Философийн улсын IX олимпиадад МУИС-ийн баг II байр эзэллээ

Share Button

ШУА-ийн Философийн хүрээлэн, Эмнести Интернэшнл, ШУТИС-ийн БуХС, МУИС-ийн Философи, Шашин Судлалын тэнхим хамтран Философи, хүний эрхийн уулзварт философийн олимпиадыг 9 дэх удаагаа зохион байгуулсан байна.

Энэ удаад зохион байгуулагчид Цахим эрх чөлөө гэсэн дэд сэдвийг хөндсөн бөгөөд цахим эрх, цахим гадуурхал, хяналт, хувь хүн, байгууллагын нууцлал, кибер халдлага дайралт, цахим аюулгүй байдал, цахим засаглал ба шашин соёлын мөргөлдөөн зэрэг дэлхий даяар өдөр тутмын амьдралд тулгамдаж байгаа хүний эрх, философийн асуудалд анхаарал хандуулжээ.

Зохион байгуулагч, МУИС-ийн Философи, Шашин Судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Дагзмаагаас олимпиадын талаар зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Философийн улсын IX олимпиадад багууд маань бэлтгэл маш сайтай оролцож байна. Өмнөх олимпиадуудыг “Философи, хүний эрхийн уулзварт” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулдаг байсан бол энэ жилийн хувьд “Цахим эрх чөлөө” гэсэн тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Хүний хамгийн чухал, суурь эрх бол эрх чөлөө байдаг. Энэ олимпиадын зорилго нь философи мэдлэгийг түгээх, дэлгэрүүлэх, хүний эрх, эрх чөлөө, үүрэг, хариуцлага зэрэг суурь ойлголтуудын мөн чанарыг оюутан залуусдаа ойлгуулах, төлөвшүүлэх юм. Түүнчлэн эдгээр ойлголтуудыг философийн үүднээс судлах, практик үйл ажиллагааг хослуулахад олимпиадын зорилго оршдог” гэв.

Хүний эрх, философи мэдлэгийн огтлолцол дундаас эл асуудлын талаар зургийн үзэсгэлэн, видео, тест ажилбар, философи хийгээд хүний эрхэд онол, арга зүйн үүднээс хандсан мэтгэлцээний даалгавраар дамжуулан ярвигтай асуудалд зөв зохистой шийдлийг олж сурахад оюутнуудыг сорилоо.

Олимпиадад нийт 10 их, дээд сургуулийн оюутан залуус оролцсоноос ШУТИС-ийн баг I байр, МУИС-ийн баг II байр, ХСИС-ийн баг III байр, СЭЗДС-ийн баг тусгай байрыг тус тус эзэлсэн байна.

Мөн МУИС-ийн багийн гишүүн Б.Бямбаа тус олимпиадын “Мэргэн санаа дэвшүүлэгч”-ээр шалгарав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар