Мэдээллийн технологийн шинэ ололт, амжилтыг нэвтрүүлж, МУИС-ийн үйл ажиллагааг шуурхай, боловсронгуй системд шилжүүлэх зорилтын хүрээнд 2010 оны намар бие даасан нэгэн шинэ бүтэц буй болгосон нь Мэдээллийн Технологийн Алба юм. Байгуулагдснаасаа хойших хугацаанд төлөвлөсөн ажлаа хэр амжилттай биелүүлж, үүний цаана ямар үр дүн гарсан талаарх мэдээллийг хүргэх зорилгоор тус албаны дарга Ш.Содбилэгтэй уулзаж ярилцлаа.
– Өнгөрөгч намраас мэдээллийн систем, сүлжээ, холбооны ашиглалттай холбоотой зааварчилгааг багш, ажилтнуудад тогтмол өгч байгаа. Нэг цэгийн үйлчилгээ гэдэг шиг ингэж бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөөг шуурхай түгээх нь сургуулийн ажил урагштай явахад нөлөөлж байгаатай санал нийлэх үү?
– Хүн бүр интернэтийг ажил хөдөлмөртөө өргөн дэлгэр ашигладаг болсон өнөө үед сүлжээ, холбооны гэмтлийг хурдан шуурхай арилгаж байх явдал маш чухал болжээ. Бүтцийн өөрчлөлтөөр бид сүлжээ, холбоо болон мэдээллийн системийн үйлчилгээнд тулгарах ямар нэгэн асуудлыг түргэн шийдвэрлэж байх зорилгоор тус үйлчилгээг бий болгосон. Ер нь ямар ч програмыг заавар зөвлөгөөгүйгээр ашиглах боломжгүй. Манай албаны хэрэглэгчдэд үйлчлэх багийн үндсэн үйл ажиллагаа нь СиСи мэдээллийн систем болон сүлжээ, холбооны ашиглалтын зааварчилгааг утсаар өгөх (дотуур утас 1000), эдгээртэй холбоотой гэмтэл, санал гомдлыг хүлээн авч цаг тухайд нь шийдвэрлэхэд зуучлах үүрэгтэй. Мэдээж тус багийн зүгээс шийдвэрлэж чадах асуудлыг бие даан гүйцэтгэнэ. Бүрэлдэхүүний сургуулиудад СиСи мэдээллийн систем ашиглах талаарх сургалтыг цөөнгүй удаа явуулсан. Харин сүлжээ, холбооны ашиглалтын зааварчилгааг бүрэлдэхүүний сургууль бүрт хийхээр төлөвлөсөн ч эрэлт багатайн улмаас түр хойшлогдсон. Энэ сургалтын хүрээнд компьютерыг вируснээс хэрхэн хамгаалах, компьютероосоо гадаад, дотоод руу факс илгээх, хүлээн авах, гадаадад томилолтоор явж буй багш нар сургуулийн дотуур утсанд интернэтээр холбогдож, үнэ төлбөргүй ярих, өөрийн утасны төлбөрөө хянах, дуут шууданг хэрэглэх, цахим шууданг бүрэн ашиглах тухай зэрэг олон хэрэгтэй зөвлөгөө багтсан тул бүрэлдэхүүний сургуулийн захирлууд удахгүй цагаа товлоно гэдэгт найдаж байна.
– Мэдээллийн системийн өөр ямар шинэ технологи нэвтрүүлэх боломж харагдаж байна вэ. Энэ талаарх судалгааг МТА-ныхан мэдээж хийж байгаа байх?
– Мэдээллийн системийг янз бүрээр, ямар ч чиглэлийн техник технологит ашиглаж болдгоороо давуу талтай. Гагцхүү ашиглалтанд нэвтрүүлэхийн тулд эрэлт, хэрэгцээ байх ёстой. МУИС 70 жилийн ойгоо угтаж номын сангийн байртай болох гэж байгаа. Орчин үед номын сангууд мэдээллийн технологийн ололтуудыг бүрэн ашигладаг болсон. Тухайлбал, аудио, видео болон зайн сургалтын танхимын шийдлүүд, цахим хурал, цахим каталоги, цахим захиалга, бүртгэл, хяналт, хамгаалалтын цахим систем гээд оюутан суралцагсдын цаг зав, тав тухтай байдлыг хангах олон сайхан шийдлүүдийг нэвтрүүлэх боломжтой юм. Жишээлбэл аудио, видео сургалтын танхим ашиглан, гадна дотны эрдэмтдийн илтгэл болон хичээлийг онлайнаар өөрийн компьютер, гар утаснаас хаанаас ч үзэх боломжтой. Энэ бүх шийдлийг зохион байгуулах боломжийг судлах зорилгоор саяхан манай алба номын сангийн барилга доторх өрөө төлөвлөлтийн ажлын хэсэгт орж ажиллаа.
Бидний мэргэжил шинээр гарч буй технологийг байнга судалж, сонирхож байхыг шаарддаг. Одоо бид цаашдын зорилгодоо сургалтын цахим системийг улам боловсронгуй болгох, кредитийн төлбөр, санхүү бүртгэлийг цахимжуулах, багшийн сургалтын А болон эрдэм шинжилгээний ажлын Б цагийн үнэлгээг тооцох, удирдлагын буюу цахим оффисын систем нэвтрүүлэх гээд олон ажил төлөвлөж байна.
– Сүүлийн үед холбооны технологийн талд дотуур утсыг бүрэн ашиглалтанд оруулсан, бүл захианы шийдэл буюу и-мэйл сервер шинэчилсэн, интернэтийн хурдыг нэмсэн гээд нүдэнд харагдах цөөнгүй ажлыг МТА-ныхан амжуулаад байгаа. Энэ ажлынхаа талаар тодруулж мэдээлэл өгөхгүй юү. Мэдээж аливаа шинэчлэл, технологийн дэвшлийн цаана ямагт тодорхой үр дүн, эдийн засгийн бодит өгөөж хамт явдаг шүү дээ?
– Технологийн шинэчлэлт хийгдсэнээр МУИС-ийн мэдээллийн технологийн дэд бүтцийн хувьд өндөр үр дүнд хүрсэн. Эдгээр ажлаас дурдвал: МТС-ийн худалдан авсан үйлдлийн системийн багц лицензийн хандиваар бүх виндоус серверүүдээ хамгийн орчин үеийн үйлдлийн системтэй болгосон. Эдгээр лицензийг гурван жилдээ ашиглаж болно. Тухайлбал, та бүхний өдөр тутмын хэрэглээ болсон и-мэйл сервер юм. Мөн МУИС болон Хадгаламж банкны хамтын ажиллагааны хүрээнд сервер шинэчлэлтэнд зориулагдсан 28 сая төгрөгний санхүүжилтээр төв кластер серверийн хүчин чадал, тодруулбал хатуу диск, санах ойг өргөжүүлэх ажил явагдаж байгаа. Монгол улсад байхгүй Интел брендийн кластер сервер манай МУИС-д ажиллаж байна. Энэхүү ажилд нийтдээ 19 сая төгрөгний тоног төхөөрөмж авсан ба өмнө нь 48 ГигаБайт байсан санах ой 2 дахин, 1 ТерраБайт хэмжээтэй байсан хатуу SAS диск 3 дахин нэмэгдэж, техникийн үзүүлэлтийг сайжруулж байна. Ингэснээр БСШУЯ-наас их, дээд сургуульд тавигдах нийтлэг шаардлагад тусгасан заалт буюу оюутан бүр и-мэйлтэй байх нөхцлийг бүрдүүлэх бүрэн боломжтой болж байна. Хадгаламж банкны үлдэгдэл санхүүжилтэнд нэмээд МУИС-ийн өөрийн төсвөөс гарсан нийт 17 сая төгрөгийг хичээлийн байр хоорондын холболтын хурдыг нэмэгдүүлэх буюу Гигабитийн сүлжээ байгуулах тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан байгаа. Тодруулбал, хичээлийн 6 байр тус бүрт 1 Гигабит/сек хурдтай 24 порттой свич, шилэн кабелийн интерфейс, шилэн кабелийн жампер залгуур, төв зангилааны төхөөрөмжид залгах модуль, тог баригч зэргийг зах зээлийн үнээс хямдаар авч суурилуулаад удаагүй байна. Эдгээр нь бүгд CISCO брендийн төхөөрөмж болохоор гацалт, гажиг мэтийн саатал гарахгүйгээс гадна менежмент хийх өргөн боломжтой. Мөн интернэтийн гарцын хурдыг 2010 оны 10-р сараас хоёр дахин нэмэгдүүлж, Монгол доторх интернэт урсгалыг хязгааргүй хурдаар авах боломжтой болгосон ч тус гарц дахь төхөөрөмжийн хүчин чадал дутах хүндрэл гарч байсан. Иймд зангилаа свичийг 1 Гигабит/сек хурдтай болгох шаардлагын хүрээнд 22 сая төгрөгний санхүүжилт МУИС-ийн төсвөөс гаргасан. Эдгээр төхөөрөмж мөн CISCO брендийнх бөгөөд МУИС-ийн нийт 3000 гаруй хэрэглэгчийг гадны халдлагаас хамгаалах болон вирус, хөнөөлт кодны сул ачааллыг хаах боломжтой. Энэ санхүүжилтын хүрээнд худалдан авсан төхөөрөмжүүдийг танилцуулбал 1 Гигабит/сек хурдны урсгал нэвтрүүлэх чадвартай хамгаалалтын фейрвол төхөөрөмж болон тус бүр нь 1 Гигабит/сек хурдны 48-н порттой модуль, шилэн кабель хөрвүүлэгч залгах 12 порттой модуль зэргийг агуулсан 4500 серийн зангилааны свич багтаж байгаа юм. Эдгээр шинэчлэлтийг хийсний үндсэн дээр МУИС-ийн кампус сүлжээ технологийн хувьд шат ахиж, хурд нь 1 Гигабит/сек буюу Гигабитийн Этернет сүлжээтэй болж байгаа юм. Өмнөх байдлаас даруй 10 дахин хурдтай болсон гэсэн үг. Ингэснээр бид кампус сүлжээндээ аудио, видео хичээлээ чанарын өндөр түвшинд хүлээн авч судлах боломжтой болж байна.
Харин эдийн засгийн хувьд гарсан үр дүн гэвэл МУИС-ийн нийт телефон утас, телехолбоонд жилд 70 сая төгрөг зарцуулдаг байсныг VoIP технологид суурилсан дотуур холбооны системийг бүрэн нэвтрүүлж жилд 30 сая төгрөг хэмнэдэг болсныг дуулгахад таатай байна. Эндээс харахад мэдээллийн технологийг цаг алдалгүй нэвтрүүлж, нийтээрээ бүрэн дүүрэн хэрэглэж чадвал ач тусыг нь богино хугацаанд хүртэнэ гэсэн дүгнэлт хийж болно.
– МУИС-д СиСи мэдээллийн системийг нэвтрүүлэх төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ ажлын үйл явц ямар шатандаа байна. Үр дүн нь гарч эхлэв үү?
– Юуны өмнө СиСи сургалт удирдлагын мэдээллийн системийг ашигладаг, түүнийг бидэнтэй хамт хөгжүүлдэг, үйл ажиллагаагаар дэмжиж, хамтран ажилладаг багш ажилтан, оюутан суралцагсад, сургалтын албаны ажилтнууддаа талархал илэрхийлье. Шинэ ажлыг эхлүүлэхэд хүн бүрт төвөгтэй байдаг шиг СиСи систем ч гэсэн үр дүнг нь үзэх хүртэл нэлээдгүй хугацааг зарцуулаад байна. Одоо системийг Улаанбаатар хот дахь 12 бүрэлдэхүүн сургууль, Завхан, Орхоны салбар сургуулиуд амжилттай нэвтрүүлэн, оюутныг элсүүлэхээс эхлэн төгсгөх хүртэлх бүх шатанд сургалтын өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөн ашиглаж байна.
Тус системд ойрын үед нэвтрүүлээд байгаа зарим ажлыг нэрлэхэд: магистр, докторын элсэлтийг онлайн болгосон, илүү хариуцлагатай, академик шинж чанартай “МУИС Форум” хэлэлцүүлгийн систем, оюутан, багш ажилтны үнэмлэх захиалах модуль, МУИС-ийн багш оюутан тус бүрийн хувийн хичээлийн хуваарь, багш нарт зориулсан хувийн веб сайтын систем, цахим тестийн систем, багшийн цахим журнал, OCW цахим хичээлийн систем болон бакалаврын диплом, хавсралтыг англи, монгол хэл дээр хэвлэх боломжтой болгосон зэрэг үр дүнтэй ажлууд хийгдсэн.
Элсэлт онлайн-д шилжиж, дүнгийн дэвтэр жил бүр хэвлэгдэхгүй болсон нь МУИС-ийн зардлыг хэмнэж байгаа. Мөн диплом, хавсралтыг шууд хэвлэдэг болсноор төгсөлтийн комиссынхны ажил нэлээд хялбаршиж байна. Хавсралт нь англи хэл дээр хэвлэгддэг болсноор гадаадад суралцахаар зорьж буй төгсөгчид төлбөртэй орчуулгын товчоог зорих шаардлагагүй болж байгаагаас гадна хичээлийн нэр, хэллэгүүдийг нэг стандартад оруулсан нь үр дүнтэй болсон. Цахим систем болон цахим хэлбэрийн үйлчилгээнүүд нэвтэрч байгаатай холбогдуулан систем хэрэглэгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, технологийн дэвшлийг эзэмших, журмын шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийх зэрэг дараагийн ажлууд урган гарч байна.
– МШХХТГ-аас их дээд сургуулиудад утасгүй интернэт сүлжээг бий болгох нэг жилийн үнэгүй үйлчилгээ үзүүлэх удирдамж гараад байгаа. Үүнд манай сургууль хамрагдах боломжтой биз дээ?
– Боломжтой гэж бодож байгаа. Манай албанаас тус газарт албан бичиг хүргүүлж, тус нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр интернэтийн хурдыг одоогийн байгаагаас даруй 10Мегабит/сек-ээр нэмэгдүүлэхээр болсон байгаа. Харин тус эрхийг МобиНЭТ интернэт гарцын компани зөвшөөрөхгүйн улмаас ЖэмНЭТ ХХК-ийн үзүүрийг сургууль руу оруулахаар хөөцөлдөж байна. Тус үйлчилгээ нь утасгүй сүлжээг дэмжинэ гэсэн учир оюутны байруудаа бид утасгүй сүлжээтэй болгох хэрэгтэй байгаа юм. Харамсалтай нь энэ жилийн төсөв хомс байгаагаас дотуур байруудын утасгүй сүлжээг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөө авч чадахгүй байна. Энэ удаад оюутны байр хоорондын холболтыг шилэн кабельжуулах ажил явагдсан. Шилэн кабелийн ихэнхи буюу 70%-ийг СитиНЭТ ХХК-д ажилладаг манай төгсөгч хандивласан. Үлдсэн хэсгийг мөн манай төгсөгч ажилладаг МэжикНЭТ ХХК-иас хандивлаж, бид холболтыг хийж байна. Тус байруудын бие даан суралцах төв орчимд утасгүй сүлжээг байгуулахаар болж байгаа.
– Тэгвэл оюутнууд зардал мөнгө гаргахгүйгээр сургуулийн ойр орчим болон дотуур байрнаасаа л интернэтэд холбогдож, хичээл номоо давтах боломжтой болох нь ээ?
– Тиймээ. Оюутнууд маань дотуур байрнаасаа сургуулийнхаа өндөр хурдтай сүлжээг ашиглан үнэ төлбөргүй интернэтэд холбогдож, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх боломжтой болж байна.
Хичээлийн байр хоорондын холболт МобиНЭТ ХХК-ийн шилэн кабелийг ашиглан гэрээт хугацаанд үнэгүй хэрэглэж байгаа. Цаашдаа бид нэмэлт холболтыг хийж, найдвартай ажиллагааг хангах ёстой. Зам засвар их хийгдэж байгаа тул дан холболт тасрахгүй гэсэн баталгаа байхгүй. Ер нь кампусын сүлжээнд онолын талаас шаардагддаг зүйл бол нэмэлт холболт байдаг. Тиймээс хэдийгээр бидний ажил төсөв мөнгөнөөс шууд хамааралтай байдаг ч гэсэн хамгийн чанартай, шинэ технологийг шуурхай нэвтрүүлэх нь чухал юм.
Бид судлаад ирэх жилийн төсөвт байр хоорондын нэмэлт холболтоос гадна оюутны байр түүний ойр орчимд утасгүй сүлжээ байгуулах, давхар бүрт сүлжээ суурьтай камер байрлуулах саналыг оруулахаар бэлдсэн байгаа. Оюутнуудад дотуур байрандаа интернэт ашиглан, хичээл номоо тав тухтай хийх орчин бүрдүүлэх нь сургалтын чанарт бас сайн нөлөөлөх байх.
Оюутны 3-р байранд шилэн кабелийн нэг үзүүр үлдээсэн тул Байгаль-Эх лицей сургууль руу кабель татах боломжтой. Тус ажлын саналыг компаниудаас авч Хангамж, үйлчилгээний хэлтэст хүлээлгэн өгсөн байгаа. Тэр дэмжигдвэл удахгүй ажил эхлэх болов уу. Цаашдаа Худалдаа үйлдвэрийн сургуулийг ч мөн өөрийн өндөр хурдны сүлжээнд холбох бодолтой байна. Ингэж нэг кампус сүлжээнд нэгдсэнээр дотуур утсаар зайтай байгаа сургуулиудтайгаа үнэ төлбөргүй ярих боломжтой болно. Цаашдаа цахим байдлаар нүүр нүүрээ хараад өрөө өрөөнөөсөө хурал хийх боломжийг ч бүрдүүлнэ.
– Миком компаниас wireless буюу утасгүй сүлжээнд холбох аян зохион байгуулж байгаа гэсэн. Энэ нь манай сургуулийн аль хэсэгт тавих боломжтой вэ?
– Сүлжээний хөгжлийн дараагийн үе шатанд утасгүй сүлжээ нэлээн хүчтэй түрэн орж ирж байна. Үүнтэй холбоотой олон компани боловсролын байгууллагуудыг дэмжих замаар өөрсдийгөө суралчлах зорилгоор утасгүй сүлжээний үнэгүй бүсийг байгуулж байна. Юнител компани зарим сургуулиудын ганц нэг буланд байрлуулсан байгаа. Үүнтэй төстэйгээр Миком ХХК хичээлийн байруудын оюутны нягтрал ихтэй газруудад үнэгүй үйлчилгээ үзүүлэх тал дээр мөн хамтран ажиллаж байгаа. Сургуулиудын бие даан суралцах төв, номын сангийн заалууд, томоохон хэмжээний танхимуудын ойр орчмын байрлалыг санал болгоод, зураглалыг нь тус компанид явуулсан байгаа. Мөн манай албанаас хичээлийн 1-р байранд утасгүй сүлжээний бүсийг байгуулсан ба MUIS гэсэн нэрээр нууц үггүй орж болно. Цаашдаа оюутны байруудад утасгүй сүлжээ оруулна.
– Серверийн шинэчлэл бүхэлдээ хэзээ хийгдэж дуусах вэ?
– МУИС маань Интел брендийн кластер сервертэй. Одоогийн үзүүлэлтээр 72ГигаГерц цөм процессор, 48ГигаБайт санах ой, 1.2ТерраБайт хатуу дисктэй тус серверт нийт 15 сервер ажиллаж байна. Цаашдаа хатуу диск, шуурхай санах ойн хэмжээ хүрэхгүй болж ойрын хугацаанд өргөтгөх шаардлага гарч байна. Тус өргөтгөлийн тоног төхөөрөмжийг NZM ХХК нийлүүлэх болсон ба удахгүй ажил эхлэх болно. Ингэснээр сургууль бүр өөрийн дэд домайнтэй болж, оюутан багш бүр өөрсдийн эрхээр сургуулийн компьютерт нэвтэрч болно. Өөрөөр хэлбэл компьютер бүрийг нэгдсэн удирдлагаар тохируулж, вирус, хор хөнөөлт код, халдлагаас хамгаалах боломжтой.
– Удирдлагын мэдээллийн систем, зайн сургалтын систем, зарим сургууль, эрдэм шинжилгээний цахим сэтгүүл, хурал зохион байгуулах цахим систем зэргийг нэвтрүүлэх, мөн дотуур холбоог өргөжүүлж, сүлжээг мэргэжлийн түвшинд шинэчлэн загварчлах, хэрэглэгчийн менежментийг боловсронгуй болгох зэрэг олон ажил МТА-ны ажлын төлөвлөгөөнд орж, шийдлээ хүлээж байгаа?
– Мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэхэд эхлээд эрэлт, хэрэгцээ байх ёстой гэж өмнө нь хэлсэн. Өөрөөр хэлбэл ийм зарчим, дараалал, журмын дагуу тийм мэдээллийн систем хэрэгтэй байна гэдгээр тодорхой санал болгон оруулж, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдвөл аль аль талдаа ажил хэрэг болох нь илүү байх.
МУИС-ийн дүрэм журмууд шинэчлэгдэж буй энэ цаг үед манай алба тус журмуудад эхнээсээ оролцон явах нь хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээллийн системийг бий болгох боломжийг бүрдүүлнэ гэж боддог. БСА-наас ирүүлсэн Бакалаврын сургалтын журмыг боловсруулахад хамтран ажиллах саналын дагуу манай алба ажилласан нь МУИС-ийн мэдээллийн системд бакалаврын сургалт бүрэн тусгагдаж, тэр хэрээрээ бакалаврын сургалт СиСи системтэйгээ уялдаж, сургалтын процесс илүү хялбар болох боломжтой болсон гэж үзэж байгаа.
Цаашдаа магистр, докторын сургалт, санхүүгийн үйл ажиллагаа, захиргаа, хяналт шинжилгээ гэх мэтээр мэдээллийн системд холбох шаардлагатай үйл ажиллагаануудыг алба, хэлтсүүдтэй нь хамтран ажиллаж системд тусгах төлөвлөгөөтэй байна. Тиймээс тухайн журмыг боловсруулж байгаа ажлын хэсгийнхэн манай албатай эхнээсээ хамтран ажиллах нь үр дүнтэй гэдгийг хэлмээр байна.
– 2010-2011 оны хичээлийн жил үндсэндээ дуусч байна. Энэ хугацаанд танай албанаас тавьсан зорилтоо хэр биелүүлэн ажиллав, ерөнхийд нь дүгнээд хэлбэл?
– Манай албаны сайт дээр (http://mta.num.edu.mn) энэ жилд хийхээр зорьсон ажлын төлөвлөгөө байгаа. Эдгээрийн хэдэн хувь нь биелснийг та бүхэн үзээд дүгнэнэ биз ээ. Онцлох ажлаа товч дурьдвал Кампус сүлжээ маань технологийн хувьд шат ахиж Гигабитийн Этернет сүлжээтэй боллоо. Сүлжээнд суурилсан дотуур холбоог бүрэн нэвтрүүлж, тоон факс буюу компьютерээр факс илгээх ба хүлээн авах, мөн дотуур утасны дуут шуудантай болсон. Бүх хэрэглэгч нараа хор хөнөөлт код болон гадны халдлагаас хамгаалах боломжтой боллоо. Дотуур байруудыг кампус сүлжээндээ холбож чадлаа, интернэтийн хурдаа нэмэгдүүллээ, мэдээллийн системдээ зохих ахиц гаргалаа.
Энэ дашрамд МУИС-ийн сүлжээнд томоохон дэвшилт гаргахад дэмжиж ажилласан дэд захирал Р.Ринчинбазар, Б.Даваасүрэн болоод хангамж, санхүүгийн ажилчид мөн албаныхаа ажилчдад нийт багш, оюутнуудын өмнөөс баярласнаа илэрхийлье.