ЭМГЭНЭЛ

Share Button


Мөнгөнцэцэг-1АЛТАНБАЯРЫН МӨНГӨНЦЭЦЭГ

(1937-2016)

Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор, тус сургуулийн ШУС-ийн доктор, профессор Алтанбаярын Мөнгөнцэцэг 2016 оны 9 сарын 20-нд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бид бүхнээ нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

 А. Мөнгөнцэцэг 1937 онд Сүхбаатар аймгийн Хонгор сумын “Үхэр Уяа” гэдэг газар төрж, 1959 онд МУИС-ийг химич, химийн багш мэргэжлээр төгсгөж, эдүгээ хүртэл хагас зуу гаруй жил МУИС-ийн химийн салбарт багш, профессор, зөвлөх профессороор үр бүтээлтэй ажиллаж, ерөнхий хими, аналитик хими, гидрохими, хроматографийн шинжилгээ зэрэг үндсэн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг зааж, монголын химийн мэргэжилтэй залуу боловсон хүчнийг бэлтгэхэд жинтэй  хувь нэмэр оруулсан анхны үндэсний эмэгтэй химич эрдэмтэн багш нарын нэг юм.

Профессор А.Мөнгөнцэцэг МУИС-д гидрохимийн судалгааны чиглэлийг хөгжүүлж сургалт, судалгааны лабораторийг зохион байгуулж, гадаргуугийн усны химийн найрлага бүрэлдэхүүн, шинж чанар, гол мөрөн, нууруудын усны бохирдлын чиглэлээр судалгааны ажлыг явуулж ирсний дотор Монгол орны цэнгэг усны нөөц болсон Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрөн, Орхон, Туул, Хэрлэн гол, тэдгээрийн цутгал голуудын усны химийн найрлага бүрэлдэхүүнийг улирлаар горимлон судалж, эдгээр голуудын усны гол гол ионы урсацын хөдлөлзүй, кальцийн карбонат, нүүрсхүчлийн хийн тэнцвэр, байгалийн өөрөө цэвэршихүй зүй тогтлыг тус тус судалж тогтоосон ану цаашид энэ чиглэлийн судалгаанд харьцуулах жишиг материал болсон юм.

Профессор А. Мөнгөнцэцэг 1979 онд “Сэлэнгэ мөрний /БНМАУ-ын нутаг дэвсгэр дэх/ сав газрын гидрохими” сэдвээр химийн ухааны доктор /PhD/-ын зэрэг хамгаалсан бөгөөд олон жил хийсэн гидрохимийн судалгааныхаа үр дүнгээр үндэсний болон олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад 30 гаруй удаа илтгэл тавьж хэлэлцүүлэн, эрдэм шинжилгээний 80 – аад өгүүлэл, нэг сэдэвт зохиол, сурах бичиг, гарын авлага 20 гаруйг бичиж хэвлүүлэн олны хүртээл болгосон юм.

Төр, засаг профессор багш А. Мөнгөнцэцэгийн хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж, 1989 онд “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, 1999 онд “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2000 онд “Алтан Гадас” одон, 2006 онд “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн” одон, 2012 онд “Монгол Улсын Гавьяат Багш” цолоор тус тус шагнажээ.

Талийгаачийн хүний мөстэй, нөхөрсөг, даруу зан, хөдөлмөрч, тууштай зүтгэл, үлгэр дууриалал ану бид бүхний зүрх сэтгэлд үүрд үлдэх болно.

Гавьяат багш, профессор А.Мөнгөнцэцэгийнхээ үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ХАМТ ОЛОН

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар