“Дээд боловсролын шинэчлэл: Судалгааны их сургуулийн бодлогын цогц шийдэл” хэлэлцүүлэг боллоо

Share Button

Өнөөдөр /2017.12.25/ “Дээд боловсролын шинэчлэл: Судалгааны их сургуулийн бодлогын цогц шийдэл” хэлэлцүүлгийг УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооноос санаачлан БСШУСЯ-тай хамтран МУИС-ийг түшиглэж зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, МУИС-ийн дэд захирлууд болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, БСШУС-ын сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, МУБИС-ийн захирал Д.Мандах, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, ХСИС-ийн захирал Ө.Энхтөр болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлэлцүүлгийн эхэнд Судалгааны их сургуулийн талаар танилцуулга, мэдээлэл хийсэн юм. Мөн судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх зарим саналыг дэвшүүлсэн юм.

БСШУС-ын сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат хэлсэн үгэндээ “БСШУСЯ 2020 он хүртэлх бодлогоо дээд боловсролын эрх зүйн орчныг сайжруулах, судалгаанд суурилсан их сургууль бий болгох, үр дүнд суурилсан боловсролын тогтолцоонд шилжих, стандартад суурилсан чанарыг эрхэмлэсэн тогтолцоог бий болгох, оюутны хөгжил, нийгмийн баталгааг хангах” зэрэгт чиглүүлж ажиллаж буйг тэмдэглэлээ.

Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүд болон төрийн өмчит их сургуулийн захирлууд судалгаанд суурилсан их сургууль, дээд боловсролын шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлэв.

НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Өнөөдрийн хэлэлцүүлэгт зөвхөн төрийн өмчит их сургуулийн захирлууд болон холбогдох албаны мэргэжилтнүүдийг урьсан. Дээд боловсролд шинэчлэл хийх, судалгааны их сургуулийг бий болгоход чиглэсэн санал, та бүхний байр суурийг сонсохыг зорьсон юм. Засгийн газар судалгааны их сургуулийг бий болгох судалгаа, хөтөлбөр боловсруулж байна. Цаашид энэ чиглэлээр олон уулзалт, хэлэлцүүлэг хийх болно. Та бүхэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, бичгээр ч гэсэн олон бүтээлч саналыг ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Монгол Улсын Их сургууль сургалтад суурилсан их сургуулиас тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий академик мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэд оруулдаг, хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулдаг судалгааны их сургууль болгон өөрчлөх зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар