“Гадаад хүнд Монгол хэл заах онол, арга зүйн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Share Button

 “ГАДААД ХҮНД МОНГОЛ ХЭЛ ЗААХ ОНОЛ, АРГА ЗҮЙН АСУУДАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

Эрдэм шинжилгээний хурлын зорилго: XXI зуун гарсаар дэлхий дахинд даяаршил улам бүр тэлж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи үсрэнгүй хөгжин, улс төр, эдийн засгийн интеграц өргөжиж, улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрч байна.

Үүнтэй холбоотойгоор, дэлхийн улс гүрнүүд үндэсний хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх талаар томоохон бодлого хөтөлбөр боловсруулан маш эрчимтэй хэрэгжүүлж байна. Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлэхийн хэрээр монгол хэл, соёлыг судлах суралцагчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Харин тэдэнд зориулсан сургалт, судалгааны байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, үр өгөөжийг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг нь мэргэжлийн багш, судлаачдын тулгамдсан асуудал болов.

Иймээс Монгол Улсад гадаад хүнд монгол хэл зааж байгаа сургалтын өнөөгийн байдал, ололт дутагдлын талаар мэргэжлийн хүрээнд хэлэлцэж, орчин үеийн хэл эзэмших онол арга зүйтэй уялдаж буй эсэхийг тодорхойлох /хаана явааг/, одоогийн сургалт, судалгааны үр дүнг толилуулах, цаашид юуг анхаарах, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор уг хурлыг зохион байгуулж байна.

Гадаад хүнд монгол хэл заахад тулгарч буй зарим асуудлыг тодорхойлох, эрдэмтэн судлаач багш нарын судалгаа шинжилгээний ажлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, монгол хэлний сургалт, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, монгол хэл соёлоо дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахад энэхүү хурлын ач холбогдол оршино.

Хуралд хэлэлцэх асуудлын ерөнхий чиглэл:

  • Хавсарга хэлшинжлэл (Applied linguistics), Боловсрол хэлшинжлэл (Education linguistics), Хэл эзэмшихүй (Second-language acquisition)
  • Монгол хэлний сургалтын хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Монгол хэлний сургалтын агуулга, заах арга
  • Гадаад хүнд монгол хэл зааж ирсэн түүх, туршлага
  • Монгол хэл суралцагч гадаад иргэдийн сурах орчин, хууль эрх зүйн нөхцөл

Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол хэлний сургалтын асуудалд бодитой үнэлэлт, дүгнэлт хийсэн байх,
  • Гадаад хэлний сургалт, хэл эзэмшихүйн орчин үеийн чиг хандлага, туршлага, үр дүнгийн асуудлыг хамран судлах
  • Судалгаа нь тодорхой онол, арга зүйнд үндэслэгдсэн байх зэрэг болно.

Илтгэлийн бичлэгт тавигдах үндсэн шаардлага:

  1. Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсэгтэй байна. Илтгэлийн нэр, илтгэгчийн овог, нэр, ажил, албан тушаал, эрдмийн зэрэг, цол, харилцах утас, цахим хаяг, Илтгэлийн хураангуй, Түлхүүр үг, Оршил,Үндсэн хэсэг, Дүгнэлт, Ном зүй,
  2. Илтгэл нь түлхүүр үг, оршил, текст, зураг /график болон фото зураг/, хүснэгт, дүгнэлт, ном зүйг оролцуулан А4 хэмжээтэй 7-9 хуудсанд багтсан байна.
  3. Илтгэгчийг зөвхөн UNICODE- ашиглаж,“Times new Roman” – фонд дээр 12pt үсгийн өндрийг сонгон, А4 хэмжээны цаасан дээр хуудасны дээд, доод баруун талаас 2,5 см, зүүн талаас 3 см зайг үлдээж бичнэ. Илтгэлийг бичихдээ header, footer, footnote командыг ашиглана. Илтгэл нь шинэ судалгааны үр дүн байна.

Илтгэл хүлээн авах хугацаа: Илтгэлийг та бүхэн 2018 оны 3 дугаар сарын 10-ны дотор ch_tusgalt@yahoo.com цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Эрдэм шинжилгээний хурал: 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр МУИС-ийн Төв байрны Эрдмийн танхимд /Дугуй танхимд/ 10.00 цагаас эхэлнэ.

Нэмэлт мэдээллийг 99244342, 99083222 дугаарын утсаар лавлана уу.

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч:         

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар