ХЯТАД, МОНГОЛ, ОРОС УЛСЫН ТИНК ТАНКЫН ОЛОН УЛСЫН IV ФОРУМ БОЛЛОО

Share Button

Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын “Нээлттэй шинэчлэл (инноваци) хамтын хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Монгол Улсын Их Сургууль амжилттай зохион байгууллаа.

Хурлын түүхээс сөхвөл Гурван улсын төрийн бодлогын харилцаа холбоо, засгийн газар болон ард түмний харилцан ойлголцолд гүүр, платформ болж, гурван улсын эдийн засгийн хөгжилд үйлчлэх зорилгын хүрээнд 2015 онд Улаанбаатар хотод, 2016 онд БНХАУ-ын Хөх хотод, 2017 онд ОХУ-ын Улаан-Үд хотод зохиогдож байжээ.

Энэ удаагийн форумыг Монгол Улсын Их Сургуулийн захиргаа, Эрдэм шинжилгээ, Инноваци, гадаад харилцаа, хамтын ажиллагааны харицсэн хэлтэс, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Газарзүйн тэнхим, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжлийн Судалгааны Төв, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хөгжлийн Судалгааны Төвийн олон улсын хамтын ажиллагааны газар, Монгол Улсын Шинжлэх ухаан академи, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэн, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын Монгол судлал, Буддизм, Төвд судлалын хүрээлэн, Монгол Улсын Үндэсний хөгжлийн хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран Хятад, Монгол, Орос Улсын Тинк Танкын олон улсын IV форумыг зохион байгуулсан байна.

Хятад, Монгол, Орос Улсын Тинк Танкын олон улсын IV форум

Олон улсын IV форумд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжлийн судалгааны төвийн Захирал, профессор Ян Чэньхуа тэргүүтэй 40 орчим судлаач, төлөөлөгчид, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар, Буриадын шинжлэх ухааны төвийн Дарга Г.Д. Базарова тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн судлаач, төлөөлөгчид, Монголын талаас МУИС-ийн Захирал, доктор Я.Төмөрбаатар, МУ-ын ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар тэргүүтэй 20 гаруй судлаач, төлөөлөгчид оролцжээ.

Олон Улсын форумыг нээж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар үг хэллээ.

Олон улсын форум нь үндсэн хуралдаанаас гадна дараах гурван сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, инновацийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлж хурал зохион байгуулсан байна.

Үүнд:

Салбар 1: Хятад, Монгол, Оросын эрчим хүч ба нөөц ашиглалт, хамтын ажиллагаа

Салбар 2: Хятад, Монгол, Оросын зам тээврийн нэгдмэл системийн хамтын ажиллагаа

Салбар 3: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Технологи, Нийгэм Эдийн Засгийн олон талт хамтын ажиллагааны сэдвийн хүрээнд хоёр өдрийн хугацаанд Хятад, Монгол, Оросын судлаачдын 40 орчим илтгэл хэлэлцүүлсэн байна.

Салбар хуралдааны хэсгээс…

Салбар хуралдааны хэсгээс…

Хятад, Монгол, Оросын тинк танкын цаашдын хамтын ажиллагааны стратегийн хэлэлцээр, Холбооны дүрэм, Тунхаглал зэргийг талууд гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. Товч дурьдвал:

  1. Хятад, Монгол, Оросын тинк танкын хамтын ажиллагааны холбооны хамтын удирдах зөвлөлийн даргын байгууллагын стратегийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг гурван тал баталж гарын үсгээ зурж цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлжээ. Хамтын ажиллагааны агуулга нь Хамтын ажиллагааны тогтолцоо, Хамтын судалгаа, Эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, Хүний нөөцийн солилцооны чиглэлээр гурван тал хамтран ажиллахаар стратегийн хувьд тохиролцсон байна.
  2. Хурлын үеэр Хамтын Үйл Ажиллагааны Тунхаглалыг баталжээ. Тунхаглалын гол үзэл баримтлал нь Хятад, Монгол, Оросын гурван талын Тинк Танк нь “Нэг бүс нэг зам” болон “Хөгжлийн зам”, “Евроазийн эдийн засгийн холбоо”-ны холболтыг үргэлжлүүлэн дэмжихийн тулд “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын төслийн тойм” болон “Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Дүрэм” зэрэг судалгааны өмнөх чухал сэдвүүдийг хэрэгжүүлэхэд Тинк Танкын холбоо нь чухал холбоос болох билээ. Гурван орны засгийн газрын санал болгосон хамтын ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд, өндөр чанартай дэвшилтэт хөтөлбөрийг дэвшүүлэхийг санал болгоно гэж тунхаглажээ.
  3. Хятад, Монгол, Оросын тинк танкын холбооны дүрмийг 7 бүлэг 27 зүйлтэйгээр гурван талын хамтын хэрэг эрхлэгч захирлын байгууллагын төлөөлөл хэлэлцэн, зөвшилцөж гарын үсгээ зурсан байна.

Хамтын ажиллагааны стратегийн хэлэлцээр, Холбооны дүрэм, Тунхаглал зэргийг талууд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Олон улсын форумын хүндэт зочид, тэргүүлэгчид

Хуралд оролцогчид, МУИС-ийн номын сангийн гадна талбайд дурсгалын зураг татуулав.

Хятад, Монгол, Орос улсын тинк танкын холбооны тугийг дараагийн хурал зохион байгуулах Хятадын талд шилжүүлэн өгөв.

Хятад, Монгол, Орос Улсын Тинк Танкын олон улсын IV форумын хөтөлбөр, үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл, хурлын эмхэтгэлийн хураангуй зэргийг дараах хавсаралт PDF файлыг татаж үзнэ үү.

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/09/CMRF-2018-forum-Program-Conference-proceedings.pdf”]

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар