпякова В.В. МУИС-ийн орос хэлний салбарт энэ жил олон оюутан элссэнийг сайшаан тэмдэглэж, сургуулийн удирдлага, багш нарт талархал илэрхийлээд, цаашид бүх талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.