2025 оны 9-р сарын 9-ны өдөр эдийн засгийн тэнхимийн багш, оюутнуудын эрдмийн үйлсэд зориулсан чухал үйл явдал тохиолоо. “Алтан тариа” ХХК-ийн санхүүжилтээр бүрэн шинэчлэгдсэн, эдийн засгийн нэрт сэтгэгч, Нобелийн шагналт Фридрих Август фон Хайек-ийн нэрэмжит хичээлийн танхим албан ёсоор нээлтээ хийлээ.
Тус танхимыг анх 2004 онд “Алтан тариа” ХХК-ийн дэмжлэгтэйгээр байгуулж байсан бөгөөд энэ удаад хоёр дахь удаагаа бүрэн тохижуулалт хийгдэж, илүү орчин үеийн, тав тухтай, бүтээлч орчин бүрдүүлсэн нь оюутан, багш нарын сургалт, судалгааны үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл хэрэг боллоо.
Нээлтийн арга хэмжээнд ШУС-ийн захирал доктор, профессор Б.Болд-Эрдэнэ, “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн, болон хүндэт зочид хүрэлцэн ирж, танхимын шинэчлэлийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн юм.
Эрдмийн үйлсийг дэмжин, энэхүү танхимыг бодит болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан “Алтан тариа” ХХК болон бүх талын дэмжлэг үзүүлсэн ШУС-ийн удирдлага, хамтран ажилласан хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хийж бүтээх их үйлсэд нь амжилт хүсье.