Шувуу судлалын шинэ ном хэвлэгдэн гарлаа

Share Button

Монгол улсын их сургууль, Нидерландын Вант улсын Засгийн газрын санхүүжилт, Дэлхийн Банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэг, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Лондоны амьтан судлалын нийгэмлэг, Степ форвард хөтөлбөр, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд  МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуулийн багш С.Гомбобаатарын  Монгол орны шувууны улаан данс /Mongolian Red List of Birds/   С.Гомбобаатар, E.M.Monks 2011 Монгол орны шувууны хамгааллын төлөвлөгөө /A Summary Conservation Action Plans/  С.Гомбобаатар 2011 хэмээх хоёр ном хэвлэгдэж гарч өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ.

Тус нээлтийн  үеэр Мэргэжлийн хяналтын газар, Дэлхийн банк, Монголын шувуу судлалыг нийгэмлэг, Байгаль орчны яам зэрэг энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж шинэ оны босгон дээр уншигч олондоо хүрч буй дээрхи номуудтай танилцан санаа бодлоо хуваалцаж баяр талархлын үгээр өлгийдөн авлаа.

Монгол орны шувууны бүс нутгийн улаан дансны цуврал бүтээлүүдийн нэг болох  энэхүү ном нь монгол орны шувууны мэдээллийн санг байгуулж, шувуу судлалын чиглэлээр гарсан мэдээ баримтыг эмхлэн нэгтгэж, шувууны судалгаа, хамгааллын асуудлыг олон нийтэд хүргэж байгаагаараа эрдэм шинжилгээ, практикийн хувьд  өндөр ач холбогдолтой анхны томоохон цогц бүтээл болж байгаа юм.

Шувуу гэдэг амьтанд газрын хил хязгаар гэж байдаггүй. Тийм болохоор аливаа улс орон өөрийн нутагт амьдардаг шувуудаа төдийгүй дайран өнгөрч буй шувуудаа ч хайрлан хамгаалах ёстой юм. Улаан номонд тэнд тийм амьтан байгаа гэж тэмдэглэснээс бус хэрхэн яаж хамгаалах талаар бичээгүй байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү номын нэг онцлог нь яах аргагүй шувуу хамгааллын төлөвлөгөөг гаргаж ирсэн явдал юм хэмээн уригдан ирсэн зочид болон МУИС-ийн судлаач эрдэмтэд ихээхэн үнэллээ.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар