Монгол Улсын Их Сургууль Clarivate Analytics компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Share Button

МУИС болон Clarivate Analytics компанийн хамтын ажиллагаа өргөжиж Хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр /2018.04.02/ гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг нэмэгдүүлэх улмаар олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний судлаачдыг бэлтгэх, чадавхижуулахад хамтран ажиллах төдийгүй МУИС нь Clarivate Analytics компанийн санал болгодог олон бүтээгдэхүүний нэг болох WEB OF SCIENCETM  судалгааны платформыг 2 жил  үнэ төлбөргүй ашиглах эрх нээгдэж байна.

Үйл ажиллагааны үеэр МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Clarivate Analytics компанийн Хятадын төлөөлөгчийн газрын удирдлага, мэргэжилтэнүүд манай сургуульд ирж эрдэмтэн, судлаач, багш нарт зориулсан “WEB OF SCIENCETM судалгааны платформын ашиглалт, хэрэглээг үр дүнтэй болгох талаар 2 жилийн хугацаанд тодорхой сэдвүүдээр сургалт зохион байгуулж байхаар боллоо. Олон таатай боломжийг олгож байгаа Clarivate Analytics компаниийн хамт олон болон хүрэлцэн ирсэн Clarivate Analytics компанийн Хятадын төлөөлөгчийн газрын зочид та бүхэнд МУИС-ийн нийт багш, эрдэмтэн судлаачдын нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлж бидний цаашдын хамтын ажиллагаа өргөжин тэлж, харилцан ашигтай дэвжин хөгжих болтугай” гэв.

МУИС, Clarivate Analytics компанийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Clarivate Analytics компанийн санал болгодог бүтээгдэхүүний нэг болох WEB OF SCIENCETM судалгааны платформыг МУИС нь тодорхой хугацаагаар 2 жил  үнэ төлбөргүй ашиглах эрх нээгдэж байгаа юм.

Clarivate Analytics компани нь Thomson Reuters компаниас 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр шинжлэх ухаан, оюуны өмчийн мэдээллийн хэсгээ авч өрх тусгаарлаж олон улсын хэмжээний гол патентийн мэдээлэл болон JCR индекстэй эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлийн өгөгдлийн санг бүрдүүлэн импакт факторт анализ хийдэг, түүнийг нь үндэслэн дэлхийн томоохон их сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнгийн түвшинг үнэлэн гаргадаг өндөр түвшний дүн шинжилгээ анализ хийдэг дэлхийн 40 гаруй оронд 100 гаруй салбартай, 4000 гаруй ажилтантай, жилийн орлого нь 1 тэрбум гаруй доллар, өгөгдлийн санд нь 32 хэлээр хандалт хийх боломжтой цар хүрээ өргөн байгууллага билээ.