“АЗИЙН БУДДИСТУУДЫН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Их Сургууль 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус хуралд МУИС, ШУА, МУБИС, ШУТИС, АШУҮИС-ийн багш, судлаачдаас гадна Япон, Тайланд, ОХУ, Хятад, Австрали зэрэг улсаас 20 гаруй эрдэмтэн судлаачид Буддын шашны хүмүүнлэгийн үйл ажиллагааг судалсан ажлынхаа үр дүнг танилцуулах ба буддистуудын нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагааны онцлог, төлөв байдал, хөгжил, чиг хандлагаас гадна нийгмийн ажлын сургалт судалгаа болон практик үйл ажиллагааны тухай илтгэлүүдээ хэлэлцүүлсэн юм.
Буддын соёлын нөлөө ихтэй Азийн орнуудад нийгмийн ажил мэргэжил нь шинжлэх ухааны онолын болон судалгааны өргөн цар хүрээтэй, практик үйл ажиллагаанд суурилан хөгжиж байна. Нөгөө талаас олон улсын нийгмийн ажлыг судлаач эрдэмтэд болон нийгмийн ажилтнууд нийгмийн ажлыг тухайн улс орны соёл, орон нутгийн онцлогт тохируулан хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэх чиг хандлагыг илэрхийлэх болж, Азийн эрдэмтэн судлаачид ч бас энэхүү чиг хандлагад нэгдэн, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээ хандуулах болоод нэлээд хугацаа өнгөрчээ.
Монголд хөгжөөд 20 гаруй жил болж байгаа нийгмийн ажлын хөгжилд, тэр дундаа нийгмийн ажлын сургалтын хөтөлбөрт Монголчуудын соёлын өвийн нэг чухал хэсэг болсон Буддын уламжлалт соёл, мэдлэг, үнэт зүйлс, улмаар Азийн уламжлалт соёлд тулгуурласан нийгэм, хүмүүнлэг, сайн дурын ажлын туршлагаас тусгах, практик үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч Азийн бүс нутгийн үндэсний соёл, уламжлал, Буддын шашнаас улбаатай соёл, мэдлэг ухаан, үнэт зүйлс болон хүмүүнлэгийн үйл ажиллагааны тухай ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэх, харилцан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүй болон практик туршлагаа тус олон улсын хурлаар солилцов.
Хурлын ач холбогдол нь буддын соёлд суурилсан нийгмийн ажил болон нийгмийн ажлын сургалтын хөтөлбөр, практик үйл ажиллагааг үндэсний соёл, орон нутгийн онцлогт нийцүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ, сургалт, практик үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон үндэсний судлаачид, нийгмийн ажилтнууд, Буддын шашны сүм хийд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, цаашдын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх явдал байсан юм.
МУИС-ШУС, ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛЫН ТЭНХИМ
СОЦИОЛОГИ, НИЙГМИЙН АЖЛЫН ТЭНХИМ