“Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги”–ийн зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюуны өмчийг үнэлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, бодлогын түвшинд гарах шийдвэрийн үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭ НЬ ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АРГА ЗАМ БОЛОХ НЬ” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 09:00-12:30 цагт МУИС-ийн 1 дүгээр байрны 206 хурлын өрөөнд амжилттай зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төв хамтран зохион байгуулсан ба урилгаар ШУТС, ШУА, Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам, Аж Үйлдвэрийн Яам, Уул Уурхайн Яам, Зам Тээврийн Яам, Сангийн Яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Хөрөнгө оруулалтын газар, МҮХАҮТ зэрэг байгууллагуудын төлөөлөл ирж оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр “Оюуны өмчийн үнэлгээний хэрэгцээ шаардлага, ач холбогдол”, “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль”, “Оюуны өмчийн үнэлгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”-ын талаар илтгэлүүд танилцуулж “Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги”-д тусгагдсан зорилтууд хэрэгжиж ажил хэрэг болоход хэлэлцүүлэгт оролцогч байгууллагууд чиг үүргийнхээ хүрээнд ямар дэмжлэгтэйгээр оролцох, үүнд хаана ямар бэрхшээл тулгарч болох, үүнийг шийдэх ямар гарц арга зам буй талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгийг нээж Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, ММҮИ-н Гүйцэтгэх захирал Ж.Үхэртар нар үг хэлэхдээ – Энэхүү асуудлыг бид олон жил судлаж байна. Энэ уулзалтыг санаачлан зохион байгуулж байгаа талуудад баяр хүргэж, МУ-ын Шадар сайдын мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжиллаа. Мөн ойрын хугацаанд оюуны өмчийг үнэлэх, зах зээлийн эргэлтэд оруулахтай холбогдох эрхзүйн зохицуулалтын талаар улсын хэмжээнд томоохон арга хэмжээ зохион байгуулахад дэмжин ажиллах болно. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд та бүхний оролцоо маш чухал, бид нэг зүг чигийг олсон байх нь чухал гэв.
Тус хэлэлцүүлгийг дүгнэж МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив: -Оюуны өмчийг үнэлээд эдийн засгийн эргэлтэд оруулах нь манай улсын эдийн засгийн нийт эргэлт, мэдлэгийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр үзүүлэх юм. Энд эдийн засгийн эргэлтэд оруулахад бэлэн оюуны өмчийн үнэлгээний асуудлыг ярихаас гадна нэмээд суурь судалгааны ажлуудыг зөв үнэлж чаддаг байх нь бас чухал юм. Бид асуудал юунд байна вэ гэдэгт анхаарч, асуудлаа зөв томъёолоод гарцаа зөв олж харах нь чухал юм. ШАУ болон манай ЭШИХ, Технологи дамжуулах төвөөс санал болгож байгаачлан эрдэм шинжилгээний байгууллагаас төрөн гарч байгаа тодорхой нэг оюуны өмчийн хувьд үнэлгээний иж бүрэн кэйс дээр хамтран ажиллах, хамгийн амжилтай кэйс бий болгох, тухайн оюуны өмчийг хамгийн амжилттай үнэлүүлэх, түүндээ хамгийн амжилттай хөрөнгө босгох гэх мэтээр бодитой хамтран ажиллахад энэхүү хэлэлцүүлэгт оролцогч талууд идэвхитэй санаачлагатай хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Оюуны өмчийн үнэлгээ, зах зээлийн эргэлтэд оруулах механизмтай холбогдох эрхзүйн орчин харьцангуй сайжирч байгаа боловч бидний хувьд зарим нэг ойлголтын зөрүүг нэгтгэх, хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд энэхүү хэлэлцүүлэг маш өндөр ач холбогдолтой болж байна гэж онцлон дүгнэлээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд Оюуны өмчийн үнэлгээтэй холбоотой хууль эрх зүй, зохицуулалтын уялдаа холбоог оновчтой болгох чиглэлээр; Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад оролцогч талуудын ажил үүргийн хуваарь, үүрэг хариуцлагыг улам тодорхой болгох чиглэлээр; Оюуны өмчийн эрхийн харилцаа, хамтарсан сургалт-судалгааг эрчимжүүлэх чиглэлээр тус тус санал, зөвлөмж гарсан ба тус хэлэлцүүлгийг цаашид тогтмолжуулах, хамтын ажиллагаагаа улам бүр ойртуулж, талууд идэвхи санаачлагатай ажиллахаар харилцан тохиролцлоо.