“АЗИЙН БУДДИСТУУДЫН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ТУХАЙ
Монгол Улсын Их Сургуулийн Философи, шашин судлалын тэнхим болон Социологи, нийгмийн ажлын тэнхим нь Япон улсын Шукутокугийн их сургуулийн Олон Улсын Нийгмийн Ажлын Азийн Судалгааны Институттэй хамтран “Азийн Буддистуудын нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагааны хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотод 2018 оны 9-р сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус хуралд Монгол Улсад Нийгмийн үйл ажиллагааны чиглэлээр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг Их, Дээд сургуулиуд болон энэ сэдвээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг Хүрээлэнгүүдийг оролцуулахаар төлөвлөж байна.
Хурлыг зохион байгуулах үндэслэл
Дэлхий нийтээр эдүгээ цагт нийгмийн ажлыг шинжлэх ухааны онолын ба судалгааны өргөн цар хүрээтэй, салбар дундын шинжтэй гэдгийг онцлох боллоо. Үүний зэрэгцээ нийгмийн ажил нь тодорхой орчин дахь практик үйл ажиллагаа болон Өрнөдийн онол төдийгүй уламжлалт мэдлэгээс (IFSW, 2014) урган гардаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Буддизм ба түүний соёлын нөлөө ихтэй Азийн орнуудад сүүлийн үед хүмүүнлэгийн болон нийгмийн хамгааллын Буддист нийгмийн ажил дахь оюунлаг үнэлгээ, оролцоог хэрэгжүүлэх сонирхол өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, үйлийн үрийн сургааль болох үнэн, хүчирхийлллэс ангид байх, энх тайвнаар зэрэгцэн орших болон амар амгалан, эв нэгдэл, асрал халамж, нигүүлсэнгүй сэтгэл, найрамдал, зохицол болон аминч үзлээс зайлсхийх, нийтэд үйлчлэх, буян буюу сайн үйл үйлдэх зэрэг хандлага нь Буддист нийгмийн ажлын суурь зарчим болсныг сүүлийн үеийн судалгаа харуулж байна. Эдгээр зарчим нь нийгмийн шударга ёс, хүний эрх, нийтийн хариуцлага, хүндлэл, хүлээцтэй хандлага зэрэг дэлхий нийтийн нийгмийн ажлын зарчимд нийцэж байгаа болно. Иймээс нийгмийн ажилд Буддын зарчим болон уламжлалт мэдлэгийг тусгах тухай судалгаа хийх, хэлэлцүүлэг явуулах хэрэгцээ Азийн эрдэмтэд, судлаачдын дунд нэмэгдэж байгаа билээ. Мөн асуудлыг судлаачид өөрсдийн орон болон Азийн бүс нутаг дахь нийгмийн ажлын нөхцөлд Өрнийн нийгмийн ажлын онол, практик болон сайн туршлагатай уялдуулах шаардлага тулгарч байна.
Хурлын сэдвүүд
Энэ удаагийн хурлын сэдвүүд нь нийгмийн ажлын өргөн хүрээг хамарна. Үүнд: Буддист нийгмийн ажлын үндсэн зарчим, хандлага болон эдгээрийн хувь хүн ба нийгэмд үзүүлэх нөлөө; Буддист нийгмийн ажлын сургалт ба Өрнийн болон Буддын нийгмийн ажлын ялгааны тухай судалгаа; Тодорхой улс болон бүс нутаг дахь нийгмийн ажлын байдал, хандлага; Нийгмийн ажлын сургалт болон практикт тулгарч буй бэрхшээлүүд зэрэг багтана. Эдгээр сэдвүүдийг дараах дэд хэсэгт хуваах болно.
- Азийн орнууд дахь нийгмийн халамж
- Ази болон Монгол дахь нийгмийн ажлын боловсрол
- Ази дахь нийгмийн ажлын мэргэжлийн хөгжил
- Нийгмийн ажил ба Буддист уламжлал
- Төрийн бус байгууллагуудын Буддист хүмүүнлэгийн ажил