АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

Share Button

2017 оны 4-р сарын 21-нд МУИС-ийн 2-р байрны “А” зааланд Хүмүүнлэгийн ухааны салбарын хөтөлбөр сурталчлах өдөрлөг болох тул та бүхэн хүрэлцэн ирж Ази судлалын тэнхимийн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцахыг урьж байна.

Мөн 2017 оны 4-р сарын 25-ны 13:00-15:00 цагт МУИС-ийн 2-р байрны 4 давхарт Ази судлалын тэнхимийн сурталчилгааны өдөрлөг зохион байгуулагдах тул ШУС, ХШУИС-ийн 1-р түвшинд суралцаж буй оюутнууд идэвхитэй оролцоно уу.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЯПОН СУДЛАЛЫН САЛБАР

Япон судлалын салбар нь 1975 оноос япон хэлтэй мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.

Өдгөө ОЛОН УЛС, ЯПОН СУДЛАЛ, ЯПОН ХЭЛНИЙ ОРЧУУЛГА, ЯПОН ХЭЛ ШИНЖЛЭЛ, ЯПОН ХЭЛ, УРАН ЗОХИОЛ гэсэн дөрвөн хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулж байна. Тус салбар 2016-2017 оны хичээлийн жилд нийт 15 багш, ажилтан,  100 гаруй оюутантай сургалтын үйл ажиллагаагаагаа явуулж байна. Тоокёогийн Гадаад Судлалын Их Сургууль, Оосакагийн Их сургууль, Аояма Гакүин Их сургууль, Риккёогийн  Их Сургуультай хамтран ажиллаж оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Японы Боловсролын яамны тэтгэлэг, Энхтайваны Накажима Сангийн тэтгэлэг, Японы оюутныг дэмжих байгууллага JASSO –гийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.  Япон судлалын салбарыг төгсөгчид Японы Элчин Сайдын Яам, Жайка, Японы компаниудад амжилттай ажиллахын зэрэгцээ Японд ахисан түвшний сургалт, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байна.

СОЛОНГОС СУДЛАЛЫН САЛБАР

Солонгос судлалын салбар нь 1991 онд байгуулагдаж, солонгос хэл, орон судлалын мэргэжлээр нийт 250 гаруй дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэж иржээ. ОЛОН УЛС, СОЛОНГОС СУДЛАЛ, СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛГА гэсэн хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулдаг. 2016-2017 оны хичээлийн жилд нийт 6  багш, ажилтан, 60 орчим оюутантай сургалтын үйл ажиллагаагаагаа явуулж байна.

Солонгос судлалын салбар нь БНСУ-ын Данкүкийн их сургууль, Сөнгюнъгуан Их сургууль зэрэг их дээд сургуулиуд, “Солонгос сан”, “Зүүн Хойд Азийн түүхийн сан” зэрэг байгууллагуудтай хамтран багш, оюутан солилцооны хөтөлбөр болон тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, солонгос хэл болон Солонгосын соёлын богино хугацааны сургалтад хамруулдаг. Мөн “Солонгос сан”-гийн тэтгэлэг, БНСУ-ын иргэн Кан Сөнвөн-ы нэрэмжит жил бүрийн тэтгэлэг,  Намянжүгийн боловсролыг дэмжих сангийн тэтгэлэгт оюутнуудаа хамруулахаас гадна  БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг, Илвү сангийн тэтгэлэг зэрэг нэр хүнд бүхий тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оюутнуудаа хамруулан ажилладаг.

ХЯТАД СУДЛАЛЫН САЛБАР

Хятад судлалын салбар нь анх 1957 оноос хятад хэлтэй мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн гадаад судлалын ууган салбар билээ. Өдгөө ОЛОН УЛС, ХЯТАД СУДЛАЛ, ХЯТАД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА, ХЯТАД ХЭЛ ШИНЖЛЭЛ, ХЯТАД ХЭЛ, УРАН ЗОХИОЛ  гэсэн дөрвөн хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулдаг. Тус салбар 2016-2017 оны хичээлийн жилд нийт 15 багш, 200 орчим оюутантай сургалтын үйл ажиллагаагаагаа явуулж байна. Зун болон өвлийн амралтаар Хятадад хэлний дадлага хийх, БНХАУ-ын Нанжины Мэдээлэл Технологийн Их Сургууль, БНХАУ-ын Уханий ШУТИС, Шэньяны Багшийн Их Сургуульд жил бүр 20-30 оюутан 1-2 улирлын хугацаатай оюутан солилцооны хөтөлбөрөөр тус тус суралцдаг.  Тайваний Үндэсний Их Сургууль, Улс Төрийн Их Сургуультай хамтран солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хятад хэлний түвшин, шаардлагад хангасан оюутнууд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг, Күнзийн институтын тэтгэлэг болон Тайваны Боловсролын яам болон Шинжлэх ухаан, Технологийн яамны тэтгэлэгт хамрагдан ахисан түвшинд суралцах давуу эрхтэй байдаг.

