“Багш, оюутны старт ап-2018” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийн ээлжит сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, ирээдүйд хийгдэхээр хүлээгдэж буй технологийг хөгжүүлэх, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, шинэ санал санаачлагыг урамшуулах, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Багш, оюутны стартап-2018” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ээлжит сургалт 9 дугаар сарын 22-ны өдөр “Өвөрзайсан сургалт, судалгаа, үйлчилгээний төв”-д амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү сургалтад ХШУИС-ийн Ургамлын биотехнологийн лаборатори   ахлах багш, доктор  Б.Даваапүрэв, Шинэ материалын лабораторийн доктор   Б.Цэрэнханд, Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн дэд проф А.Амарбаяр, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхмийн дэд проф. Т. Энхдөл, ШУС-БУС-ын Эмчилгээний хүнс ба байгалийн нэгдлийн химийн лабораторийн дэд проф Б. Мөнхжаргал, доктор Б. Туяагэрэл, дэд проф, доктор Ш. Наранмандах, БС-ийн Менежментийн тэнхмийн багш магисрт Д. Батцэцэг, ОУХНУС-ийн ОУХ-ны тэнхмийн дэд проф С. Энхцэцэг  нараар ахлуулсан магистр, бакалаврын оюутнууд хамтран гарааны компанийн баг бүрдүүлж оролцож байгаа билээ.

БС-ийн Менежментийн тэнхмийн эрхлэгч, дэд проф Д.Энх-Отгон, Маркетинг, худалдааны тэнхмийн багш Б.Угтахжаргал, Бизнес Консалтинг төвийн захирал дэд проф. Н.Батдэлгэр нар гарааны компанийн маркетингийн үндсэн коцепц ба төлөвлөлт, гарааны компаний байгуулахад бизнесийн орчныг таамаглах, компанийн санхүүгийн тайлангийн үндсэн бүтэц, санхүүгийн төлөвлөлтийг тооцоолох, гарааны бизнест шаардлагатай санхүүжилтын төлөвлөгөө гаргах аргачлал, мөн хөрөнгө оруулагчийн шийдвэр гаргалтад нөлөөлдөг санхүүгийн гол үзүүлэлтүүд, түүнийг тооцоолох  болон компанийн үнэ цэнийг үнэлэх сэдвээр сургалтыг хөтлөн явууллаа.

Тус арга хэмжээнд Инноваци, ТДТ-ийн ахлах мэргэжилтэн Др.Д.Лхагвасүрэн, Бизнес Консалтинг төвийн менежер Н.Батсүх нар багуудын бизнес загвар, төлөвлөгөөний явцтай танилцан, санал зөвлөгөө өгч цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээ, гарааны компанийн багуудын хувьд шийдвэрлэх асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.

“Багш, оюутны стартап-2018” хөтөлбөрийн хүрээнд багш, оюутнууд хамтран хаягдал цаас дахин боловсруулах болон үйлдвэрлэх технологи хөгжүүлэх, бактерийн эсрэг идэвхитэй ам зайлагч бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүрдэг цамцны дизайн, эмчилгээний зориулалттай шавар боловсруулах,”NUM-Skills” нийгмийн инновацийг хөгжүүлэх, гоо сайхны зориулалттай нүүрний шавар маск үйлдвэрлэх, гэр, орон байрны дулаан алдагдлын хэмжилт хийх, үр дүнг боловсруулах технологи, шар сүүнээс энергийн ундаа үйлдвэрлэх зэрэг чиглэлээр гарааны компани байгуулахаар зорин ажиллаж байна.