ТҮРК СУДЛАЛЫН САЛБАР

2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 633 тоот тушаалаар, Монгол улсад түрэг судлалыг хөгжүүлэх, Монгол нутаг дахь эртний түрэг угсаатны үсэг бичгийн дурсгал болон монгол түрэг хэлний харьцаа, Алтай хэлний судлалаар эрдэм шинжилгээний ажил хийж буй судлаач эрдэмтэд, багш нарын хүчийг төвлөрүүлж, энэ чиглэлээрх судалгаа, сургалтын ажлыг сайжруулан гүнзгийрүүлэх зорилготойгоор Түрэг судлалын төв байгуулагдсанаар уг хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ.

Өдгөө ОЛОН УЛС, ТҮРК СУДЛАЛ, ТҮРК ХЭЛНИЙ ОРЧУУЛГА гэсэн хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт эрхилж байна. Монгол улсад энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй цорын ганц салбар бөгөөд орчин цагийн түрк хэл хийгээд нийт түрэг хэлтэн улсуудын түүх-соёл судлалын хүрээнд хөтөлбөрөө улам сайжруулж ирсэн болно.

Хажэтэппэгийн Их Сургууль, Гази Их Сургууль, Ататүркийн Их Сургууль, Абант Иззэт Баисал зэрэг БНТУ-ын тэргүүлэх их сургуулиудтай хамтран ажиллахын зэрэгцээ Монгол дахь БНТУ-ын Элчин Сайдын яам, дэлхийн 40 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг Юнус Эмрэ Хүрээлэн, ТИКА, зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөр. Түрэг судлалын салбарыг дэмжин хамтран ажилладаг Монгол дахь БНТУ-ын Элчин Сайдын яам, дэлхийн 40 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг Юнус Эмрэ Хүрээлэн, ТИКА, зэрэг байгууллагууд нь зуны сургалт, өвлийн сургалтанд хамрагдах оюутнуудын онгоцны билет, байр болон хоолны зардлыг хариуцдаг болно. Үүнээс гадна олон улсын оюутны хуралд оролцох урилга авсан оюутнуудын онгоцны билетийг авч өгөх зэргээр тус салбарын оюутнуудыг байнга дэмжин хамтран ажилласаар байна.

АРАБ СУДЛАЛЫН САЛБАР

Араб судлалын салбар 2010 онд анх араб хэл, орон судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. 2010-2014 онд араб хэл, орон судлал мэргэжлээр анхны төгсөлтөө хийсэн бөгөөд ирэх хичээлийн жилд хоёр дахь элсэлтээ авах гэж байна. Монгол улсад МУИС нь араб хэл, орон судлалаар мэргэшүүлж буй цорын ганц их сургууль юм. Дөнгөж хоёр дахь элсэлтээ авч буй энэ салбарын мэргэжилтэн, боловсон хүчний хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээ тогтвортой өссөөр байна.

Өдгөө ОЛОН УЛС, АРАБ СУДЛАЛ, АРАБ ХЭЛНИЙ ОРЧУУЛГА гэсэн хөтөлбөрөөр бакалаврын сургалт явуулж байна. Араб судлалын салбар нь Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Каирийн Их Сургуультай хамтран ажиллаж, тогтмол араб судлалын салбарын багш, оюутнууд 1-12 сарын хугацаагаар араб хэлний сургалтанд хамрагддаг.   Тус хөтөлбөрийг сонгосноор 100 гаруй жилийн түүхтэй Каирийн Их Сургуульд урт, богино хугацааны араб хэлний сургалтад хамрагдахаас гадна олон мянган жилийн түүх соёлын арвин баялаг дурсгалтай Египетийн соёл иргэншилтэй танилцах боломжтой.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар